Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 120

 

                                          Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ  нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 659 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 52 дугаар магадлалтай Б.А-д холбогдох эрүүгийн 2010006020564 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, “Нью элемент девелопмент” ХХК-д захирал ажилтай, ял шийтгэлгүй Б овогт Б-ийн А.

Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Б-д “Уран ган” ХХК-тай болон бусад хувь хүн, хуулийн этгээдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулаагүй, биелэгдэх боломжгүй шоу цэнгээнт хөтөлбөрийг бэлэн болсон мэтээр итгүүлэн хуурч түүнээс өөрийн эзэмшлийн 5022783885 тоот дансаар 10,000,000 төгрөгийг,

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хохирогч Э.С-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6-180 тоот байранд “Миний гэрийг авраач” шоунд оролцуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдүүлэн 5 удаагийн үйлдлээр нийт 12,000,000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд машины сэлбэг захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар Ч.А-ийг төөрөгдүүлэн 2,400,000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 659 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.А-ээс 1,300,000 төгрөгийг хохирогч Ч.А-д, 1,200,000 төгрөгийг Э.С-т, 15,595,393 төгрөгийг хохирогч Б.Б нарт гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, хохирогч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж 52 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ... 12,000,000 төгрөгийг хохирогч Э.С-т ... тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Э.С-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Б.Б, шүүгдэгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо: “... 2019 оны 05 дугаар сард талбай түрээслэх талаар “Уран ган” ХХК-ний менежер Б.А-тэй уулзаж түүнээс “Барилга үзэсгэлэн яармаг худалдаа” зохион байгуулах талбай хайж буйгаа хэлэхэд талбайгүй болсон. Манай компани талбайгүй болсон, харин барилгын материалын зах нээж байгаа гэж хэлсэн. Улмаар дараа нь надтай уулзах санал тавьж чи сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын хүн байна манай барилгын захын нээлтэд зориулж маркетингийн ажилд туслаач гэж надад санал тавьсан. Үүний дагуу би зөвшөөрч “Уран ган” барилгын захын нээлт болтол маркетингийн ажилд нь ямар нэг цалин хөлс авна гэхгүйгээр тусалсан... Үүний хариуд Б.А захирал баярлалаа гэж байна гээд 200,000 төгрөг өгсөн. Б.А миний шинээр нэмж байгаа видео студийг хотын төвд ажлын байр түрээсэлж байхаар хоёулаа үйл ажиллагаагаа холбоод ойр байсан нь дээр манай оффист сул өрөө байна түрээслээд орчих гэж ярилцан “Уран ган” ХХК-ний 3 давхарт 303 тоот өрөөнд орсон. “Нью элемент девелопмент ХХК болж манай үйл ажиллагаа албажиж менежер, зураглаач, эвлүүлэгч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн. Барилгын захын үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн зөв оновчтой сурталчлах тухай Б.А-тэй ярилцаж олон улсад хийгддэг “Миний гэрийг авраач” гэх маш сонирхолтой нэвтрүүлэг тул үүнийг хэрэгжүүлбэл, нэвтрүүлэгт оролцсон айлд бас ашигтай гоё цуврал болно, үүнийг хийе гэж тохиролцсон... Ингээд манай ажилчдын нээсэн фейсбүүк пэйжийн мэдээллийн дагуу байраа засуулах сонирхолтой хүмүүс “Уран ган” ХХК дээр ирж уулзсан...Тухайн хүмүүс дунд миний танил болох хүн 60 м2 2 өрөө байр засуулах Индрэ, уг хэргийн хохирогч болох Б.Болортуяа нар байсан. Эдгээр хоёр хүнтэй уулзаж би 60 м2 байрыг засъя гэхэд Б.А Б.Б-ийн нүхтэд байрлах 250 м2  байрыг засах нь илүү сонирхолтой, эднийхийг сонгоё гэж шийдсэн. Ингээд 250 м2 5 өрөө байрыг засах ажлыг зохион байгуулж эхэлсэн. “Парк-9” хотхоны 250 м2 байрыг очиж үзээд 100 хувь бартерийн нөхцөлтэйгөөр засвар хийе гэж тохирсон. Ингэхдээ Эрдэнэд хотод шинэ барилгын дотор заслын ажлыг дуусч байна. 14 хоногийн дараа танай ажлыг шууд эхэлье гэж тохиролцсон. Ингэхдээ гэрээ хийгээгүй байсан манай алдаа байсан. 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Б-тай албан ёсоор гэрээ хийж Хан-Уул дүүргийн Жаргалант худалдааны төвийн урд байрлах нотариатаар баталгаажуулж 10,000,000 төгрөгийг өөрийн дансаар авав. Ажил эхлэх болоход засал хийхээр тохирсон компани гэнэт хугацаа сунжруулж хүндрэл үүсгэх болов...Манай менежерүүд барилга, барилгын материалтай холбоотой компаниудад уулзаж танилцуулж, мэйл танилцуулга илгээх зэргээр ажиллаж хамтран ажиллах засварт шаардлагатай материал нийлүүлэх байгууллага олон байсан. Энэ хооронд хугацаа их алдсан зохион байгуулалтын алдаа байсан. Иргэн Б.Б-тай миний данс руу 10,000,000 төгрөгөөс илүү бэлэн мөнгийг манай компани Б.Б-ийн байрны засварт зарцуулсан... Манай зохион байгуулалтын алдаанаас болж бухимдал чирэгдэл үүссэн нь үнэн бөгөөд буруугаа хүлээн зөвшөөрч захиалагчдад учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Гэтэл Б.Болортуяа нь өөрийгөө рекетчин Д гэх залуу болон түүний хамтрагчаар намайг дарамтлуулж 2019 оны 12 дугаар сард миний “Альфард” маркийн 34-23 УБГ улсын дугаартай машиныг дээрэмдүүлсэн. Д гэх залуу дансанд байсан 600,000 төгрөгийг Б.Б-д өгнө гэж дарамтлан аваад өгөөгүй. “Барилга яармаг худалдаа” болон “Миний гэрийг авраач” пэйжүүдээр постолж сурталчилгаа явуулах төлөвлөгөөтэй ажил эхэлсэн эд явж байсан. Энэ ажлаас ирэх ашиг хохирогч гэх Б.Б болон Э.С нарын шилжүүлсэн мөнгийг цаг тухайд нь засварын ажлыг гүйцэтгэж чадаагүйн улмаас учирсан хохирлыг төлөх байсан. Мөн Б.Б нь цахим орчинд намайг луйварчин энэ хүнээс хол бай гэх зэргээр бичиж манай компаний хамтран ажиллагч байгууллага болон хувь хүмүүсийг холдуулж үйл ажиллагааг маш хүнд байдалд оруулсан... Машинаа дээрэмдүүлсний дараагаар Д гэх залуугаас...машиныг чинь задаргаанд өгсөн гэж хэлээд өгөөгүй. Ингээд би өөрөө хуулийн байгууллагад хандаж асуудлыг шийдүүлье гэхэд Д тэгье гэсэн. Орой болсон байсан тул гэртээ очоод байж байхад Д миний утас руу залгаж орой 20 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүрээд ир гэсэн. Яваад очтол Б.Б цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргатай түрүүлж уулзан... даргаар нь өргөдлөө дамжуулж байцаагчид өргөдлөө өгсөн байсан... “Миний гэрийг авраач” нэвтрүүлэгтэй холбогдох хэрэг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст нийт 4 байцаагч дамжсан бөгөөд эхний байцаагч анхны мэдүүлгийн дараа өөрчлөгдсөн. Хоёр дахь байцаагч иргэн Б.Б-ийн үндэслэлгүй нэхэж байгаа 63,000,000 төгрөгийг шууд төлөхийг шаардаж байсан. Мөн рекетчин Д гэх залуу манай компанид хохирол учруулсан асуудлыг тусад нь хавтаст хэрэг нээж шалгана тэгэхгүй бол олон хүний нэр нэг хэрэгт орвол толгой эргэнэ гэж байсан шалгаагүй.

Би өөрийн биеэр Т.Мижиддорж прокурортой уулзаж байцаагчид иргэн Б.Б-ийн талд илт үйлчилж манай ажилчид хамтран ажиллагч байгууллага, байр засварын ажилд бараа материал бартераар нийлүүлсэн болон иргэн Б.Б-ийн байранд 10,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний худалдаа хийсэн байгууллагуудын баримт мэдүүлгийн аль нэгийг ч авсангүй, ингэж болж байгаа юм уу гэхэд прокурор чинийх бол жижиг хэрэг тэд нарыг оруулах шаардлагагүй. Хэргийн гол нь “Миний гэрийг авраач” нэвтрүүлгийн асуудал биш сэлбэг захиалга гэж хэлээд хүлээж аваагүй.

Шүүх хуралдааны явцад Б.А миний зүгээс Б.Б-ийн 250м2 байрны засварыг ажилд Б.Б-тай хамт явж худалдан авалт хийсэн 9,700,000 төгрөгийн баримтыг НӨАТ-гүй гэх шалтгаанаар хүчингүйд тооцсон. Эдгээр баримт бүгд зохих дэлгүүр, лангуунаас худалдан авалт хийсэн тэдгээр худалдаачид өөрсдөө батлах гэрчтэй. Гэвч Т.Мижиддорж прокурор Б.Б-ийн ямар ч нотолгоогүй баримтыг хүчинтэйд тооцож байгаа хэр нь миний батлах гэрчтэй баримтыг хүчингүйд тооцсон. Иргэн Б.Б-ийн өмгөөлөгчөөс идэвхтэйгээр түүний талд үйлчилсэн нь даанч бухимдалтай, дэндүү шударга бус хуулийг хэн нэгний ашиг сонирхолд тааруулан хэрэглэсэн үнэхээр зохимжгүй үйлдэл байлаа.

Шүүх хуралдааны дараагаар шүүгч Б.Батболор уг нь танай компани үйл ажиллагаа бүгд албан ёсны юм. Гэхдээ дундаасаа залилан болж гэж тайлбар хэлэв. Аливаа компаний үйл ажиллагаанд доголдол гарахад дараагийн үйл ажиллагаагаар нөхөж давж гарч бий болсон эрсдэлийг зохицуулдаг нь бичигдээгүй дүрэм билээ. Гэтэл тус үйл ажиллагаанд иргэн Б.Б санаатайгаар саад учруулж хуулийн ажилтнуудад илт нөлөөлсөн хилс үйл явдал боллоо.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгч, хохирогчдод тус бүр нэг нэг удаа үг хэлэх боломж олгов. Б.А миний бие буруутгагдаад байгаа асуудлаар тайлбар хийх гэтэл зөвхөн хавтаст хэрэгт бичсэн юмыг ярьж шүүх хуралдааныг даргалж буй Н.Батсайхан шүүгч хэлээд тайлбар хэлэх боломж олголгүй шүүх хурал завсарлаж 2 жил хорих ялыг хэвээр үлдээн 10 минут ямар ч тайлбар хийх боломж олгосонгүй давааны шүүх хурал яах гэж хуралддагийг ч ойлгосонгүй.

“Нью элемент девелопмент” ХХК 2019 онд байгуулагдсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 08-ныг хүртэл “Үл хөдлөх зуучлал”, “Видео студи”, “Хамтдаа хөгжье” төсөл, барилга хөрөнгө оруулалт эдгээр салбарт ажлууд эхлүүлж нэг ажлаас бусад ажлын үйл явц эхлэл амжилттай тавигдсан.

Миний бие манай компани алдагдал хүлээгээд байгаа нэг ажлын эрсдэлийг удирдаж зохицуулж албан ёсоор компанийхаа үйл ажиллагаа амжилттай тэлж байгаа болохоос биш ямар нэг өчүүхэн зорилгын төлөө залилах үйлдэл хийгээгүй, хийхгүй болно. Манай компани үйл ажиллагаа бүгд албан ёсны бөгөөд асуудлыг үүсгэж эрсдэлд ороод байгаа “Миний гэрийг авраач” энтертаймент нэвтрүүлгийн төсөл ч цаашид эрсдэлгүй тохирох бага м2 бүхий айлын орон сууцнуудыг үргэлжлүүлэн засаж энэхүү контентийг цаашид тогтмол болгох юм. Уг төслийн эхлэл амжилтгүй болсноос хойш өөрийн компаний барилгын салбарт хийх бараа нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын сурталчилгаа контент болгохоор шийдсэн байгаа билээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал, байцаалт хэргийн материал бүрдүүлэлтэнд манай талаар үйл ажиллагаагаа хамгаалж баталгаажуулж чадаагүй, боломж олдоогүй тул дэлгэрэнгүйгээр болсон явдлыг бичлээ. Уг асуудлыг нухацтайгаар хүлээн авч үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч Б.А-ийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн үйлдлээр “Машины сэлбэг захиалж өгнө", “Миний гэрийг авраач шоунд оролцуулна" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нэр бүхий 3 хохирогчоос нийт 24,400,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан ба хэргийн талаар:

Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б.А нь авто машины сэлбэг зарж борлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй атлаа бусдын эд хөрөнгө буюу мөнгийг авах зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгосон, түүнчлэн “Уран ган” ХХК болон бусад хувь хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, “Миний гэрийг авраач” гэх шоу цэнгээнт хөтөлбөр нь биөлэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж шууд санаатай, шунахайн сэдлээр нэр бүхий 3 хохирогчийн эд хөрөнгө буюу мөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч, хохирогч нараас авсан мөнгөөр хохирогч нарт амласан үйл ажиллагааг үр дүнд хүргэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, улмаар мөнгийг өөрийн хувийн хэрэглээ болон компанийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан үйл баримтууд тогтоогдсон байна...”

Давж заалдах шатны шүүх: “...шүүгдэгч нь огт аваагүй сэлбэгийг “Эрхүү дээр сэлбэг чинь ирсэн байна” гэж урьдчилж мөнгийг нь авсан, мөн хэн нэгэнтэй хамтран ажиллах ямар нэг гэрээ байгуулаагүй атлаа “Миний гэрийг авраач” медиа төслийг “Уран ган” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа” гэж худал хэлэх зэргээр бодит байдлыг нуун дарагдуулах, зохиомол байдлыг бий болгох замаар тэдгээрийг төөрөгдүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан...”4 гэх дүгнэлтүүд хийж, шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг дараах үндэслэл, шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Үүнд:

Гэмт хэргийн шинжгүй тухайд: Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа өөрийн нэр холбогдсон асуудлыг Иргэний эрх зүйн шинжтэй харилцаа хэмээн үзэж, уул харилцааны улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, надад бусдыг залилах санаа, зорилго байгаагүй гэж мэдүүлж байсан бөгөөд өмгөөлөгч миний хувьд ч түүний урьд илэрхийлж байсан байр суурьт хүндэтгэлтэй хандаж, дэмжиж энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Нэр бүхий 3 хохирогчтой шүүгдэгчийн үүсгэсэн харилцаа нь Иргэний эрх зүйн шинжтэй харилцаа болох нь: Б.А хохирогч Б.Б-тай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, Э.С-тэй 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байх ба талуудын хэн аль нь сайн дураараа хуулийн хүрээнд гэрээний нөхцөл, агуулгыг өөрсдөө тодорхойлж, байгуулсан байдаг.

Мөн Б.А нь Б.Б, Э.С нартай байгуулсан гэрээнд тохиролцсон төслийг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллах, хувь хүн хуулийн этгээдүүдээ сонгосон, засварын ажилд зориулж барилгын зарим нэр төрлийн бараа материал худалдаж авсан, тодорхой ажил гүйцэтгэсэн, дуу дүрсний бичлэг, баримтат кино хийх чиглэлээр үйл ажиллагааны явуулах “Нью элемент девелопмент” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хохирогч Ч.А-ийн захиалсан автомашины сэлбэгийг н.Б-нд урьдчилгаа төлбөр өгч захиалсан зэрэг нөхцөл байдлаас тодорхой харагддаг.

Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй тухайд: Шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэх талаар дүгнэлт хийхийн тулд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байх зайлшгүй шаардлагатай билээ. Энэ ч үүднээс шүүхээс тодорхой мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсэж байсан болно. Тухайлбал, Б.А нь авто сэлбэгийн худалдаа эрхлэх зорилгоор “Авто экспо-авто сэлбэг” худалдааны төв, “Жаргалант” үйлчилгээний төвд талбай түрээсэлж байсан, хувь хүн, хуулийн этгээдүүдээс бараа бүтээгдэхүүн, сэлбэг, эд анги авч, цааш худалдан борлуулдаг байсан, хохирогч Ч.А-ийн сэлбэгийг ОХУ-руу н.Б гэгчид урьдчилгаа мөнгө өгч захиалсан, түүнчлэн миний гэрийг авраач шоу нэвтрүүлэгтээ хувь хүн, хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллахаар тохиролцсон байсан, уг төслөө хэрэгжүүлэхээр нэр бүхий иргэдтэй баг болж ажиллаж байсан байдаг бөгөөд энд дурдаж байгаа нөхцөл байдлуудыг тодруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авахуулах хүсэлтийг илэрхийлж байсан ч шүүх хүлээж аваагүй болно. Гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулж, бүрэн шалгасны дараа шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шийдвэрлэх нь хууль, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ж.Тэгшмандал хяналтын шатны шүүх  хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Б.А-ийн гомдлууд нь дэлгэрэнгүй бичигдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх дээр яагаад эрх нь зөрчигдчихөв гэдэг асуудлыг тавьсан байдаг. Өнөөдөр бол би залилангийн  гэмт хэрэг үйлдээгүй эрсдэлд  орсон юм. Бусад хүмүүстэй адил ажил үүргээ гүйцэтгэж явахад гадны  нөлөөлөл үүссэн Б.Б гэж хүн фэйсбүүк зар дээр  луйварчин хулгайч гэснээс болж зарим хүмүүс гэрээгээ цуцлах, гэрээгээ татан авах  нөхцөл байдал  бий болсон. Мөн энэ хүн Д гэж хүнтэй нийлэн мөнгө, машин эд хөрөнгийг  дээрэмдэн авч, заналхийлсэн шинжтэй зүйлүүд  байсныг 4 мөрдөн  байцаагчид  шалгуулахаар  өгөөд нэг нь ч хүлээж  авч шалгаж өгөөгүй. Нотлох баримт бусад зүйлийг гаргаж өгөхөөр хүмүүстэй хийсэн гэрээ харилцан тохиролцсон тохиролцоо баталгаажуулсан баримт, компаний бичиг баримтуудыг гаргаж өгөхөөр тэр хүмүүс хэрэгт хамааралгүй гээд авдаггүй. Энэ байдлаар эрх нь зөрчигдсөн талаар анхан шатны шүүх дээр тавьдаг юм байна лээ. Анхан шатны шүүх энэ асуудлыг хүлээн аваагүй бөгөөд өмгөөлөгчөөс асуусан байдаг аль шатнаас оролцсон гэхэд, прокурорын шатнаас оролцсон гэхэд нь яагаад санал хүсэлтээ шат шатанд гаргаагүй юм гээд агуулгыг нь чухалчлаад явсан нь тэмдэглэлд тусгагдсан байдаг. Тэгэхээр оролцогчийн эрхийг хязгаарлаж байна. Тэр хүн гэмт хэрэг хийсэн ч бай, хийгээгүй ч бай өөрийгөө хамгаалах, эсхүл шалгуулах зүйлийнхээ талаар нотлох баримтыг гаргаж өгөх эрхийг мөрдөгч, прокурор хязгаарласан, үүнийг нь ч анхан шатны шүүх хүлээж аваагүй байдаг. Давж заалдах шатны шүүх дээр мөн адил хэргийг буцаалгах, нотлох баримт гаргаж өгөх талаар асуудал яригдахад анхаарч үзэлгүй Б.Алтансүхийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 , 1.3 , 1.5-д заасан нотолбол зохих зүйлүүд зөрчигдсөн байна. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн, хамтын оролцоо байсан эсэх, зөвхөн Б.А гэдэг хүн үйлдэл хийгээд явсан эсэх, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр байхгүй. Энэ хэд хэдэн аж, ахуйн нэгжийн нэр ярьдаг  “Уран ган”, “Шилмэл пилта”, 100 айлын обойны компани, “Мон мишээл” компаний Л гэх хүнтэй хамтран хувь хүн, хуулийн этгээдүүдтэй хамтарч ажиллаж байсан гэдэг. Тэр хүмүүсийн контентийг хийж, түүний хариуд тодорхой бараа, бүтээгдэхүүн авч өгдөг талаар тодорхой ярьсан байдаг. Энэ зүйлүүдийг анхаарч үзээгүй хүний эрх зөрчигдсөн байхад тоож үзээгүй. Хохирогч Б.Б-ийн хохирлын асуудал дээр бол энэ хоёр хүний байр суурь тэс өөр Б.Б 60 гаран сая төгрөг нэхдэг. Гэтэл Б.А би 10,000,000 төгрөг авсан, үүнтэйгээ энэ тэнцэхүйц бараа материалыг байранд нь зарцуулж, хүн хөлслөн ажиллуулсан Б.Б-г хохироогоогүй талаар илэрхийлдэг. Гэтэл прокурорын байр суурь нь таны гаргаж өгөөд байгаа баримт, падаанууд чинь НӨАТ-ын баримт биш, зарлагын падаан учир үүнийг үнэлэх боломжгүй гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь тогтоогдоогүй мэтээр хийсэн. Хурал дээр 15 минутын завсарлага өгсөн нь тэмдэглэл дээр тусгагдсан байдаг шүүгдэгч, хохирогч хоёрыг өгсөн авсан зүйлээ хараадах гэхэд пилта, обой зэрэг зэргийг авснаа хүлээн зөвшөөрдөг хэрнээ хохирогч үнийн дүнгээсээ хасахгүй гэдэг. Энэ зөрүүг арилгахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шинж чанар, хэр хэмжээтэй холбогдолтой дүгнэлт хийхэд бэрхшээлтэй нөхцөл байдал бий болсон байхад анхан шатны шүүх шууд шийдсэн байдаг. Шүүх дээр Б.А-ийг өөрөө пилта, обой зэрэг бараа материал авсныг тогтоох боломж байгаагүй. Хэн аль нь хамт явж авснаа хэлсэн байдаг ч хохирогч хохирлоос хасаж тооцохгүй гэсэн байхад юунд үндэслэж хохирлын асуудлыг шийдвэрлэж, няцаасан нь ойлгомжгүй. Давж заалдах шатны шүүх мөн энэ хохирол төлбөрийн асуудал дээр бодит дүгнэлт хийж чадаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.А 9,000,000-10,000,000 төгрөгийн материал авч өгсөн гэсэн падааны баримтууд гаргаж өгсөн байдаг. Б.Болортуяа 10,000,000 төгрөгийн баримтуудаас гадна өөр түрээс гэх мэтийн баримтууд гаргаж өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар хохирогч, шүүгдэгч нарын хооронд хэдэн төгрөгийн хохирол учирсан хасагдах, нэмэгдэх тооцооны асуудлыг хийх боломжгүй. Б.Б би пилта, обой авсан гэсэн хэрнээ би хэрэглээгүй гэдэг. Мөн шал, хаалга авч явсныг хохирол гэж ярьдаг. Хийсэн ажил үйлчилгээтэй холбоотой асуудал дээр шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй байхад ямар баримтыг үнэлж тогтоосон нь ойлгомжгүй. Хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих зүйлүүдийг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхийн тулд хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, эсвэл бусад хэлбэрээр зөрчсөн тохиолдол гараагүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэрээ хийгдсэн, гэрээ хийгдээгүй гэдэг асуудлын хувьд гэрч “Уран ган” компаний захирал Б.А-г гэдэг хүнээс тодруулахад ямар нэгэн гэрээ хийгдээгүй талаар хангалттай мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолдоо бичээд байгаа бизнесийн эрсдэлд орсон эсэхийг шалгаж үзэхэд эрсдэлд орсон эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчид худал хэлж хуурах, иргэний эрх зүйн гэрээг ашиглах аргаар түүний эд хөрөнгө ба уг хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн аргууд билээ.

Хуурах нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын үндсэн шинж нь юм.

Гэрээний хоёр тал нь түүний биелэлтэнд харилцан хяналт тавьж, мэдээлэл солилцох, гомдлын шаардлага гаргах зэргээр дүгнэж байсны эцэст эрсдэлд орвол үүнийг залилах гэмт хэрэг гэж үздэггүй болно.

Харин шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн иргэний эрх зүйн гэрээг залилах гэмт хэргийн халхавчинд тооцдог бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Нийгмийн сүлжээнд шүүгдэгчийн байршуулсан зар сурталчилгаанд итгэн, түүнтэй биечлэн уулзсаны үндсэн дээр хохирогч Б.Б, Э.С нар нь телевизийн нэвтрүүлэгт оролцуулж, гэрт нь засвар хийнэ гэсэн түүний үгэнд үнэмшиж “Ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 07-нд 10,000,000 төгрөг, Э.С нь 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 12,000,000 төгрөгийг Б.А-ийн данс руу тус тус шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.А нь дээрх мөнгийг хүлээн авсан боловч нэр бүхий хохирогч нартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр тэдгээрээс шилжүүлсэн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан тул түүний энэ үйлдлийг хоёр шатны шүүх нь залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Учир нь тэрээр анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан зүйлийг хохирогч нарт амлан үүнийгээ гэрээ байгуулах байдлаар тэдгээрт итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, тэдний мөнгийг хууль бусаар авсан нь гэрээгээр халхавчилсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн  агуулсан байна.

Мөн шүүгдэгч нь хохирогч Ч.А-д автомашины сэлбэгийг Оросын   Холбооны   улсын   Эрхүү  хотоос   нийлүүлнэ,   тус   сэлбэг   Эрхүү  хотод   ирсэн   байна   гэх   зэргээр   худал   хэлж   зохиомол  байдлыг зориудаар бий болгон 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны хооронд түүний 2,400,000 төгрөгийг залилсан үйл баримтыг хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч нь гурван удаагийн үйлдлээр бусдын 24,400,000 төгрөгийг залилсан, эдгээр үйлдлүүдийн алинд ч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь   хэсгүүдэд заасан хүндрүүлэх ба онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд   тогтоогдоогүй  тул  хоёр  шатны шүүх нь түүний нэг төрлийн гэмт хэргийг 3 удаа үйлдсэнийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв байна.

Энэ  хэргийн   бүрдэл,   нотлогдсон   байдал,   зүйлчлэл,  шүүгдэгчийн  гэм буруу,  гэмт  хэргийн улмаас учирсан хохирлын  хэмжээ,  түүнд оногдуулах ялын төрөл хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

Харин анхан шатны шүүх нь хохирогч Б.Б-д нөхөн төлөх хохирлын   талаар  хоёр   өөр   дүгнэлт   хийсэн,  хохирогч Э.С-т олгох  төлбөрийн хэмжээг  буруу тооцсон  зэргийг  давж  заалдах  шатны шүүх залруулж зөвтгөсөн нь үндэслэлтэй  байна.

Хяналтын журмаар гаргах гомдолд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан   шийдвэрлэх  тухай   хуулийн   40.1  дүгээр   зүйлийн   6  дахь   хэсэг  хуульчлан   тогтоосон   бөгөөд   энэ   зүйлийн  6.7-д заасны дагуу  гомдол гаргагч  нь  гомдлын  хууль зүйн   үндэслэл,  нотолгоог  уг хуулийн  39.7, 39.8 дугаар  зүйлүүдэд  заасан  нөхцөл байдалтай  уялдуулан  зайлшгүй тусгасан байх шаардлагатай билээ.

Гэтэл энэ хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцож байгаагүйн гадна хэрэгтэй танилцаагүй (өөрөө   гомдолдоо   энэ   талаар   дурдсан)  өмгөөлөгч   Ж.Тэгшмандалын гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6.7-д   заасан  “гомдлын   хууль   зүйн   үндэслэл,   нотолгоо”-ны талаар  тусгаагүй   тул   түүний   гомдлыг   хуульд   заасан   шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр шатны шүүх нь Б.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  журмыг  ноцтой  зөрчөөгүй  тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч  болон  түүний өмгөөлөгч нарын   гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 659 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6.7-д заасан шаардлагыг хангаагүй өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлээгүй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ