Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 0007

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Б.Болдбаатар

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1825007520495 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Сартуул овгийн Д.Б, Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 100 айлын 23-а тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 07 сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /регистрийн дугаар ФМ87121053/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бат-Ундрал” хүнсний дэлгүүрийн хажууд Б.Болдбаатарын нуруун тус газар шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Болдбаатарын ... “Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед танил ах Бямбацогт, Чөдөр нарын хамт Говил багийн Хонхор гэж газарт 0,75 граммын “ерөөл” нэртэй архи хувааж уусан. Тэгээд нөгөөдүүл гэрлүүгээ явсан ба би бас гэртээ харих санаатай Говил багийн эцэсрүү явж байсан юм. Говилын эцэс дээр байдаг гэртээ харих санаатай Говил багийн эцэс рүү явж байсан чинь Цэнхэр байрны гадаа миний зүс таньдаг Батдагва нэг залуугийн хамт архи уугаад сууж байсан. Тэгсэн чинь Батдагва араас нэг юм хэлээд орилоод байсан. Би эргэж хараад тоохгүй явсан. Тэгсэн Батдагва ууж байсан архины шилээ газар савж хагалаад миний араас гүйж ирээд миний нуруун тус газар зүссэн бөгөөд би куртикнээс нь татаад унагаах гэсэн боловч дийлээгүй” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 08-11-р хуудас/

 

2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 758 дугаартай дүгнэлийн ... “ Б.Болдбаатарын биед нуруунд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /х/х-ийн 18-р хуудас/

3. Гэрч Б.Баярсайханы ... “2018 оны 10 сарын 28-ны өдөр 17 цагийн үед манай дүү Банзайн Болдбаатар манай гэрт унтаж байгаад архи нь гайгүй болоод гэрээс гарсан. Тэгтэл нээх удаагүй 1 цаг орчимын дараа миний утас руу нэг дугаараас залгаад танай дүү Болдбаатар цус алдаад байна гэж хэлсэн. Би гэрээс гараад Говил багийн Бат-Ундрал дэлгүүрийн гадаа очсон. Тэгтэл дүү Болдбаатарын нуруунаас цус гарсан байсан. Тэгээд яасан талаар асуухад эхлээд хэлэхгүй байсан дараа нь Говил багийн 100 айл орчим байдаг Даагий гэх залуу шилээр зүссэн гэж хэлсэн тийм учраас цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 13-р хуудас/

 

4. Гэрч У.Анхбаярын ... “Би нилээн согтуу байсан. Тэгсэн Батдагва чамд яахаараа архи өгдөг юм бэ гээд орилоод чанга яриад байсан бөгөөд нөгөө эрэгтэй хүн цаашаагаа яваад өгсөн. Тэгсэн Батдагва ууж байсан архины шилийг савж хагалаад нөгөө эрэгтэй хүний хойноос явсан бөгөөд би шууд босоод яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. / х/х-ийн 16-р хуудас /

 

5. Яллагдагч Д.Батдагвын ...“Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говил багт явж байхад манай найз Анхбаяр тааралдаад надад дэлгүүрээс 1 шил 0,75 граммын “Сүлд” нэртэй архи авч өгөөд хоёулаа ууя өөр хүний хэрэг байхгүй гэж хэлээд дэлгүүрийн ойролцоо архи уусан. Ингээд архиа уугаад сууж байсан чинь нэг танихгүй хүн ирээд наад архинаасаа хийгээд өгчих хар ус харамлахгүй юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би битгий солиор чамд яахаараа архи хийж өгдөг юм гэж хэлсэн. Тэгсэн нөгөө согтуу эрэгтэй хүн шууд миний баруун талын эрүүн тус газар цохиод авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд ууж байсан архины шилээ газар саваж хагалаад нөгөө эрэгтэй хүний нуруун тус газар нэг удаа зүссэн. Тэгсэн нөгөө Болдбаатар гэх хүн намайг барьж аваад унагаах гээд байсан бөгөөд намайг унагааж чадаагүй цаашаа яваад өгсөн. Би нэлээн согтуу явсан. Зохих  хохирлыг барагдуулна гэж бодож байна” гэсэн мэдүүлэг / х/х-ийн 39-40-р хуудас /болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Би тэр өдөр согтуу байсан. Согтуу байсан учраас энэ хүнийг архины шилээр цохисон байсан. Би энэ үйлдэлдээ харамсаж байна. Би өөрийн хийсэн үйлдлээ мэдэхгүй нэлээн их согтуу байсан. Нэг ухаан ороход эрүүлжүүлэх байранд хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаараа цагдаагаас асуухад чамайг байцаагч чинь ирж авна гэсэн. Тэгээд намайг байцаагч ирж аваад хүн архины шилээр цохисон гээд болсон асуудлыг хэлсэн. Тэгээд би бас найз Анхбаяраас асуухад намайг тэр хүний араас архины шилээр цохисон би тэгээд яваад өгсөн гэж хэлсэн. Би өөрийн энэ хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Миний буруу, энэ хүнээс уучлалт гуйж байна. Хохирлоо би барагдуулна. Гэхдээ бөөнд нь барагдуулж чадахгүй гэдгээ хэлсэн. Учир нь би ээжийн хамт хоёулаа амьдардаг. Би өөрөө группт байдаг 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай. Ухаан алдаж унадаг бие муу. Би сар сардаа группын мөнгөөрөө хохирлоо бага багаар төлмөөр байна” гэв. 

 

Шүүх хуралдаанд хохирогч Б.Болдбаатар мэдүүлэхдээ “2018 оны 10 дугаар сарын 28-нд цэргийн ангид ажилладаг нэг ахтайгаа архи уугаад гэрлүүгээ явж байгаад ийм зүйл болсон. Намайг 10 хоног эмнэлэгт хэвтэж байхад уучлалт гуйж ирээгүй. Би хөгшинийхөө тэтгэврээр эмчилгээний төлбөрөө төлсөн байгаа. Гэсэн хэдий ч би гомдол саналгүй гэж хэлсэн” гэв.

 

Улсын яллагч Б.Бүжинлхам дүгнэлтдээ “Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Болдбаатарын нуруун тус газар шилээр зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болоод шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд Д.Баг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох санал гаргаж байна. Шүүгдэгч Д.Бд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирлыг шүүгдэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Болдбаатарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 31-ны өдрийн 758 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бат-Ундрал” хүнсний дэлгүүрийн хажууд Б.Болдбаатарын нуруун тус газар шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж, учруулсан хохирол шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Болдбаатар нь эмчилгээний зардал 600 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчээс 600 000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овгийн Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батдагвыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бас 600000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Болбаатар /Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн Чулуутын 34 тоотод оршин суух, РД:РЮ76042054, утас 99369115/-д олгосугай

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6 .Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС