| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0002/э |
| Дугаар | 0003 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 1825008070525 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Монгол овогт Б.З, Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагт мэргэжилтэй, Орхон аймаг дахь “Хөрөнгийн бэл” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.З нь хэрэг бүртгэлтийн 182500647 дугаартай хэрэгт 2018 оны 09 сарын 20-ны өдөр, 2018 оны 10 сарын 04-ний өдөр тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг сануулан үнэн зөв мэдүүлэг өгхөө баталгаа гаргасны дараа Д.Магсар 12 000 000 төгрөг хулгайлсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг бүртгэлтийн 182500647 дугаартай хэрэгт Б.З нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг сануулан үнэн зөв мэдүүлэгө өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг. /хх-ийн 5-9-р хуудас/
2. Гэрч Б.З, Д.Магсар нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн гэрч Б.З ... “Миний мөнгө алга болсон. Тэгэхдээ миний мөнгийг Магсар аваагүй. Тухайн өдөр миний мөнгө алга болоогүй юм. Тэр өдөр надад мөнгө байхгүй байсан. Би дээр мөнгө алга болсон гэж худлаа ярьсан юм. Би Магсарыг Улаанбаатар хот руу явчихаар нь өөрөө хэрэглэсэн байсан /12000000 төгрөг / мөнгөө алга болсон байна гэж худлаа яриад гэрээс мөнгө алга болсон гээд цагдаад өргөдөл өгсөн юм. Би түүнтэй 1 сар гаран хугацаанд хамт амьдарсан юм. Тэгээд түүнд их дассан байсан юм. Би түүнд зориулж гэр хороололд хашаа байшин хүртэл авсан байсан учир түүнийг явсны дараа гомдоод түүнийг авчрах гээд яах аргаа ололгүй түүнийг хүрээд ирэх байх гэж бодоод өргөдөл өгсөн юм. Магсарыг Орхон аймагт ирүүлж байвал бусад асуудал нь яахав гэж бодсон юм. Жаргалант суманд бариулж байгаа халуун усны газартаа зарцуулсан юм. Энэ 12000000 төгрөгийг 12 саяар нь зарцуулсан тайлан байхгүй. Санхүүжилт авсан 30 гаран сая төгрөг аваад бүгдийг барилгад зориулсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-12-р хуудас/
3. Эрүүгийн 182500647 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 5/218 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 13-р хуудас/
4. Шүүгдэгч Б.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол гэдэг хэсгийг уншиж танилцсан. Би Магсарыг алга болоод 2 хонож байсан болохоор түргэн олуулахын тулд хүлээх хариуцлагыг мэдсээр байж худал мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг хх-ийн 21-23-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлох баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх саналтай байна.” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Б.Зын мэдүүлэг, гэрч Б.З, Д.Магсар нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.З нь хэрэг бүртгэлтийн 182500647 дугаартай хэрэгт 2018 оны 09 сарын 20-ны өдөр, 2018 оны 10 сарын 04-ний өдөр тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг сануулан үнэн зөв мэдүүлэг өгхөө баталгаа гаргасны дараа Д.Магсар нь 12000000 төгрөг хулгайлсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Зыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овгийн Б.Збусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд хорих ял оноглуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС