Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 119

 

 Ч.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, С.Давааравдан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар магадлалтай Ч.Б-т холбогдох эрүүгийн 1939008100147 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, малчин, Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуулсан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан М овогт Ч-ийн Б

Ч.Б нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” бүжгийн газарт Д.Д-ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Д нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж 52 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтын “...5 жил 6 сар...” гэснийг  “... 4 жил 6 сар...” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Мөрдөгч тухайн гэмт хэрэгт холбогдуулан Ч.Б-ийг шалгаж байсан, мөн хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Б-ийг яллагдагчаар татаж болзошгүй байхад түүнийг гэрчээр байцаахдаа түүнд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг танилцуулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах хуулийн заалтыг тайлбарлаж мэдүүлэг авсан нь “Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг ноцтойгоор зөрчсөн байна. Ийнхүү мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж авсан мэдүүлгийг прокурор нотлох баримтаар үнэлж яллах дүгнэлтэндээ яллах нотлох баримтаар оруулсан, анхан шатны шүүх “Эрүү шүүлт тулгаж болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан шүүгдэгч Ч.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар хасуулах хүсэлт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Миний үйлчлүүлэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр болон амаар илэрхийлсэн тул шүүх Ч.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлах хууль зүйн талаас бүрэн боломжтой байхад тус хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” бүжгийн газарт Д.Д-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон тус үйлдэлд нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хэлэлцээд Ч.Б-т оногдуулсан хорих ялаас 1 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч нарын зүгээс Ч.Б-т хорихоос өөр төрлийн ял буюу торгуулийн ял оногдуулах, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э-ын зүгээс “Ч.Б нь гэм буруугаа хүлээж, уучлалт хүсэж бидний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд мөн давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцохдоо “Бидний зүгээс анхнаасаа Ч.Б-т хорих ял оногдуулж шоронд явуулъя гэсэн бодол байгаагүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар, мэдүүлэг өгсөөр байхад мөн хүлээж аваагүй. Улсын яллагчийн зүгээс ч анхан шатны шүүхэд Ч.Б-т 2 жил 4 сарын хорих ял оногдуулах саналыг гаргасан боловч хүлээж аваагүй, Ч.Б-ийн хувьд давж заалдах шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э-ын “Ч.Б-ийг шоронд явуулах бодол санаа байгаагүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү, торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн чин сэтгэлийн хүсэлт, Ч.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, Ч.Б-ийн эхнэр Д.Ш нь жирэмсэн бөгөөд эрүүл мэндийн байдал тааруу эмчийн хяналтанд байдаг, түүний асрамжинд бага насны хүүхдүүд байдаг зэрэг ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял буюу 10,000,000 торгуулийн ял оногдуулж өгөөч, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Д.Г, Л.Ө нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад, Д.Г-ийн мэдүүлгийг үгүйсгэж, Л.Ө-ын мэдүүлгийг үндэслэл бүхий байна гэж үзсэн нь буруу. Яагаад гэвэл гэрч Д.Г нь хохирогчийг унахыг хажуунаас нь харж байсан. Гэрч Л.Ө нь талийгаачийн гэр бүлийн хүн байдаг. Энэ хоёр хүний мэдүүлгүүд дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Миний үйлчлүүлэгч давж заалдах шатны шүүх хурал дээр гэм буруугийн асуудлаа өөрөө хүлээсэн байдаг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн нь ямар шалтгаантай байсныг би мэдэхгүй байна. Хэнтий аймаг руу Ковидтой холбоотойгоор 11 сараас хойш яваагүй. Шүүгдэгч цагдан хориотой байгаа учраас утсаар ч ярьж чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэ зөрүүтэй мэдүүлгүүд дээр хийсэн дүгнэлтийг анхаарч үзнэ үү. Миний хувьд уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна. С.Нарангэрэл өмгөөлөгчийн байр суурийг үгүйсгэхгүй, түүний гаргасан гомдол дээр нэмж хэлэх саналгүй гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Б-ийн хувьд хохирогчийг нүүрэн тус газар нь цохиж хүнд гэмтэл учруулсан. Шүүгдэгчийн үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Д.Г-ийн мэдүүлэгт шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл Д.Г-ийн мэдүүлэг хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлж байгаа учраас дүгнэх боломжгүй. Шүүх хуралдааны явцад өгсөн Д.Г-ийн мэдүүлэг нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй талаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

2019 оны 12 дугаар сарын 14-ний оройн 22 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” бүжгийн газарт шүүгдэгч Ч.Б нь согтуугаар хохирогч Д.Д-ын нүүрэнд цохиж   унаган,  эрүүл   мэндэд   нь   хүнд   хохирол   санаатай  учруулсан   үйл   баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох   баримтанд   тулгуурлан   хоёр   шатны  шүүх эргэлзээгүй  хөдөлбөргүй тогтоож,   хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн уг хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх

эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгон харгалзан үзсэний үндсэн дээр хоёр шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл,   хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгчид оногдуулсан нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед мөрдөгч нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс   гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч  өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” болохыг тусгайлан тайлбарласан байвал зохино.

Гэтэл мөрдөгч нь тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Ч.Б-т  худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн   хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд яллах дүгнэлтэнд уг мэдүүлгийг тусгасан нь хууль зөрчсөн боловч хоёр шатны шүүх нь Ч.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг түүнийг гэм буруутайд   тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, уг мэдүүлгийн талаар хууль   зүйн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   16.11 дүгээр зүйлд зааснаар энэхүү мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх шаардлагагүй гэж үзэв.

Иймд “Ч.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах болон түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг   журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах” талаар гаргасан шүүгдэгчийн   өмгөөлөгчийн  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ