Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 010

 

ХААН банкны Баян-Өлгий салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 206 дугаар шийдвэртэй, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Шеруши санырау овогт Өсерийн Серикбол, Жантекей базархул овогт Ахманы Алтынгүл нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Ө.Серикболын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Үсен, хариуцагч Ө.Серикбол, түүний өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах,

(2) 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 төгрөгийг хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нараас гаргуулах,

(3) зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Ө.Серикбол, А.Алтынгүл нар нь ХААН банкны Баян-Өлгий салбараас 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №5560 тоот зээлийн гэрээ байгуулан 30000000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №7199 тоот зээлийн гэрээ байгуулан 65000000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийг тус тус авсан. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1/ Зээлдэгч Ө.Серикбол, А.Алтынгүл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн /Ү-0213001258 тоот бүртгэлтэй, Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9-р багт байрлах 2 давхар 12 өрөө амины сууц, гараж, складын хамт,

2/ Зээлдэгч Ө.Серикболын эзэмшлийн, 031303548 тоот нэгж талбарын дугаартай Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9-р багт байрлалтай хувийн эзэмшлийн газар,

3/ Зээлдэгч Ө.Серикболын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003019 тоот бүртгэлтэй, Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 4-р багт байрлах үйлчилгээний зориулалттай Авдуллали-1 дэлгүүрийн байр,

4/ Зээлдэгч Ө.Серикболын эзэмшлийн Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 4-р багт байрлах үйлчилгээний зориулалттай "Авдуллали-2" дэлгүүрийн байр,

5/ Зээлдэгч Ө.Серикболын өмчлөлийн БӨА 95-58 улсын дугаартай Nissan skyline маркийн суудлын автомашин 6/Зээлдэгч Ө.Серикболын эзэмшлийн цахилгаан бараа жагсаалтаар, гимнастикийн аппарат, гэрийн эд хогшлыг тус тус барьцаалуулан зээл авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 17601254 төгрөг, зээлийн хүүд 34298242 төгрөг, нийт 51899496 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Хариуцагч Ө.Серикбол нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас бизнесийн зээл 322 хоног хугацаа хэтэрсэн, хөрөнгө оруулалтын зээл 322 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Ийнхүү хугацаа хэтэрсний улмаас зээлдэгчид 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №5560 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №7199 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах,

2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №5560 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 19064874 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №7199 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 58333873 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 /ерэн хоёр сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулах,

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Бид 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээгээр 30000000 /гучин сая/ төгрөгийг 21,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 7199 дугаартай зээлийн гэрээгээр 65000000 /жаран таван сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай тус тус авсан нь үнэн. Зээлийг зохих журмын дагуу зарцуулж 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу саадгүй төлж байсан.

Улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор бараа материал борлогдохгүй болж сүүлийн хэдэн сар төлбөрөө төлж чадаагүй. Ингэхдээ санаатайгаар төлбөрийг саатуулаагүй. Бид төлбөрөө төлж барагдуулахын тулд өөрийн эзэмшилд байгаа зарим эд хөрөнгөө зарж борлуулахаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа зар өгч байгаа боловч одоогоор борлогдоогүй байна. Цаашид хөрөнгө борлогдсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хүүгээ төлж төлбөрөө үргэлжлүүлэн төлж явах болно. Бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний хугацаа одоогоор дуусаагүй. Би цаашид гэрээний хугацаа дууссан үед үндсэн зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах болно. ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар энэ асуудлаар өмнө нь танай шүүхэд гурван ч удаа нэхэмжлэл гаргаж байсан. Бидний авсан зээлийг төлж барагдуулах хугацаа болоогүй ба үүрэг хүлээсэн хугацаанд авсан зээл, түүний хүү, хугацаа хэтэрсний хүүг төлж бүрэн барагдуулах болно.

Иймд ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Шеруши санырау овогт Өсерийн Серикбол, Жантекей базархул овогт Ахманы Алтынгүл нараас зээлийн төлбөрт нийт 92160475 төгрөгийг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай;

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үндсэн зээлдэгч Ө.Серикбол, А.Алтынгүл нарын өмчлөлийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, Ү-0213001258 улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай, 2 давхар 12 өрөө бүхий амины сууц, гараж складын хамт, Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0277808 дугаар гэрчилгээтэй 787 м.кв талбайтай газар, Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик зах дотор байрлах, Ү-0213003019 улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай Авдуллали-1 цахилгаан барааны дэлгүүр, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-ийг баримтлан хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нарын хөдлөх хөрөнгө болох БӨА 95-58 дугаартай Nissan skyline маркын суудлын автомашин, гимнастикийн аппарат, цахилгаан бараа жагсаалтаар, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай;

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нараас 618753 /зургаан зуун арван найман мянга долоон зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ө.Серикболын давж заалдах гомдлын агуулга: Бид зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон учир ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хүсэлтээ гаргаж 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авсан зээлийн хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгуулсан. 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээгээр авсан 30000000 /гучин сая/ төгрөгийн зээлийн хугацаа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Хууль зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийн хууль болон гэрээнд заасан хугацаанд хангах ёстой.

Дээрх 2 гэрээний хугацаа дуусаагүй байхад үүрэг гүйцэтгүүлэгч талд давуу байдал олгож шүүхээс гэрээг цуцалж, зээлийн төлбөр, түүний хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус юм. Хэрэв үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгүүлэхээс татгалзаж байгаа бол энэ тухай мэдэгдэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар огт мэдээгүй. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох зөрчлийг гаргасан байхад банк зээлийн гэрээг цуцлахгүйгээр 1 жилийн хугацаанд их хэмжээний хүү, нэмэгдэл хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хэргийг дахин хянаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Зээлдэгч нар гэрээгээ зөрчиж, зээлийн эргэн төлөлтийг 405 хоногоор хэтрүүлсэн. Зээлийн хүү нь гэрээнд заасны дагуу явж байгаа. Нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас нэмэгдэж байгаа учраас чөлөөлөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нарт холбогдуулан (1) 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, (2) 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, (3) зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй буюу 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журамд нийцээгүй байна.

 

Түүнчлэн, шүүх талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээний үндсэн төлбөр, үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү зэрэг зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн дүнд тус тус нотлох баримтад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т зааснаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 497 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 6-д зааснаар тухайн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчид гардуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг үүсгэхдээ хамт шийдвэрлэж болох боловч мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-т зааснаар хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасан шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл шүүгчийн захирамжийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч талын гомдол гаргах эрхийг анхан шатны шүүх хязгаарласан нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч Ө.Серикболын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618753 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч Ө.Серикболын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618753 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

С.ӨМИРБЕК