| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0011/э |
| Дугаар | 0016 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогч Ч.Ганболд
Шүүгдэгч Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул, М.Ганзориг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 1825000000413 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Өрлүүд овогт Б.О, Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороололд архидан согтуурч бусадтай маргалдан Ч.Ганболдын толгойн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.Ганболдын ... “Би гэрт байж байхад гаднаас нэг нь орж ирээд гадаа танай хэд маргалдаад байна гэж хэлсэн. Би хэн маргалдаад байгааг харах санаатай гэрээс гарсан бөгөөд намайг гэрээс гарахад ямар ч байсан Лхагваа зогсож байсан. Тэгсэн миний толгой руу юмаар цохих шиг болсон. Би ухаан алдаад унасан бөгөөд нэг ухаан орсон чинь эмнэлэгт байж байсан. Би тухайн үед их хурдан согтсон зарим зүйлийг сайн санахгүй байна. Одоо миний эмчилгээ болон асаргаанд 4 сая гаран төгрөг гараад байна. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээ, асаргааны мөнгийг тухай бүрт нь нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг / хх-ийн 11-12-р хуудас/.
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х/х-ийн 5-7 хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 675 дугаартай дүгнэлтийн ... “Ч.Ганболдын биед зүүн чамархай, зулай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, зүүн талын хацрын ясны сэртэнгийн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл ба бусад гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Зүүн чамархай, зулай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал нь Г33-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талын хацрын ясны сэртэнгийн хугарал нь ГЗЗ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана. Нүүрэнд цус хуралт нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Зүүн чамархай, зулай ясны хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. / хх-ийн 27-28-р хуудас/
4.Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай ... “Мөнгөнтулга тоо барьж зогссон хүмүүс рүү сайтар харж байгаад зүүн гар талаас 2 гэсэн тоог барьсан яллагдагч Отгонбаярыг зааж энэ мөн байна гэсэн бөгөөд Э.Мөнгөнтулгыг өрөөнөөс гаргаж Б.Оын байрыг өөрчлөн дахин дурын тоог барьж зогсох талаар хэлэхэд яллагдагч Б.О 4 гэсэн тоог авч зүүн гар талаас эхэнд зогссон бөгөөд гэрч Э.Мөнгөнтулгаар таньж олуулахад 4 гэсэн дугаар барьж зогсож байгаа яллагдагч Б.Оыг зааж энэ хүн мөн байна гэж хэлж заасан” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 8-р хуудас/
5.Гэрч Э.Мөнгөнтулгын ...“Тэр өдөр би барилга дээр ажлаа хийж байхад манай барилга дээр ажилладаг Лхагваанаа, Ууганаа гэдэг хоёр ах болон барилга дээр дээвэр хийж байсан миний нэрийг нь мэдэхгүй 3 ах нар ажилчдын гэр дотор архи ууж байсан. 12 цаг өнгөрч байсан байх яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд байж байсан чинь хүмүүс гэрээс гарч ирээд Лхагваанаа ах гэрээс согтуу гарч ирээд машинаа бариад явах гэсэн чинь хүмүүс боль согтуу машин барьж явж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн цэнхэр цамц, хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтөй махлаг бүдүүн ах яах гээд байгаа юм гээд Лхагваанаа ахтай маргаад хоорондоо зодолдсон. Тэгсэн гэрээс цохиулдаг ах гарч ирсэн. Тэгээд нэг харсан чинь саарал жилетек, саарал өмдтэй ах 1 метр гаран урттай нарийн прүс мод далайгаад зогсож байсан. Энэ үед би барилгын урд зогсож байсан бөгөөд хүн цохиж магадгүй гээд болиулах гээд гүйгээд очсон чинь манай барилга дээр дээвэр хийдэг ах газар уначихсан нөгөө ах прүс модоо бариад зогсож байсан. Тэгээд тэр ахыг цохиж унагаадаг ах түшиж босгоод гэрт оруулсан. Цохиулдаг хохирогч ах ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Лхагваанаа ах нэг ахтай зодолдоод модоор цохиж унагаадаг ах аль нэгийг нь өмөөрөөд цохих гэж байгаад тэр унадаг ахыг андуураад цохисон юм байна гэж би ойлгосон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас /
6.Гэрч Н.Мөнхбаярын …“Би 7-8 хоногийн өмнө 09 дүгээр сарын 21- ний өдөр 11-р хороололд шал цутгаж байсан барилгынхаа наад талын барилгын дээврийн шал цутгах ажил аваад Энхтулга гэх залуутай ажлаа хийж байтал манай барилгын мужааны ажил хийж байсан хүмүүс гэрээсээ гарч ирээд хашаан дотор хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед гадаа 4-үүлээ байсан ба намхан бор ах нь гэрийн хажуу талаас мод аваад портерийн жолоочийг цохих гэтэл уг ах доошоо суугаад бултсан. Гэтэл цаана зогсож байсан Ууганаа гэх ах цохих үед нь мөн доошоо суутал малгайг нь цохиод өнгөрсөн. Гэтэл мод барьсан намхан бор ах модоороо дахиад цохих гэтэл нэг найз нь хажууд нь зогсож байтал модоороо толгой руу нь цохисон. Гэтэл найз нь ухаан алдаад унасан. Гэтэл Батмөнх гээд талбайн инженер ах гаднаас орж ирээд ухаан алдаад унасан найзыг нь гэр лүү нь аваад орсон. Ингээд би хашаан дотор байх гэр лүү ортол толгой руу нь модоор цохисон Отгонбаяр гэх ах найзынхаа толгойны цусыг тогтоогоод байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
7.Гэрч З.Мөнхсүлдийн ...“тухайн үед Ганболд, Отгонбаяр Лхагваа бид 2-ыг салгах гээд боль боль гэхэд Ууганаа гэх залуу наад 2-ыгоо орхи гээд бид 2-ыг хооронд нь зодолдуулах гээд байсан. Тэгэхэд хэн нэгэн хүн алчихлаа шүү дээ гэхэд Лхагваа намайг заамдаж байсан гараа тавихад би эргээд хартал Ганболд газар уначихсан хөдлөхгүй хэвтэж байхаар нь би та нар ингэж болохгүй би цагдаа дуудлаа гээд төв зам руу гүйсэн. Хэсэг хугацааны дараа очиход Лхагваа, Ууганаа, Батмөнх нар явчихсан гэр дотор Нараа ах Отгонбаяр хоёр Ганболдын чихний дээхэн талд үүссэн шархыг цэвэрлээд Ганболдыг нааран дээр хэвтүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 16-р хуудас/
8.Гэрч М.Лхагва-Очирын ...“2018 оны 09 сарын 22-ны өдөр би 09 цагт 11 дүгээр хорооллын барилга дээр ажлаа хийхээр ирэхэд Ганболд, Ууганаа, Отгонбаяр, Мөнхсүлд, Нараа ах нар гэрт архи уугаад сууж байсан. Би гэрт ороод тэд нарын ууж байсан архинаас бага зэрэг уусан юм. Мөнхсүлд ах надад ахархаж бид хоёр хэсэг маргалдаад гэрээс гараад бие биенийхээ цамцнаас заамдалцаад зогсож байтал Отгонбаяр гартаа прүс мод барьж ирээд намайг цохих гээд модоор савахад би доошоо сууж цохих гэж байсан модноос бултахад Отгонбаяр дахиад намайг цохих гэж прүс модоор савахад миний зүүн талд зогсож байсан Ганболд ахын толгойн хажуу талд буюу чихний дээхэн талд цохисон. Би яг аль талд нь цохисныг сайн санахгүй байна. Отгонбаяр, Ганболдын толгой руу модоор цохиход би Отгонбаярыг түлхэж газар унагаагаад дээрээс нь дараад хүн аллаа ш дээ гэж орилсон юм. Тэгэхэд Ганболд ах газар уначихсан ухаангүй хэвтэж байсан. Ганболд ахыг Ууганаа, Отгонбаяр ах хоёр өргөөд байрлаж байсан гэртээ оруулсан юм. Гэрт Ганболд ахыг оруулаад Отгонбаяр ах толгойг нь боож цусыг нь цэвэрлэж байсан. Сүүлд Отгонбаяр ах би чамайг цохих гэж байгаад найз Ганболдыг цохьчихлоо гэж байсан. Сүлдээ Отгонбаяр 2 Булган аймгаас хамт ажил хийхээр ирсэн, Отгонбаяр Сүлдээг өмөөрсөн байх” гэсэн мэдүүлэг. / х/х-ийн 18-19 хуудас/
9.Гэрч Д.Ууганбаярын ...“Отгонбаяр Сүлдээг өмөөрсөн бололтой гэрийн урд хураагаад тавьсан байсан прүс модноос аваад Лхагва-Очирыг цохих гэж байгаад шууд миний толгой руу цохисон. Энэ үед гэрээс Ганболд гэж залуу гарч ирээд миний хажууд зэрэгцээд шахуу зогсож байсан. Тэгсэн миний малгай унаад би толгойгоо бариад доошоо суусан чинь дахиад нөгөө модоороо миний хажууд байсан Ганболдын толгой руу цохисон бөгөөд Ганболд шууд газар унасан. Тэгсэн чинь Лхагва-Очир, Сүлдээ нар барьцалдаж авсан байснаа больсон бөгөөд эргээд нэг харсан чинь Лхагва-Очир Отгонбаярын дээр гараад суучихсан байхаар нь та нар одоо нэгийгээ ийм болгосон байж одоо бас яах гээд байгаа боль гэж хэлсэн чинь Лхагва-Очир Отгонбаярын дээрээс боссон. Энэ үед ажил хариуцаж байсан Батмөнх ирсэн бөгөөд юу болсон юм гэхээр нь Отгонбаяр, Ганболдын толгой руу модоор цохиж унагаасан гэж хэлсэн. Тэгсэн нөгөө Сүлдээ гэж залуу барьцалдаж байгаад салаад алга болсон байсан. Хэсэг хугацааны дараа ирсэн харагдсан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 20-р хуудас/
10.Хохирогчийн эмчлүүлэхэд хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, хохирлын баримтууд. /хх 33-47, 49-49-р хуудас/
11.Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Гэрийн хажууд байсан прүс модноос аваад Лхагвааг цохино гэж бодоод модоо далайсан. Тухайн үед хэнийг цохисон эсэхээ мэдэхгүй. Тэгсэн бид нарыг маргалдаж байсан газрын хойно ойрхон хажуухан талд Ганболд газар хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Би 2 найзыгаа өмөөрч яваад ийм зүйл болсон. Санаатай цохисон зүйл байхгүй. Айлгах санаатай л цохисон. Хохирогчид цаашид боломж, бололцоогоороо туслаж дэмжинэ. Энэ асуудал архинаас болсон Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Ганболд мэдүүлэхдээ: “Болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Тухайн үед хүн амьтан маргалдаж байхад салгах гээд ийм явал болсон байх. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. 1, 3 сая төгрөгийн хохирол авсан. Үлдсэн хохирлыг тухайн үед нь болно. Отгонбаяртай маргасан зүйл байхгүй. 4 сая төгрөгийн нэхэмжлэлээсээ одоо татгалзаж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Отгонбаяр нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-р хороололд архидан согтуурч байхдаа хохирогчийн толгойн тус газар модоор цохиж хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч хэн цохисон талаар мэдээгүй гэдэг. Энэ үед шүүгдэгч хохирогч нар аль аль нь архи уусан байсан. Энэ гэмт хэрэг болсон шалтгаан Мөнхсүлдийг Лхагва-Очироос өмгөөлж Отгонбаяр модоор цохих гэж байгаад Ганболдыг цохисон байдаг. Энэ хэрэгт хэргийн газар үзлэг хийсэн. Хаана ямар байдалтай байсан талаар тодруулсан. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд цохисноо санахгүй байгаа гэдэг ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн бусад гэрч нар тодорхой мэдүүлдэг. Мөнгөнтулга тодорхой хараад зогсож байсан байдаг. Гэрч Лхагва-Очирын хувьд намайг цохисон тэгээд оноогүй Ганболдыг цохисон гэдэг. Ууганбаяр хх-20 хуудаст мөн болсон үйл явдлын талаар тодорхой харсан. Өмнө Мөнхбаяр тухайн үйл явдлын талаар мэдүүлсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь дээрхи баримтаар нотлогдон тогтоогдсон. Хохирогчид учирсан гэмтэл шүүхийн шинжилгээний албаны 675 дугаартай дүгнэлтээр хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч хагалгаа хийлгэж хэрэг болох үед эмнэлэгт ухаангүй очиж эмнэлгийн байгууллагаас энэ гэмт хэрэг шалгагдаж эхэлсэн. Энэ хэрэгт шүүгдэгчийн биед мөн гэмтэл учирсан. Тэр хэргийн холбогдогч хохирогч нь өөр өөр субъекттэй тул тус тус шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Тухайн хэргийн холбогдогч эрэн сурвалжлагдаж байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгчийн гэм буруу нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-т зааснаар эдлүүлж, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч 2018 оны 09 дүгээр сарын 26-наас хойш цагдан хоригдсон 13 хоногтой. Цагдан хоригдсон 13 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар тооцон цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож хасах нь зүйтэй байна. Цаашид шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Би энэ хэрэгт Отгонбаярыг яллагдагчаар татагдах үед өмгөөлөгчөөр орсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих нөхцөл байдлыг тогтоолгохоор өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан. Бид үйлчлүүлэгч Отгонбаярын хүсэлтээр зарим нэг хүсэлтээ гаргаагүй орхисон. Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотлогдвол зохих нөхцөл байдал нотлогдсон уу гэдгийг харахаар гэрч, гэрчийнхээ мэдүүлгийг нотлодог тул энэ Эрүүгийн хэргийг нотлогдсон байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн ял хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байна гэж үзэж байна. Үүнд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдал харагддаг. Энэ гэмт хэрэг ямар нөхцөл байдалд үүссэн гэдгээс хамаараад өөр өөр хариуцлага тооцно. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч шууд эмнэлэгийн байгууллагад хандсан. Энэ үед андуурагдсан объект яваад байна. Өөрөөр хэлбэл Отгонбаяр нь хохирогч Ганболдод санаатай халдаагүй. Мөнхсүлд, Ууганбаяр, Лхагва-Очир нарын маргааныг сэргийлэх зорилготой үйлдлээ эхлүүлсэн байдаг. Гэвч согтуу хүн тул энэ үйлдлээ ухамсарлаагүй. Хэн нэгэнд санаатай мод бариад халдсан ч Ганболдод энэ гэмтлийг учруулахыг зориогүй. Хохирогчийг цохиж унагаасныхаа дараа түшиж босгоод цусыг нь тогтоох гээд явсан байдаг. Дараа нь эмнэлэгийн тусламжийг шүүгдэгч хүргэсэн. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.5-д заасан нөхцөл байдал харагддаг. Гэмт хэрэг гарч болзошгүй гэж мод барьчихсан байсан. Гэм буруугийн хувьд маргахгүй байна. Эрүүгийн хуулийн 1.3-ийн 1-т Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Тэгэхээр манай үйлчлүүлэгчийн хувьд нийгэмийн аюулын хэр хэмжээгээрээ санаатай хүнд гэмт хэргийн сэдэл зорилгоос өөр гэж үзэж байна. Яллагдагчийн биед гэмтэл учруулсан үйлдэл бий. Цагдан хорих байранд Отгонбаяр хавирга нь хугарсан байдалтай байсан. Гэмтэлтэй байсан тул цагдан хорьсон шүүгчийн захирамжийг эргэн харах хэрэгтэй гээд эмчилгээ хийгдсэн. Гэрч Лхагва-Очир энэ хэргийг үйлдсэн гэм буруутай байж болзошгүй тул шалгагдаж байна. Энэ нөхцөл байдлыг бүрэн тодруулсан эсэх дээр эргэлзэж байна. Энэ хэрэгт хохирогч Отгонбаяр шүүгдэгч Лхагва-Очир нарыг тус тусад нь хэргийг шийдэхээр болсон байдаг. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтыг гэм буруугийн шүүх хуралдаанд судалсан. Яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд заавал хариуцлага хүлээх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 төрлийн ялыг хэрэглэх боломжтой байна. Шүүгдэгчид бол 10 000-40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох, эсвэл 2-8 жил хүртэл хорих ялаар шийтгэх зохицуулалтай. Шүүгдэгч эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч хэдийгээр нэг газраа ажил гүйцэтгэхгүй байгаа ч ажил төрөл хийдэг, мөн хүүхдээ асарч амьдрахын төлөө зүтгэж ирсэн хүн. Архины хэрэглээнээс болж ийм нөхцөл байдал үүссэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийн хувьд танхайрах үйлдэл энэ хүн гаргаад байдаггүй. Хохирогч учруулсан бодит хохирол төлсөн байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 1.3-т заасан шудрага ёсны зарчмыг манай үйлчлүүлэгчийн хувьд анхаарах ёстой. Тухайн үйлдэл хэдийгээр согтуугаар хүнд хор уршиг учруулсан үйлдэл байгаа боловч тухайн нөхцөл байдал дээр шууд Ганболдод хохирол учруулахаар халдаагүй зэрэг нөхцөл байдлыг хамруулан бусдын хууль бус нөхцөл байдлыг зогсоохын тулд үйлдсэн болох нь харагддаг. Улсын яллагчийн зүгээс торгох ялыг сонгон хэрэглэх боломжтой гэж үзэж байна. 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ хэргийн нөхцөл байдал дээр харагддаг. Эрүүгийн хуулийн 5.3-т заасан торгох ял хувийн байдалтай холбогддог. Манай үйлчлүүлэгч санхүүгээ бүрдүүлэх боломжтой. Торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна. Отгонбаяр хүүхдээ аав нь болохын хувьд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх бусад амьдралын наад захын үүрэг байдаг тул хорих ялыг сонгон хэрэглэх зохимжгүй. Тиймээс хувийн байдалтай холбоотой торгох ялыг сонгон хэрэглэх боломжтой байна. Шүүхээс боломжит хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд торгох ялыг заасан. Шүүгдэгч хохирол төлбөрөө төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан нөхцлийг хэрэглэх боломжтой. Үүнд .энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах эрх хэмжээг шүүхэд өгсөн. Шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаанд тодорхой үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс Отгонбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулахаар заасан. Ингээд доод хэмжээ болох 10 000 000 төгрөгөөс бууруулан 5 000 000 төгрөгөөр торгох саналтай байна. Цагдан хоригдсон 13 хоногийг торгох ялд оруулан тооцож 195 000 хасуулах саналыг гаргаж байна” гэв.
Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Ганболдын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 675 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрч Э.Мөнгөнтулга, Н.Мөнхбаяр, З.Мөнхсүлд, М.Лхагва-Очир, Д.Ууганбаяр нарын мэдүүлэг, яллагдагч Б.Оын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Б.О нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороололд архидан согтуурч бусадтай маргалдан Ч.Ганболдын толгойн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Оын үйлдэл нь хохирогчид шууд чиглээгүй боловч бусдын эрүүл мэндэд хохирол учруулж болох шууд санаатай үйлдэл бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа шууд хохирогчид эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжээр тооцон нийт 195 нэгж буюу 195 000 төгрөгийг эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Хохирогч Ч.Ганболд нь “одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн арилаагүй байх тул хүсэлтийг хүлээн авч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өрлүүд овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 13 хоногийг 195 нэгж буюу 195 000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасч эдлэх ялыг 9 805 000 /есөн сая найман зуун таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 9 805 000 төгрөгөөр торгох ялыг 20 сар буюу 1 жил 08 сарын хугацаанд сар бүр 490250 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ч.Ганболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС