| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0010/э |
| Дугаар | 0012 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хохирогч Б.Дэлгэрцогт
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Сд холбогдох эрүүгийн 1825006060511 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шааваа овогт Н.С, Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт , урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.С нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт Б.Дэлгэрцогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Дэлгэрцогтын ... “Даваажав гэх өвгөний гэрт очиход Юмжаа, Цагаанаа, Мөөнөө нар хугархай хөлтэй морь нядлаад нэг шил архи задлаад ууж байсан. Намайг гэрт ороход Юмжаа Увсын хулгайчаа наашаа суу гээд байсан. Би гэрт ороод газар сууж байтал Юмжаа намайг заамдаж аваад чамайг алнаа надад дөрвөн банди байна би утсаар банди нараа дуудаад чамайг алуулна гэж байсан. Би тэр айлаас гараад морио унаад зугатаагаад гэрлүүгээ явж байтал хойноос Цагаанаа, Юмжаа нар морьтой давхиж ирээд Юмжаа миний ар нуруу болон хүзүү толгой руу суран ташуураар ороолгохоор нь би дахиад цаашаа Бек гэх казак айлруу зугтаагаад гэрийнх нь гадаа очоод морьноосоо буугаад байж байтал дахиад Юмжаа, Цагаанаа нар морьтой давхиж ирээд хойноос Юмжаагийн хоёр банди мотоциклтой ирээд намайг заамдаж байгаад миний хацарлуу хоёр удаа шанаадаж миний зүүж явсан хоёр нүдний дуранг авч айлын байшин руу шидсэн. Юмжаа суран ташуураар миний ар нуруу руу ороолгож байсан. Би тухайн үед боолтонд ороод ухаан алдсан. Нэг ухаан ороод сэрээд харахад Цагаанаа миний дээр гарчихсан чулуугаар цохиж байсан. Би амь авраарай гэхэд Бекийн хажуу айлын авгай цагдаа дуудсан. Тэгэхэд Юмжаагийн банди аавыгаа аваад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг / х/х-ийн 9-13-р хуудас/,
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 639 дугаартай дүгнэлтийн ... “Б.Дэлгэрцогтын биед дух зүүн болон баруун хацарт 3 тооны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаанд зөөлөн эдийн цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. / х/х-ийн 35-р хуудас/,
3. Гэрч Х.Юмжаагийн ... “Тэр өдөр Дэлгэрцогттой хэрүүл маргаан хийж морьтой хөөж байгаад би Дэлгэрцогтын ар нуруу хэсэг рүү нэг удаа хальт ташуурдахад Дэлгэрцогт миний нарийнхан суран ташуурыг булааж аваад намайг бас хальт нэг удаа ташуурдсан. Би морьтой Дэлгэрцогтыг хөөж байхад морины эмээл холиборч мориноосоо унахад Дэлгэрцогт ирээд намайг ташуурдах гэж бид хоёр ноцолдож байгаад би Дэлгэрцогтын хүзүүндээ зүүсэн байсан хоёр нүдний хар дуранг авч Дэлгэрцогтыг цохих гэж шидсэн боловч оноогүй. Тэгтэл Сүхтулга /Цагаанаа/ хойноос морьтой давхиж ирээд Дэлгэрцогтыг чи муу хөгшин хүнийг алчихлаа гэж гартаа чулуу барьчихсан Дэлгэрцогтыг цохих гээд явган хөөсөн. Би тухайн үед хүү Золбаярлуу утсаар залгаад аавыг нь хүн зодоод байна ирээд аавыгаа аваарай гэж хэлсэн. Удалгүй Золбаяр мотоциклтой ирсэн. Тэгэхэд Сүхтулга, Дэлгэрцогт хоёр надаас нилээн зайтай хээр хөөцөлдөөд байгаа харагдсан. Тэр хоёр дээр Золбаяр очоод удалгүй буцаад над дээр хүрч ирээд аав одоо харъя гээд намайг аваад гэрт хүргэж өгсөн. Би тэгэхэд Дэлгэрцогтыг цохиогүй суран ташуураар хальт нэг удаа нуруун дээр нь ороолгосон. Дэлгэрцогтыг Сүхтулга чулуугаар цохисон гэж байсан. Золбаяр Дэлгэрцогтыг заамдаад битгий хөгшин хүн архидуулаад бай гэж хэлэхэд хажуу талаас нь Сүхтулга Дэлгэрцогтын зүүн шанаа орчим газарт нь чулуугаар цохисон гэж байсан. Тэр өдөр Дэлгэрцогт хоёр нүдний хар өнгийн дуран зүүчихсэн явж байсан. Би тэр дуранг нь булааж аваад Дэлгэрцогтыг цохих гээд шидэхэд оноогүй газар унасан. Би Дэлгэрцогтын дуранг эвдсэн учир 150,000 мянган төгрөг Дэлгэрцогтод өгсөн” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 15-19-р хуудас /,
4. Гэрч Ю.Золбаярын ... “Тэр өдөр намайг хадлан дээр байхад аав надруу залгаад намайг хүмүүс зодоод байна чи казакын ард хүрээд ир гэхээр нь би Аагийгийн хамт аавын зааж өгсөн газарт нь мотоциклтой ирэхэд аав цаана газар хэвтчихсэн Сүхтулга ах /Цагаанаа/ Дэлгэрцогт хоёр барьцалдаад зогсож байгаад намайг харангуутаа Дэлгэрцогт цаашаа явган зугтаахаар нь би хойноос гүйж очоод заамдаж аваад чи яагаад хөгшин хүмүүс архидуулаад байгаа юм гэхэд Дэлгэрцогт би архидуулаагүй би өөрөө ч архи уугаагүй эрүүл байна гэхэд хажуу талаас Сүхтулга ах Дэлгэрцогтын зүүн шанаа тус газар чулуугаар нэг удаа цохиход Дэлгэрцогт газар унахад Сүхтулга ах Дэлгэрцогтын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Би тэгээд аавыг аваад гэртээ харьсан. Надтай хамт очсон Аагий мотоцикл дээрээ үлдсэн байсан. Намайг буцаад мотоцикл дээр ирэхэд Аагий явчихсан байсан. Аагий тэр зодооныг хараагүй байх. Хээр Сүхтулга ах Дэлгэрцогт хоёр үлдсэн. Би Дэлгэрцогт ахыг цохиогүй. Би очоод Дэлгэрцогтыг заамдаад яагаад хөгшин хүн архидуулаад байгаа юм гэхэд хажуу талаас Сүхтулга ах шууд чулуугаар Дэлгэрцогтыг цохиод унагаасан. Аав цаана газар сууж байсан. Аав Дэлгэрцогтыг цохиогүй. Сүхтулга ах аавыг өмөөрч Дэлгэрцогтыг цохисон” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 20-23-р хуудас/,
5. Гэрч Д.Жайнагүлийн ... “Дэлгэрцогт мориныхоо хойноос гүйхэд Цагаанаа /Сүхтулга/ Дэлгэрцогтыг барьж аваад тэр 2 зодоон хийх гэж байгаа бололтой ноцолдоод байсан. Тэгтэл цаана нь Юмжаа сууж байгаад утсаар хүн дуудаад байх шиг байсан. Цагаанаа, Дэлгэрцогт хоёрыг хоорондоо ноцолдож байхад удалгүй мотоциклтой 2 залуу хүрч ирээд нэг банди нь Дэлгэрцогтыг бариад авах шиг болсон. Дэлгэрцогтыг яг хэн газар унагаасныг анзаараагүй. Дэлгэрцогт газар уначихаад нүүрнээс нь цус гарчихсан эгчээ цагдаа дуудаад өгөөч гэж байсан” гэсэн мэдүүлэг. /х-х-ийн 28-30-р хуудас /,
6. Насанд хүрээгүй гэрч Б.Алтангэрэлийн “...Золбаяр бид 2 мотоциклтой Даваат багийн хойд талд очиход Дэлгэрцогт бид хоёрыг хараад зугтаасан. Араас нь Золбаяр очоод бариад авсан. Гэтэл Юмжаа ахын морь сул явж байхаар нь би морийг нь барьж аваад унаад Юмжаа ахын гэрлүү явсан. Дэлгэрцогтыг Золбаяр барьж аваад нэг их удаагүй Дэлгэрцогтоос салаад аавыгаа мотоциклын араар суулгаад миний араас ирсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 33-р хуудас/,
7. Шүүгдэгч Н.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 09 сарын 01-ний өдөр 08 цагийн үед Даваажавын гэрт Юмжаагийн хамт очиж хөл муутай морийг нь нядлаад бид нар хоёр шил 0,5 граммын ерөөл нэртэй архи уугаад сууж байтал гаднаас Дэлгэрцогт гэх залуу орж ирэхэд Юмжаа Дэлгэрцогтыг чи муу малын хулгайч гэхэд Дэлгэрцогт би та нарын малыг бүгдийг нь ална шүү гэж хэрүүл хийж бид нарыг хэл амаар доромжилж маргалдаж байгаад Юмжаагийн нүүрлүү Дэлгэрцогт нэг удаа суран ташуураар хальт ороолгоод гэрээс гараад морио унаад зугатаасан. Юмжаа урлаад энэ муу Увсын малын хулгайчийг давруулахгүй шүү гэж гадаа уяатай байсан морио унаад Дэлгэрцогтын хойноос хөөхөөр нь би энэ хоёр бие биенээ алж магадгүй гэж бодоод хойноос нь морьтой явахад Юмжаа, Дэлгэрцогт хоёр хүн тавидагын наахан талд казак айлын гэрийн гадаа барьцалдаад Дэлгэрцогт Юмжаагийн нуруулуу нарийхан суран ташуураар нэг удаа ороолгоход Юмжаа газар суусан. Би мориноос буугаад Дэлгэрцогтыг барьж аваад чи хөгшин хүнийг алах гээ юу гэж Дэлгэрцогтыг барьж авах гэтэл Дэлгэрцогт надаас явган зугтаасан би газраас чулуу аваад Дэлгэрцогтыг цохих гэж хөөж байгаад барьж аваад бид хоёр бие биенээ заамдаад зогсож байхад Юмжаагийн хүү Золбаяр гэв гэнэт мотоциклтой давхиж ирээд Дэлгэрцогтыг бас заамдаад яагаад хөгшин хүнтэй архи уугаад байгаан гэж уурласан. Би тэгэхэд чулуугаар Дэлгэрцогтын зүүн шанааруу нэг удаа цохиход Дэлгэрцогт газар унахаар нь нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Золбаяр аавыгаа аваад яваад өгсөн. Тухайн үед Дэлгэрцогтын зүүн шанаанаас цус гарч байсан. Дэлгэрцогт надад цохиулчихаад толгойгоо бариад цаашаа яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /х/х-ийн 54-55-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ “Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Дэлгэрцогт мэдүүлэхдээ:” Хохирлоо арилгуулж авмаар байна. Үхэр өгнө гэсэн өгөөгүй байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Сүхтулга нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт хохирогч Дэлгэрцогтыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаа нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Сүхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 450 000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал нэхэмжлээгүй байна” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Дэлгэрцогтын мэдүүлэг, гэрч Х.Юмжаа, Ю.Золбаяр, Д.Жайнагүль, насанд хүрээгүй гэрч Б.Алтангэрэл нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 639 дугаартай дүгнэлт, Н.Сүхтулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.С нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт Б.Дэлгэрцогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Сд үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Сүхтулгын яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Дэлгэрцогт нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүүлэгтээ “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэнэ” гэсэн боловч гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, уг асуудлыг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шааваа овогт Н.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Дэлгэрцогт нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС