Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01484

 

 

 

 

 2023 07 28 210/МА2023/01484

 

Л.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/01521 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан арзайсан гудамж, 16 байрны 1 тоот хаягт байрлах, 165 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-н өдрийн 13/34 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/22 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4-137/306 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Иргэн Лувсангийн ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа 21290248 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч бөгөөд уг ажиллагаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1045 тоот магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00661 дугаар тогтоолоор Ц.Сайханбаяр бид хоёроос 299,503,607.31 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан Улаанбаатар хотын банк /одоо Худалдаа Хөгжлийн Банктай нэгдсэн/-д олгосон байдаг.

1.2. Албадан гүйцэтгэх ажиллагаанд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, арзайсан гудамж, 16 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 165 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/34 тоот Албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/08 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг тус тус гаргасан болно.

1.3. Дээрх тогтоолуудыг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн төдийгүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж 212,725,000 төгрөгөөр борлуулсан байсан.

1.4. Би энэхүү хууль зөрчсөн ажиллагааг эс зөвшөөрч тус газарт ажиллагааны талаар гомдлыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан боловч өнөөдрийг хүртэл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа албан ёсоор ямар нэгэн хариу гаргаж өгөөгүй юм. Хариу өгөх хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасны дагуу шууд шүүхэд хандаж байгаа болно.

1.5. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоо нь Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-доо төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрээс өөрөөр тогтоож, гаргуулах төлбөрийн хэмжээ нь 301,229,275.31 төгрөг гэж 700,000 төгрөгийн төлбөрийг нэмэгдүүлэн тогтоож, өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн байна. Мөн тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

1.6. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хувьд төлбөр төлөгч биш Санби ХХК, Санби констракшн ХХК гэх хуулийн этгээдүүдийг төлбөр төлөгчөөр тогтоож, хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж гаргасан. 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоо энэхүү хураан авах тогтоолынхоо үндэслэл болгосон. Мөн уг тогтоолд Хураасан эд хөрөнгийг М.Одончимэг /төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, гэрээ байгуулсан бусад этгээд/-ийн хадгалалт, хамгаалалтанд үлдээж өгч" хэмээн тусгасан нь үндэслэлгүй юм.

Учир нь төлбөр төлөгч Л.*******, Ц.Сайханбаяр нар тогтоолд заагдсан М.Одончимэг гэх хүнтэй гэр бүлийн гишүүн байх нь байтугай түүний огт танихгүй төдийгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түүний хадгалалт, хамгаалалтад өгөх талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулсан эсэх баримт байхгүй байдаг.

Нөгөө талаас М.Одончимэг нь хэний, ямар зөвшөөрөл, бичиг баримтын үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшин, амьдарч байгаа эсэх, тухайн иргэний бүртгэлийн мэдээлэл зэргийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, энэ талаарх мэдээлэл болон шаардлагатай баримтуудыг тогтоолд огт тусгаагүй зэрэг нь уг тогтоолоос бүрэн харагддаг. Өөрөөр хэлбэл 21290249/01 тоот тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн тогтоол болно.

1.7. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/34 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хувьд 13/37 тоот тогтоолд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилон үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар санал гаргасан байх тул гэж анхны албадан дуудлага худалдаа явуулах үндэслэлээ тогтоосон байдаг.

Энэ нь хууль зөрчиж хийгдсэн тогтоол болон ажиллагаа болох нь Эд хөрөнгө битүүмжлэх болон хураан авахтай холбоотой хууль бус тогтоолд үндэслэгдснээр тодорхойлогдож байгаа юм.

Мөн уг тогтоолын тогтоох хэсгийн 2-д тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч нарт хүргүүлэхийг 137 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Золбоод даалгасугай" гэсээр байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоо нь уг ажиллагааг огт хийгээгүй буюу Л.*******, Ц.Сайханбаяр бидэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй буюу хуульд заасан журмыг баримталж ажиллаагүй болно.

1.8. Дээрх үндэслэлүүдээс гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 21290248/01,21290248/03, 13/34 тоот тогтоолууд нь бүгд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан шаардлагууд буюу тогтоолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн дугаар бичигдээгүй, тогтоол гаргах асуудлын агуулгыг зөв тогтоогоогүй, тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тодорхойлоогүй зэрэг нийтлэг шаардлагуудыг бүрэн хангаагүй гэх хангалттай үндэслэл байгаа болно.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/34 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

1.9. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/102 тоот тогтоолоор Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон юм байна.

1.10. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүрэлцэн очиж, шийдвэр гүйцэтгэлийн материалаас Баримт хуулбарлан авахыг хүсэх тухай бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоод өгсөн. Уг хүсэлтийнхээ дагуу баримтуудын хуулбарыг авахаар биечлэн очих утсаар холбогдох зэргээр удаа дараа шаардсаар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баримтуудаа авсан. Энэ үед шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоо нь надад Л.*******, Ц.Сайханбаяр нарт өгөх мэдэгдлийг гардуулан өгнө гэхээр нь Л.*******гийн өмнөөс ямар нэгэн бичиг баримт, мэдэгдэл хүлээн авах эрхийг итгэмжлэлээр олгоогүй бөгөөд Ц.Сайханбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч биш гэдгээ хэлж байсан болно.

1.11. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Гантуяа нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар улсын бүртгэлийн Ү-2206042089 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг гаргасан байна.

Харин 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгөхөөр тус газарт хүрэлцэн очиход 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4-137/306 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн юм.

Иймд үндсэн нэхэмжлэлд заагдсан үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/22 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4-137/306 тоот Мэдэгдэл-ийг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 674 дугаар шийдвэрээр Л.*******, Ц.Сайханбаяр нараас 299,503,607 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

2.2. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 21290248 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Л.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 165 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 дугаар тогтоолоор хураасан.

2.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/336 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 417,450,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4-137/23423 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн.

2.4. Төлбөр төлөгчид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-137/24346 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/34 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад худалдан борлогдоогүй.

2.5. Төлбөр төлөгч Л.******* нь шинжээчийн тогтоосон үнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/01803 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1577 дүгээр магадлалаар тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

2.6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 1/22 дугаар тогтоолыг 2023 оны 01 дүгээр 05-ны өдрийн 4-137/306, 4-137/307 тоот албан бичгүүдээр мэдэгдэл гардуулан өгсөн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/Ш32023/01445 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол, албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан арзайсан гудамж, 16-р байрны 1 тоот хаягт байрлах, 165 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 21290248/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-н өдрийн 13/34 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/22 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4-137/306 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.*******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/01521 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 5-д: Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33.2 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүй, 56 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн тогтоолыг гаргасан гэх боловч энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Л.******* нь нэхэмжлэлээ гаргахдаа хүчингүй болгуулахаар хүссэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 674 дугаартай шийдвэрийг ч нотлох баримтаар өгсөн, өөр ямар баримтаар нотлох шаардлагатайг ойлгохгүй байна.

4.3. Уг 21290248/01 тоот тогтоолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 674 дугаартай шийдвэрээр төлбөр төлөгч Л.*******, Ц.Сайханбаяр, Санби КонстракшнХХК, СанбиХХК-аас 301,929,275 төгрөг гаргуулан төлбөр авагч Улаанбаатар хотын банкинд олгохоор заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу доорх жагсаалтад дурдсан 1 нэр төрлийн эд хөрөнгийг битүүмжилж захиран зарцуулах эрх болон нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглов" гэсэн байсан.

Гэтэл Санби ХХК, Санби КонстракшнХХК гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар ч хамааралгүй хоёр хуулийн этгээдийг төлбөр төлөгчөөр тогтоож, гаргуулах төлбөрийн хэмжээ нь 301,229,275.31 төгрөг байхад уг тогтоолдоо бараг 700,000 төгрөгийн төлбөрийг нэмэгдүүлэн тогтоож, өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн байгааг тайлбарласаар байхад шүүх анхаарч үзээгүй.

4.4. Нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаараа хүчингүй болгуулахаар хүссэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас үйлдэхдээ төлбөр төлөгч биш Санби ХХК. Санби констракшн ХХК-ийг төлбөр төлөгчөөр тогтоосон төдийгүй хуульд заасан шаардлагыг хангаагүй 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоо хураан авах тогтоолынхоо үндэслэл болгосон байсан.

Мөн уг тогтоолд Хураасан эд хөрөнгийг М.Одончимэг /төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, гэрээ байгуулсан бусад этгээд/-ны хадгалалт, хамгаалалтанд үлдээж өгч" хэмээн тусгасан нь үндэслэлгүй юм.

Нөгөө талаас М.Одончимэг нь хэний, ямар зөвшөөрөл, бичиг баримтын үндсэн дээр тухайн ул хөдлөх эд хөрөнгийг эзэмшин, амьдарч байгаа эсэх, тухайн иргэний бүртгэлийн мэдээлэл зэргийг тогтоох ажиллагаа хийгдээгүй энэ талаарх мэдээлэл болон шаардлагатай баримтуудыг тогтоолд огт тусгаагүй зэрэгт шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4.5. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/34 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол нь мөн л хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан баримт.

13/37 тоот тогтоолд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэлтэй .... үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилон үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар санал гаргасан байх тул гэж анхны албадан дуудлага худалдаа явуулах үндэслэлээ тогтоосон байдаг. Энэ нь хууль бус тогтоолд үндэслэгдсэн.

Уг тогтоолыг Л.*******, Ц.Сайханбаяр бидэнд мэдэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй буюу хуульд заасан журмыг баримталж ажиллаагүй байхад шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 49.1 дэх хэсэг, 54.1 дэх хэсэг, 63.1 дэх хэсэгт заасныг үндэслэснийг ойлгохгүй байна.

Мөн шүүх хариуцагч байгууллагаас дээрх мэдэгдлүүдийг эдгээр хүмүүст хүргүүлсэн эсэх, хэзээ хэрхэн яаж хүргүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4.6. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Гантуяа нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар улсын бүртгэлийн Ү-2206042089 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг гаргасныг нотлох баримтаар хавтаст хэрэг гарган өгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

4.7. Л.*******гийн гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа-г түдгэлзүүлэх хүсэлтээ 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгөхөөр тус газарт өөрийн биеэр хүрэлцэн очсон. Энэ үед нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4-137/306 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн юм.

4.8. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 21290248/01, 21290248/03, 13/34 тоот тогтоолууд нь бүгд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан шаардлагууд буюу тогтоолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн дугаар бичигдээгүй, тогтоол гаргах асуудлын агуулгыг зөв тогтоогоогүй, тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тодорхойлоогүй зэрэг нийтлэг шаардлагуудыг бүрэн хангаагүй гэх хангалттай үндэслэл байгаад шүүх үнэлэлт дүгнэлт огт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.17-ны өдрийн 182/ШШ2023/01521 тоот шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Л.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан арзайсан гудамж, 16 байрны 1 тоот хаягт байрлах, 165 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/34 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/22 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4-137/306 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргажээ.

3. Төлбөр төлөгч Л.*******, Ц.Сайханбаяр нараас 299,503,607.31 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,725,668 төгрөгийг тус тус гаргуулж Улаанбаатар хотын банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Л.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 16 дугаар байрны 1 тоотын 165 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШЗ2019/00674 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00661 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ. / 1хх-ийн 88, 36-37 дугаар тал/

5. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/336 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 16 дугаар байрны 1 тоотын 165 м.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 417,450,000 төгрөг гэж тогтоожээ. /1хх-ийн 127, 130 дугаар тал/

5.1. Төлбөр төлөгч Л.******* нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас гаргасан дээрх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/01803 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2022/01577 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-9-17 дугаар тал/

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлсэн зэрэг ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй.

6. Нэхэмжлэгч Л.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгүүдэд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүй, 56 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн тогтоолыг гаргасан гэх боловч нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор гомдол гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан хоорондоо уялдаа бүхий ажиллагаа бөгөөд хуульд заасан ажиллагаа тус бүр нь хуульд нийцсэн байх эсэхийг хянах, уг ажиллагаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тухай бүрд нь хянах, гаргасан алдааг залруулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр ажиллагааны үе шат, тодорхой ажиллагаанд гомдол гаргах хугацааг тогтоож, уг хугацаанд гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй болохыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Гэтэл, нэхэмжлэгч нь үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байсан атлаа хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

7. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4-137/306 дугаартай мэдэгдлээр Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 1/22 тоот тогтоолыг төлбөр төлөгч Л.*******, Ц.Сайханбаяр нарт хүргүүлсэн нь хуульд заасантай нийцсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь үнэлгээ тогтоох ажиллагаанд гомдол гаргасан атлаа дахин албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаанд гомдол гаргаж байгаа нь үндэслэл муутай байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.******* нь эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураан авах тогтоол, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаагүй, шүүхэд урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн үзэл баримтлал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өөрөө ажиллагаагаа хянах, шуурхай байх зорилгоор хуульд урьдчилан шийдвэрлэх тусгай журыг хуульчилсан бөгөөд хуульд шууд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр зааснаас бусад ажиллагаанд гаргасан гомдлыг заавал урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлах хуулийн зохицуулалттай.

9. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33.2 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүй, 56 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

Л.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33.2 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүй, 56 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/01521 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР