Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01783

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр Дуга210/МА2023/01783

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03325 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Х-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,268,734.30 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7,415,027 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмардорж, Г.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Б.Хосбаяр нь ******* ХК-тай 2018 оны 03 сарын 23-ны өдөр 3Г1175114228 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай хадгаламж барьцаалсан зээл авсан.

Зээлийн хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3Г1175114228-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж хугацааг 24 сараар сунгасан. Хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3Г1175114228-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр дахин 24 сараар дахин сунгасан.

 

Тухайн зээлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банк зээлийн хугацаа дууссаны дараа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 21,138,397.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,722.85 төгрөг буюу нийт 21,268,734.30 төгрөгийг төлөөгүй байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ХК-д гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Хосбаярын тайлбар, татгалзлын хариу:  

*******ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Хосбаяр миний бие 2015 оноос хойш 15 удаагийн хадгаламж барьцаалсан зээл авсан. *******ны хадгаламж барьцаалсан зээлийн хугацааг 2 жилээр сунгаж, дунд хааж, дахин сунгаж, 2020 онд хамгийн сүүлд дэлхий нийтээр Ковид халдварт өвчний хөл хориог Монгол улс даяар тогтоосон хугацаа таарсан.

*******ны ШУТИС салбар бүх өнгөрсөн хугацааны хүүгээ суутгаж, гэрээг сунгасан байсан бөгөөд би сүүлд очиж төлбөрийн баримт дээр гарын үсэг зурж гэрээнүүд дээр гарын үсэг зурж журмын дагуу сунгуулсан болно. Гэтэл хэдэн сарын дараагаас хадгаламж барьцаалсан зээлийн тооцоолол буруу хийсэн байна гэж ярих болсон. Би удахгүй төлнө гэсэн боловч ковидын эдийн засаг иргэдэд нөлөөлж 2019-2022 онуудад арилахгүй, орлого ороогүй зогссоны улмаас зээл төлөлт зогссон байгаа юм. Уг хадгаламж барьцаалсан зээлүүдийг Бумхүүгийн Солонго гэх иргэнд зээлүүлж хамтран бизнес хийх гэсэн боловч ковидоос болж бүрэн зогссон болно.

*******ны хадгаламж барьцаалсан зээлийн журам нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийн тухай барьцаалсан хадгаламжаар хангуулахаар тооцоолон хадгаламжийн тодорхой хувьд тооцуулан зээл олгох бөгөөд гэрээний хугацааны эцэст суутган авч зээлийн тооцоогүй болсон байхаар гэрээ хийсэн байдаг. ******* санхүүгийн тооцооллын буруутай байдлаа хариуцагч надаар төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээ миний бүх хадгаламжаар суутгаад зээлээ нэхэмжилсэн нь миний хувьд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Арилжааны банк нь үйл ажиллагааны болон ажилтны гаргасан алдааны эрсдэлийг банк өөрөө хариуцаж байгаа.

******* ХК-аас олон удаа зээл авсан нь үнэн. 30,000,000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг баримтаар харлаа. 37,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж бодож байна. Одоо нэхээд байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Хосбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, агуулга:

Б.Хосбаяр би *******-д 1175100522 тоот хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд уг хадгаламжийг барьцаалан 2016 оноос хойш 15 удаагийн үйлдлээр нийт 155,400,000 төгрөгийн зээлийг авсан байдаг.

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр *******тай байгуулсан зээл болон барьцааны гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл ******* ХК нь тус зээлийг олгоход мөн нэмэлт өөрчлөлт оруулахад дотооддоо дагаж мөрддөг хэм хэмжээний акт болох Мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгож төлүүлэх журам, бүртгэл тооцооны журам зэргийг зөрчсөн байдаг. Тухайлбал мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгож төлүүлэх журамд хадгаламжийн үнийн дүнгийн 70 хувиас хэтрэхгүй хэмжээний зээлийг зээлдэгчид олгох байтал Б.Хосбаяр миний хадгаламжийн үнийн дүнгийн давсан хувь хэмжээний зээлийг надад олгосон байсан. Мөнгөн хадгаламж барьцаалан зээл нь зээлдэгч үндсэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөх хугацаа болмогц зээлдэгчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлдэг.

Гэтэл ******* ХК нь өөрсдөө журмаа зөрчиж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан учир данснаас татан авалт хийх боломжгүй болж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Угтаа бол журмын дагуу зээл олгосон бол талуудын хооронд ямар нэгэн маргаан гарахгүй бөгөөд зээлдэгчийн данснаас зээлийн үлдэгдлийг татан авч зээлийн гэрээг дуусгавар болгох байсан бөгөөд Монгол Улсын түүхэнд хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан анхны тохиолдол гэж үзэж байна.

Миний зүгээс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт 37,415,027 төгрөг шилжүүлсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор авсан өгсөн зүйлийг буцаах үр дагавар үүснэ. Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх тул илүү шилжүүлсэн 7.415.027 төгрөгийг ******* ХК-аас шаардаж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Хосбаяраас үндсэн зээл 21,138,397.20 төгрөг, хүү 108,614.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,722.85 төгрөг, нийт 21,268,734.30 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ******* ХК-д холбогдох 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ1175114228 тоот зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 7,415,027 төгрөгийг буцаан гаргуулах тухай Б.Хосбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.4, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 264,294 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 441,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Б.Хосбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... *******ны Ерөнхий захирлын 2006 оны 143 тоот тушаалын хавсралтын тушаалаар баталсан Мөнгөн хадгаламжийг барьцаалан зээл олгох, төлүүлэх журам-д заасан зохицуулалтыг зээл олгох үед зөрчсөн эсэх нь тухайн банкны дотоод харилцаанд хэрэгжих зохицуулалт гэж дүгнэсэн учир дутагдалтай.

Учир нь тус журам нь Мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгох, төлүүлэхтэй холбоотой бөгөөд гуравдагч этгээдэд буюу харилцагчидтай холбоотой гадагш чиглэсэн хэм хэмжээний акт байхад банкны дотоод харилцаанд хэрэгжих зохицуулалт гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь тус журмыг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг хариуцагч хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хариуцагч миний бие хадгаламж барьцаалан зээл авахдаа зээлийн эргэн төлөлтийг хадгаламжаас төлөөд дуусна гэж тооцож зээл авсан. Тухайн үед үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү миний хадгаламжаас хэтэрсэн гэдгийг надад огт хэлээгүй.

 

5.2.Мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгох, төлүүлэх журам-ын 5.1.2-т мөнгөн хадгаламжийн тухайн өдрийн үлдэгдэл нь зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахуйц хэмжээтэй байх, 6 дугаар зүйлийн 6.1.12-т ахлах нягтлан бодогч нь зээл хүсэгчийн талаарх ямар нэгэн мэдээлэл, баталгаат гарын үсэг зөрсөн, зээлийн хэмжээ зээлийн дээд хэмжээнээс давсан тохиолдолд зээлийн гүйлгээ хийхээс татгалзана. хэмээн заасан.

Дээрх зохицуулалтаас үзвэл хадгаламжид байгаа үлдэгдэл нь зээл үндсэн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахуйц хэмжээтэй байх тус хэмжээг хэтэрсэн тохиолдолд зээлийн гүйлгээ хийхээс татгалзах талаар зохицуулсан байдаг. Гэтэл шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

 

5.3.2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаан товлон зарлагдаж шүүхээс 15966 дугаартай Шүүхийн хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж гаргасан.

Тус захирамжийн захирамжлах нь хэсгийн 4 дэх заалтад Шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан боловч гомдол гаргах эрхийг минь хязгаарлаж, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг товлож, хэргийг хянан хэлэлцсэн.

 

5.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ хэмээн хуульчилсан.

Хариуцагч байгууллага нь тухайн жилийн мөнгөний ханшийг үндэслэн хадгаламжийн хэдэн хувьд зээл олгох талаар жил бүр гүйцэтгэх захирлын тушаалаар Мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн бүтээгдэхүүний нөхцөл батлах тухай нэртэй тушаал гардаг талаар хариуцагч байгууллагад ажиллаж байсан ажилтнаас олж мэдсэн албан бус мэдээлэл тус тус тушаалыг гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хэмээн миний бие үзсэн.

Гэтэл хариуцагч миний зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч байгууллагаас 2015 оноос 2020 оны хооронд гарсан Мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн бүтээгдэхүүний нөхцөл батлах тухай тушаал, зээлийн бодлого журам зэргийг гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээн авалгүй нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна.

 

Иймд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 03325 тоот Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн заасанд нийцнэ гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.Хосбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,268,734 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7,415,027 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Б.Хосбаяр нь ******* ХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15 удаа зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч нь дээрх гэрээнүүдээр тохирсон мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Б.Хосбаярын ******* дахь дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-6-10, 55-107/

 

4.Дээрх үйл баримтын талаар талууд маргаангүй, харин хадгаламж барьцаалан зээл олгохдоо хадгаламжийн үнийн дүнгийн 70 хувиас хэтрэхгүй хэмжээний зээлийг зээлдэгчид олгох журмыг зөрчсөн, энэ талаар мэдэгдээгүй гэх үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.

4.1.Талууд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээл болон барьцааны ЗГ1175114228 дугаартай гэрээгээр, зээлдүүлэгч нь 30,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлэхээр, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч Б.Хосбаяр нь тус банк дахь өөрийн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө, дэвтрийг барьцаалсан байна. /хх 6/

Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ1175114228-А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр өмнө байгуулсан ЗГ1175114228 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүүг 20.8 хувь, гэрээний хугацааг 2 жилээр сунгасан, мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан хугацааг дахин 2 жилээр сунгасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх 8-9/

Дээрх гэрээг байгуулагдах үед барьцаа хөрөнгө болох зээлдэгч Б.Хосбаярын хадгаламж дахь мөнгөн хөрөнгө 172,000,000 төгрөг гэж бичигдсэн байжээ. /хх-42/

 

4.2.1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч ******* ХК нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Хосбаярын данс руу шилжүүлсэн болох нь түүний дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна./167-168/ Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

4.3.******* ХК, Б.Хосбаяр нар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнээс хойш 8 удаа зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн байна. /хх-55-107/

Хариуцагч Б.Хосбаярын зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч ******* ХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн үүргийг барьцаа хөрөнгө болох мөнгөн хадгаламж дахь мөнгөн хөрөнгөөс суутган тооцож, гүйцэтгээгүй үүрэг болох 21,138,734 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

5.Хариуцагч Б.Хосбаяр нь хадгаламж барьцаалан зээл авсан, зээлийн үүрэг хадгаламжаар төлөгдөх ёстой, банкны ажилтан журмаа зөрчиж зээл олгосон, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир илүү шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна гэж тайлбарлан, илүү төлсөн 7,415,027 төгрөг нэхэмжлэгч ******* ХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

5.1.Хэлцлийн талаар хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн татгалзал байх тул хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

5.2. ******* ХК нь Б.Хосбаярт зээл олгохдоо барьцаа хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг буруу тооцоолсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын Мөнгөн хадгаламжийг барьцаалан зээл олгох, төлүүлэх журам нь тус байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарахаас гадагш чиглэсэн зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй. Иймээс энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

5.3.Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул гэсэнөөрчлөлтийг оруулна.

 

6.Хариуцагч Б.Хосбаяр нь шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

6.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг баримтлаагүй нь буруу болжээ. Уг алдаатай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй гэж заасан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

6.2.Шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн бүтээгдэхүүний нөхцөл батлах тухай тушаал, зээлийн бодлого журам зэргийг нотлох баримтаар гаргуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул ******* ХК-аас 7,415,027 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Б.Хосбаярын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705,844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД