Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 0008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогчийн төлөөлөгч Ц.Булгаа

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бөд холбогдох эрүүгийн 1725004570168 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Цэцэн сартуул овгийн А.Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, /регистерийн дугаар

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 14а-01 тоот хашаанд 80 настай талийгаач З.Цэрэв хаалгаа дотор талаас нь татсан байх үед гадна талаас нь хүчтэй татаж унаган амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х/х-н 5-10-р хуудас/

 

2. Хохирогч Ц.Оюунбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Манай нийтийн байранд Гончигмаа гэх залуу нэг залуутай хамт хоёулаа байр хөлсөлөөд сууж байсан. 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай гадаа хашааны хаалга өшиглөөд хүмүүс хоорондоо чанга, чанга яриад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гадаа хашааны хаалгыг цоожлоход хашааны гадаа байсан гурван залуу намайг чи муу хаалга түгждэг хэн бэ? гээд хараасан. Тэгээд 5-10 минутын дараа хашаа даваад орж ирээд чанга, чанга яриад ээжийн байсан нийтийн байр руу орсон. Тэгэхээр нь би араас нь ороод Гончигмааг ахын дүү архи дарс уухаа боль хүмүүс амарч байна гэж хэлэхэд Гончигмаатай хамт явсан ажлын фосфортдог куртиктэй залуу мөнгийг чинь өгч байгаа юм чинь энэ дотор чинь яасан ч яадгийн гэж хэлээд намайг боосон. Тэгэхэд хамт явсан урт хар куртиктэй Батмөнх гэх залуу надруу салаавч гаргаад хоёулаа намайг зодох гээд дайрсан. Тэгэхэд ээж сэрээд өрөөнөөсөө гарч ирээд юу болсон талаар асуугаад намайг өмөөрөөд та нар боль гэж хэлж байсан. Тэгээд би өрөөнөөс гараад нийтийн байрны гадаа гарсан. Тэгэхэд ажлын хувцастай залуу Батмөнх 2 гарч ирээд намайг ажлын куртиктэй нь камергүй газар чирч аваачаад боогоод доош дарахад Батмөнх намайг нүүр рүү өшиглөж цохьсон. Тэгэхэд ээж, эгч 2 гэрээс гарч ирээд намайг өмөөрөөд хүүхэд яагаад зодоод байгаа юм бэ? гэж хэлээд голоор орж салгасан. Тэгээд би гарыг нь тавиулаад хашаан дотор 20-30 минут Батмөнхөөс зугтааж байхад ээж намайг өмөөрөөд Батмөнхтэй зууралдаж явж байгаад өөрийнхээ хашаа руу ороход ээж араас орж ирээд хаалганы бариулаас бариад гэрлүү оруулахгүй гээд бариулнаас нь барьж байхад Батмөнх гадна талаас нь 2-3 удаа хаалга татахад ээж дотор талаас нь татагдаад гадаа байсан довжоон дээр унасан. Тэгээд би гарч ирээд ээжийг алчихлаа гэж орилоход тэд нар хашааны хаалгаар гараад зугтаасан. Манай ээж ямар нэгэн хууч өвчин байгаагүй, астамтай байсан, ээжийн зүрх өвддөггүй, ээж их хөдөлгөөнтэй их хөнгөн хүн байсан” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 19-20-р хуудас/

 

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...00:44:28 секунтэд цагаан өнгийн пүүзтэй, саарал өнгийн ноосон цамцтай залуу гүйж байгаа нь камерын дүрсэнд бичигдээд 00:44:43 секунтэд буцаж гарч ирээд хоёр гартаа юм барьсан байдалтай буцаж гүйгээд байшингийн хаалгаар оров, араас нь нэг хүн оров, 00:45:48 секунтэд байшингийн хаалганы хажууд цагаан өнгийн поспортдог хувцастай 2 хүн харагдаж байх ба 00:46:39 секунтэд уг хаалгыг нэг хүн татаж  байгаад 00:46:47 секунтэд хаалганы дотор талаас нэг хүн гишгүүр дээр унаж байх ба хаалганы дотор талаас нэг хүн гарч ирээд газар унасан хүнийг татаж байх ба хажууд нь поспортдог тууз харагдаж байна. Тэгээд буцаж гэрлүүгээ ороод гэр дотор хар хувцастай нэг хүн байх ба тэр 2 хүн газар унасан хүнийг гэрлүүгээ оруулах гэж өргөж байна” гэсэн тэмдэглэл /1-р х/х-ийн 13-17-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийн “талийгаачид гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид судасны хатуурал, зүрхний булчингуудын зузаарал, бөөрний тэвшинцэр ба гадна хальсанд уйланхай зэрэг архаг өвчин тогтоогдлоо. Архаг өвчин нь үхлийн шалтгаан болжээ. Талийгаач нь O /I/ цустай байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гол судасны зүрхний зүүн ховдлоос дээш гарах хэсгийн урагдал, зүрх чихэлдэлт, үнхэлцэгийн хөндий дэх сул цус болно. Талийгаачийн цогцосноос авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй” / 1 х/х-н 75-р хуудас/  

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 201 дугаартай дүгнэлтийн ... “Хэргийн  материалд авагдсан цогцосны гадна биеийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүдийн зураг №5 баруун гарын сарвууны ар талд жижиг цус хуралт, зулгаралт, зураг №7 баруун өвдөгний ар хэсэг буюу баруун хөлийн тахиманд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байх бөгөөд тухайн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй бөгөөд талийгаач нь гол судасны зүрхний зүүн ховдлоос дээш гарах хэсэг урагдан үнхэлцгийн хөндийд цочмог цус алдаж зүрх чихэлдсэний улмаас зүрх, судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нь судас хатуурах өвчин, зүрхний булчингуудын зузаарал, томрол, судасны хатуурал, /атероматозын үе/ бөөрний тэвшинцэр ба гадна хальсанд уйланхай, гуурсан хоолойн архаг үрэвсэл зэрэг архаг өвчтэй байна. Талийгаачийн судас хатуурах өвчин, зүрхний булчингийн зузаарал, томрол өвчин нь үхэлд нөлөөлжээ. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны задлан шинжилгээний 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон “гол судасны зүрхний зүүн ховдлоос дээш гарах хэсгийн урагдал, зүрх чихэлдэлт, үнхэлцэгийн хөндий дэх сул цус нь доргих, унах, гэнэт цочролд орох гэх мэт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. /1 х/х-ийн 85-87-р хуудас/

 

6. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын ... “доргих, унах, гэнэт цочролд орох  гэх мэт гадны хүчин зүйлийн улмаас гол судасны зүрхний зүүн ховдлоос дээш гарах урагдал ,зүрх чихэлдэлт, үнхэлцэгийн хөндий дэх сул цус гэмтэл өөрчлөлт илэрч нас барах боломжтой, дээрх талийгаачийн тохиолдол мөн адил гэж ойлгож болно” гэсэн мэдүүлэг. / 1 х/х-ийн 42-43-р хуудас/

7. Гэрч Ц.Баярмаагийн ... “Би дүү Оюунбаярын хамт байшинд нь унтаж байхад манай дүү бие засах гэж гарчихаад орж ирээд хувцасаа өмсөөд гараад явсан. Би нэлээн удаж байгаад араас нь гараад нийтийн байранд яваад орсон чинь манай дүү нөгөө залуучуудтай маргалдаад зогсож байсан. Би Оюунбаяраас асуусан чинь эд нар хаалга цохиод байна гэж хэлж байсан. Тэгсэн манай ээж өөрийнхөө өрөөнөөс гарч ирсэн. Манай дүү нөгөө залуучуудтай маргалдаад танихгүй хоёр залуу манай дүү рүү дайраад манай ээж дундуур нь орж салгаад би нөгөө залуучуудыг бас салгаад тэгж байгаад хашааны жижиг хаалгаар гаргаад манай дүү унтаж байсан байшиндаа явж ороод араас нь ээж яваад орсон. Би хаалгаар гаргаад хаалга цоожилсон чинь малгайтай урт куртиктэй залуу нь хаалганы цоож эвдээд ороод ирэхээр нь та нар гараач гэсэн чинь яадаг юм танай дүүг зодно гээд намайг түлхээд газар унагаагаад байшингийн хаалга малгайтай, урт куртиктэй залуу нь татсан чинь манай ээж хаалгатай хамт татагдаад довжоон дээр унаад ухаан алдсан. Нөгөө залуу манай дүүг зодох гэж байшинд орж ирэхэд манай дүү ээжийг алчихлаа гээд орилсон чинь нөгөө залуучууд бүгд гараад зугтаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р х/х-ийн 22-23-р хуудас/

 

8. Гэрч Б.Хишигхүүгийн ... “Батмөнх, Цогоо хоёртой уулзахад архи уучихсан байсан. Тэгээд бид нар хамт пиво уусан болохоор Батмөнх, Цогоо 2 согтсон. Талийгаачийн гэрийнх нь хаалгыг  Батмөнх, Жижигээг цагдаа дуудлаа гээд араас нь очоод татсан. Талийгаач ямархуу байдалтай унасныг сайн хараагүй. Батмөнх талийгаачийн гэрийн хаалгыг гараараа гаднаас нь татаж байсан хүчтэй татсан эсэхийг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг. / 1-р х/х-ийн 26-28-р хуудас/

 

9. Гэрч Ц.Гончигмаагийн ... “Шөнө 00 цаг өнгөрч байхад хаалга тогшихоор нь онгойлгоход Хишигхүү, Цогоо, Батмөнх нар архи уучихсан орж ирсэн. Цогоотой юм яриад бууж байхад гаднаас байрны эзэн Жижигээ гэдэг залуу орж ирээд хүн амьтан амарч байна та нар яасан дуу чимээтэй юм бэ? гэхээр нь удахгүй амарлаа энэ хэд одоо явлаа гэж хэлэхэд Цогоо чи битгий томор тэгээд яах юм гэхэд Батмөнх хажуу талаас нь чи ямар том юм бэ? хоёулаа зодолдох уу? гээд маргалдаад манай өрөөнөөс гараад коридорт нэг нэгнийгээ цохиод авах шиг болсон. Би араас нь хувцасаа өмсөөд гарахад талийгаач эмээ гараад ирчихсэн хүүхдүүдээ больцгоо юу болоод байгаа юм бэ? гээд салгаж байсан. Жижигээ, Батмөнх нар маргалдаж байсан. Жижигээ өөрөө Батмөнхийг одоо болъё би та нарыг цагдаа дуудаж өгнө гэж хэлэхэд Баярмаа цагдаад дуудлага өгч байсан. Батмөнхийг болъё гэж хэлээд хувцаснаас нь татахад над руу Батмөнх дайраад хувцаснаас зуурахад Цогоо салгасан. Баярмаа эгчийг цагдаад дуудлага өгсөний дараа би ер нь явлаа наад Батмөнх чинь ерөөсөө болохгүй байна над руу дайраад байна гэж хэлээд хашаанаас гараад ажил дээрээ ирж хоносон” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 29-31-р хуудас/

 

10. Гэрч Б.Цогоогийн ... “Батмөнх нөгөө залуутай маргалдаад байсан ба нөгөө залуу цагдаад дуудлага өгсөн. Батмөнх нөгөө залуутай маргалдаж байгаад нөгөө залуу Батмөнхийг гараараа нүүрэн дундуур нь 2 цохиод нийтийн байрны хажуу талын зөөврийн байшинд талийгаач эмээгийн хамт орсон. Батмөнх араас нь очоод хаалгыг нь гаднаас нь татахад онгойгоогүй, дахиад хүчтэй татахад хаалга онгойсон, яг тэр үед би эмээтэй хамт байсан эмэгтэйгээс уучлалт гуйгаад зогсож байсан. Хаалга онгойход нөгөө залуу чи миний ээжийг алчихлаа гэж хашгираад эмнэлэгт дуудлага өгөөрэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 32-34-р хуудас/

 

11. Гэрч Ц.Цэцэгмаагийн ... “Манай ээжийн зүрх өвддөггүй байсан, хааяа даралт нь ихэсч багасч байна гэдэг байсан. Мөн ямар нэгэн хууч өвчингүй, их хөнгөн гадаа суугаад нүүрс, модоо зардаг байсан. Сүүлийн 3 жил бие нь өвдөөгүй, эмчийн хяналтанд байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х/х-ийн 37-р хуудас/ А.Бийг  яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл, / 1 хх 95-97 хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 х/х-н 112 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн” гэв.

 

-Хохирогчийн төлөөлөгч Ц.Булгаа мэдүүлэхдээ “А.Б гэгч нь хүн амарч байх цагт хүний амгалан тайван байдлыг алдагдуулаад манай дүүг энэ залуус нийлж бүлэглэн зодсон. Гэртээ сайхан амарч байсан ээж маань сэрээд харь гэж хэлж байхад эсэргүүцэж уусан архиндаа аархаж ийм муухай зүйл хийсэнд нь маш их гомдолтой байна. Хохирол барагдуулсан гэж яриад байх юм. Хүний амь насны хохиролыг барагдуулж болдог юм уу? энэ 11.000.000 төгрөг чинь энэ хүний буруутай үйлдлээс болж гарсан хор уршгийн ажил явдалд зарцуулагдсан зардал юм. Тэр хаалгыг нэг татлаа, 2 татлаа хаячиж болоогүй юм уу? хаалганы бариулыг дахин татах нь санаатай үйлдэл гэж бодож байна. Хүнд ээж гэдэг хүн дахиад ирдэггүй. Надад маш их гомдолтой байна. Энэ үйлдэл бол буруутай үйлдэл. Анхан шатны шүүх тэнсэн ял өгсөн. Яахаараа буруутай үйлдлээс болж тэнсэн өгдөг юм. Улсын дээд шүүхээс ийм шийдвэр гарчихаад байна. Энэ хүн тэр өдөр ганцаараа ирээгүй. Яагаад зөвхөн энэ залууг буруутай гэж үзээд байгаа юм бэ? Энэ хүний ард 2-3 залуучууд хамт байгаа. Ганцаараа энэ хэргийг хийгээгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А.Бөд холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Яллагдагч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, 14А-01 тоотод Н.Цэрэвийн амьд насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байх тул шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохиролд 11.000.000 төгрөг төлөгдсөн, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуурцагийг хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө А.Бийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан нь хэргийн материалаар тогтоогдож байна. Прокурорын газраас яллах дүгнэлт ирүүлсэн, ял сонсгосон зүйл заалтаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогчийн төлөөлөгч маш их гомдолтой байгаагаа байнга илэрхийлдэг. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол маань нөхөн төлөгдөх сэргээгдэх боломжгүй болчихоод байгаа юм. Би хохирогчийн төлөөлөгчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Хохирогчийн төлөөлөгч энэ талаар санал хүсэлтээ хэлэх байх” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Хэргийн онол дээр хэлсэн. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа учраас саналгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг сонслоо. Зүйлчлэлийн хувьд, гэм буруугийн хувьд би маргахгүй байгаа. Энэ нь хууль тогтоогч болон Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдсон байдаг. Түүнээс биш хөнгөн үйл явдал болсон гэж байгаа зүйл биш. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд хууль тогтоогч ингэж оруулж өгсөн. Хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувиар оролцож байгаа учир шүүгдэгчийн хувийн байдлыг ярьмаар байна. Хохирогчид учирсан уй гашуй болон учирсан хохирол, одоо байгаа нөхцөл байдлыг нь би ойлгож байна. Энэ тал дээр маш харамсалтай зүйл болсон. Аль аль талдаа туйлын харамсалтай зүйл байна. Шүүгдэгч нь өөрөө анх мөрдөн байцаалтын шатанд хэлэхдээ хүртэл хүлээн зөвшөөрдөг байсан. Нэгэнтээ би шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа учир санал дүгнэлтээ заавал хэлнэ. Дараах байдлаар хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар анх удаа буюу тохиолдлыг шинжтэй хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Мөн үйлдсэн хэргээ анхны мэдүүлгээсээ эхлээд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Хүний амь насыг төлж, хор уршгийг барагдуулж болохгүй ч гэсэн хуульд заасны дагуу оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Хохирогчийн сэтгэл зүйг би ойлгож байгаа. Хэдийгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэдийгээр хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийг барагдуулсан хүнийг хорих ял оногдуулж болох тэнсэх, хуульд заасан хэмжээнээс доогуур ял оногдуулах ийм зүйл заалтууд байгаа. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс энэ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхгүйгээр харин энэ хүнд хууль тогтоогчийн зааж тусгасан ялын доод хэмжээг биечлэн эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл 1 жилийн хорих ялыг оногдуулж өгөх саналыг өмгөөлөгчийн хувьд гаргаж байна” гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Оюунбаярын .. “Батмөнхөөс зугтааж байхад ээж намайг өмөөрөөд Батмөнхтэй зууралдаж явж байгаад өөрийнхээ хашаа руу ороход ээж араас орж ирээд хаалганы бариулаас бариад гэрлүү оруулахгүй гээд бариулнаас нь барьж байхад Батмөнх гадна талаас нь 2-3 удаа хаалга татахад ээж дотор талаас нь татагдаад гадаа байсан довжоон дээр унасан. Тэгээд би гарч ирээд ээжийг алчихлаа гэж орилоход тэд нар хашааны хаалгаар гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Баярмаагийн ... “байшингийн хаалга малгайтай, урт куртиктэй залуу нь татсан чинь манай ээж хаалгатай хамт татагдаад довжоон дээр унаад ухаан алдсан. Нөгөө залуу манай дүүг зодох гэж байшинд орж ирэхэд манай дүү ээжийг алчихлаа гээд орилсон чинь нөгөө залуучууд бүгд гараад зугтаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Хишигхүүгийн ... “Батмөнх талийгаачийн гэрийн хаалгыг гараараа гаднаас нь татаж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Цогоогийн ... “Батмөнх араас нь очоод хаалгыг нь гаднаас нь татахад онгойгоогүй, дахиад хүчтэй татахад хаалга онгойсон, яг тэр үед би эмээтэй хамт байсан эмэгтэйгээс уучлалт гуйгаад зогсож байсан. Хаалга онгойход нөгөө залуу чи миний ээжийг алчихлаа гэж хашгираад эмнэлэгт дуудлага өгөөрэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн ... “хаалганы дотор талаас нэг хүн гишгүүр дээр унаж байх ба хаалганы дотор талаас нэг хүн гарч ирээд газар унасан хүнийг татаж байна. Хажууд нь фосфортдог тууз харагдаж байна. Тэгээд буцаж гэрлүүгээ ороод гэр дотор хар хувцастай нэг хүн байх ба тэр 2 хүн газар унасан хүнийг гэрлүүгээ оруулах гэж өргөж байна” гэсэн тэмдэглэл, талийгаач нь гол судасны зүрхний зүүн ховдлоос дээш гарах хэсгийн урагдан үнхэлцгийн хөндийд цочмог цус алдаж зүрх чихэлдсэний улмаас зүрх, судасны дутагдлаар нас барсан тухай Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны задлан шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт, амь хохирогч нь гол судасны зүрхний зүүн ховдлоос дээш гарах хэсгийн урагдал, зүрх чихэлдэлт, үнхэлцэгийн хөндий дэх сул цус нь доргих, унах, гэнэт цочролд орох гэх мэт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 14а-01 тоот хашаанд бусадтай маргалдан байшингийн хаалга татахдаа 80 настай З.Цэрэвийг татаж унаган амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч А.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                     Шүүгдэгч А.Бөд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хорын хохиролд 11 000 000 сая төгрөг сайн дураар төлсөн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

                     Шүүгдэгч А.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 148 хоног хорих ял эдэлж, цагдан хоригдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

                     Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

                     Хохирогч, түүний төлөөлөгч нар нь гэм хорын хохиролд 11 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн цагдан хоригдсон 148 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС