Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 011

 

 П.Хишигдаваад холбогдох

захиргааны зөрчлийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                             

           Шүүх хуралдаанд:

           Гомдол гаргагч                                             Н.Ганчимэг   

           Нарийн бичгийн дарга                            И.Буманбаяр нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагч Н.Ганчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Баатар овогт Пунцагийн Хишигдаваа, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 20 дугаар байр 12 тоотод оршин суух, Төрийн банкны Булган аймаг дахь салбарт эдийн засагч ажилтай /ГЮ78012371 регистрийн дугаартай/.

ИТХ-ийн 20 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч П.Хишигдаваа нь Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасныг зөрчсөн зөрчилд холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаартай захирамжаар

ИТХ-ийн 20 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч П.Хишигдаваа нь Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасныг зөрчсөн гэх гомдол мэдээлэлд захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж шийдвэрлэжээ.

     Гомдол гаргагч Н.Ганчимэг давж заалдах гомдолдоо: “...миний компьютерийг тус штабын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр хүртэл байсныг баримтжуулж шалгаагүй, миний компьютерээр сурталчилгааны хугацаанд ашигласан баримтуудыг үйлдсэнийг тогтоогоогүй, өөрсдийн компьютерээр бүхий л ажлыг гүйцэтгэсэн гэж тайлбар өгсөн нэр дэвшигч, түүний менежер нарын компютерт сурталчилгааны үеэр ашиглагдсан баримт бичгүүд үйлдээгүй гэдгийг нотлолгүйгээр тэдний өгсөн тайлбараар өргөдөлд маань хандсан гэж үзэж байна. Нэр дэвшигч, түүний менежер нар хоорондоо мөнгөн бус хандивын гэрээ байгуулсан, байгуулах ёстой гэдгийг мэдсэн, мэдэж байсан хэрнээ надтай тус гэрээг байгуулаагүй нь Сонгуулийн тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 51.3-т заасныг санаатайгаар зөрчсөн гэж үзэж байгаа тул тус захирамжийг хүчингүй болгож дахин шалгуулж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, захиргааны зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр П.Хишигдаваад захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх захиргааны зөрчлийн материалд авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд

Гомдол гаргагч Н.Ганчимэг нь Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч П.Хишигдаваагийн сонгуулийн штабт ажиллах хугацаандаа өөрийн эзэмшлийн Dell маркийн суурин компьютерийг сурталчилгааны ажилд ашиглуулсан гэх боловч хандивын журмаар уг компьютерийг нэр дэвшигч П.Хишигдаваад өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө” гэж заасан бөгөөд

мөн гомдол гаргагч нь “...компьютер ашиглуулсан төлбөрт 50.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн тайлбарыг гаргасан байх боловч мөнгөн бус хандивт ”… хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх ..., ...үнэ төлбөргүй үйлчилгээ…” зэргийг хамааруулахаар Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д тусгажээ.

Иймд Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч П.Хишигдаваа нь сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдол гаргагч Н.Ганчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гомдол гаргагч Н.Ганчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН                            

                      ШҮҮГЧИД                                           С.ЦЭЦЭГМАА        

                                                                                  С.УРАНЧИМЭГ