Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2016/00211

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Арцат 15-10 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Боржигон овгийн Аюурзаны Дагиймаа /РД: ЙР61063000/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Дагиймаа, нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Дагиймаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “...А.Дагиймаа миний бие 1980 оноос 1981 онд Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдлийн тэжээлийн цехэд тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрийн зөрчилтэй шалтгаанаар ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1980 оны 07 дугаар сараас 1981 оны 09 дүгээр сарыг дуустал Хашаат суманд ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Дагиймаа нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч А.Дагиймаа нь 1980 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 30-ныг дуусталх хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдлийн тэжээлийн цехэд тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/46 тоот Архивын лавлагаа, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                          

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Аюурзаны Дагиймааг 1980 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 30-ныг дуусталх хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдлийн тэжээлийн цехэд тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

                       

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН