| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0001/э |
| Дугаар | 0004 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч О.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Лд холбогдох эрүүгийн 1810024180543 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Зая гэгээн овогт О.Л, Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, авто машины засварчин ажилтай, Ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 40-277 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар АЮ87100378
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.Л нь 2018 оны 9-р сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Сансар зочид буудалд Б.Орхоныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Орхоны ... “Би 2018 оны 9 сарын 25-ны өдөр Орхон аймгаас машин авахаар Лхагваа Оригоо нарын хамт Улаанбаатар хотоос таксигаар явж байгаад замдаа архи ууж Лхагваатай маргалдсан. Тэгээд Орхон аймагт Сансар нэртэй буудалд очоод дахиад 0,5 грамм архи ууж байгаад Лхагваатай дахин маргалдаж байгаад Лхагваа миний нүүрлүү 2-3 удаа цохиж миний үүдэн дээд 1 шүдийг хуга цохисон юм. Тухайн үед Лхагваа надаас уучлалт гуйгаад эмчилгээний зардлыг чинь төлж барагдуулна гэж байсан боловч Улаанбаатар хотод ирээд Лхагваа миний эмчилгээний зардлыг төлөхгүй болохоор нь би Хан уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргасан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-15-р хуудас/
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13674 дугаартай ... “Б.Орхоны биед баруун дээд 2-р шүдний хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих үедээ үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журманд зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-р хуудас/
3. Гэрч Б.Золсайханы ... “Орхон гэж хүн нилээн согтуу байсан бөгөөд хамт яваа 2 хүний нэг нь их согтсон зүйл байхгүй орж ирээд өрөө захиалаад орсон. Тэгээд өрөөндөө ороод хэсэг байж байсан чинь хоорондоо маргаад байх чимээ гарахаар нь би очоод харсан чинь нөгөө Орхон гэж хүн нь манай найз намайг зодлоо гэж хэлээд уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би хэрэлдэж зодолдоод байх юм бол цагдаа дуудлаа шүү гэж хэлээд гарсан. Тэгээд тэр чимээ гараагүй, ингээд маргааш өглөө нь хамт ирсэн 2 залуу нь гараад явсан бөгөөд Орхон гэж хүн өрөөндөө үлдсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
4. Шүүгдэгч О.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Орхон намайг янз бүрээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж авсан. Тэгсэн чинь Орхон намайг зодлоо гэж хэлээд нэг их яриагүй. Эмчилгээний зардал 700,000 төгрөгийг Орхонд өгөөд хоорондоо учраа олж эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Хохирогч Б.Орхон “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Л мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Ганзориг дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар тогтоогдсон. Түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Орхоны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 13674 дугаартай дүгнэлт, гэрч Б.Золсайханы мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Л нь 2018 оны 9-р сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Сансар зочид буудалд Б.Орхоныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Лгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж үзэв.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Лг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зая гэгээн овгийн О.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС