Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 234

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

     2019         02            04                                     234  

 

                                                                                          

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Х.Гд холбогдох эрүүгийн 1906 00008 0237 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Герман хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-642 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ЦБ77061218 регистрийн дугаартай, Боржигин овогт Х.Г,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-642 тоотод буюу гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Дарийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00008 0237 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Г.Дарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Х.Г 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орой цагийг нь санахгүй байна гэртээ согтуу архи ууж байснаа намайг чи миний хүүхдийн үхэлд буруутай гэж агсарсан. Х.Г 2 дахь өдрөө үргэлжлүүлэн гэртээ архи ууж байсан юм. Манай бага хүүхэд маань 2018 оны 10 дугаар сард өвчний улмаас 8 сартай байхдаа нас барсан юм. Х.Г бид хоёр 16 жилийн өмнө гэр бүл болж хамт амьдрах болсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай одоо 6-15 насны 2 хүүхэдтэй. Тэр өдөр Х.Г намайг нүүр рүү гараараа цохиж унагаагаад дээр гарч сууж байгаад нүүр рүү 4-5 удаа гараа атгаж байгаад цохьсон, босоод миний цээжний зүүн тал руу 2-3 удаа өшиглөсөн тэгээд зодохоо больсон. Тэгээд Х.Г агсрах нь гайгүй болоод унтахаар нь цагдаа дуудсан. Х.Г 2 өдөр тасралтгүй гэртээ архи ууж байсан. Тухайн үед намайг зодохдоо нэлээн согтолттой байсан. Өмнө нь намайг архи уухаараа агсам согтуу тавьж зоддог байсан. Цагдаагийн байгууллагад 4 жилийн өмнө 1 удаа өгсөн боловч Х.Г зүрхний өвчтэй гээд баривчилгаанд яваагүй. Мөн 2 удаа салах гэж байгаад буцаад нийлж байсан. Миний биеийн байдал одоо гайгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,  

 

 

            Шүүгдэгч Х.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчим гэртээ архи авч уучихаад гадагшаа гарсан. Тэгээд гадуур явж байгаад 17 цагийн орчим гэртээ буцаж ирэхдээ архи авч орж ирээд эхнэр Г.Дарийн хамт архиа хувааж уусан. Эхнэр бид хоёр архи ууж байхдаа талийгаач хүүхдээсээ болж маргалдсан. Маргалдаж байхдаа эхнэр Г.Дарийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж унагасан. Тэгсэн манай 6 настай охин болиоч гэж байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг унтаж байхад 00 цагийн орчим 2 цагдаа ирээд бос явъя гэж байсан. Тэгээд би ухаан орсон. Тэгээд намайг эрүүлжүүлсэн. Маргааш нь эхнэр Г.Дарийг харахад эрүүний доод хэсэг нь хөхөрчихсөн, зодуулчихсан шинжтэй байсан. Би тэгээд эхнэр Г.Дарийг зодсон юм байна гэж мэдсэн. Би тэр өдөр 2 шил архи эхнэртэйгээ хамт хувааж уугаад нэлээд согтсон байсан. Манай эхнэр ч гэсэн бас уусан халамцуу байсан. Би эхнэр Г.Дарийтай талийгаач хүүхдээсээ болж маргалдсан. Тэгээд эхнэрээ зодсон байна. Би эхнэрээ зодсоноо гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 328 дугаартай:

Г.Дарийгийн биед доод эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/,

 

Гэмтэл хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12 тал/,

Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 35 тал/,

Х.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22 тал/, гэрлэлиийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Х.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Х.Ггийн гэр бүлийн хамааралтай эхнэр Г.Дарийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Х.Гг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

                                          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Гд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ