Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

   2019        02          04                                     235

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Д.Ст холбогдох эрүүгийн 1806 07518 0195 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.С,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 8 дугаар 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Голомт банкны Офицеруудын ордны тооцооны төвөөс иргэн Д.Баттөмөрийн эзэмшлийн 5779065444 дугаарын дансанд хийгдсэн алдаатай гүйлгээний улмаас шилжүүлэгдсэн 822.580 төгрөг 65 мөнгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ст холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Д.С нь алдаатай гүйлгээг бусдыг өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Төгс-Итгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би Голомт банкны тооцооны төвд теллерээр ажиллаж байхад 18 цагийн орчимд манай банкны харилцагч Ш.Оюунчимэг нь 493.000 төгрөг, 82.034.694 төгрөгийн гүйлгээг тус тус хийгээд дахин банк хоорондын гүйлгээ хийхээр болж Хаан банкны 5779065444 дугаарын Даваадоржийн Баттөмөр РД: УР70101675 эзэмшигчтэй данс руу нь 822.500 төгрөг 65 мөнгийг шилжүүлсэн юм. Би тухайн банк хоорондын гүйлгээг хийхэд Fincore нэртэй программ дээр ажилласан бөгөөд “хэрэглэгчийн лимит хэтэрсэн байна” гэсэн алдаа заасан юм. Тэгээд хажуу талын теллер Золжаргалаар гүйлгээг дахин хийлгэсэн юм. Тэгтэл орой ажил тарах гэж байхад ахлах Урантогтох кассын бэлэн бус гүйлгээг шүүж үзээд мэдлээ Ш.Оюунчимэгийн данснаас 822.580 төгрөг 65 мөнгөөр 2 удаагийн зарлага гарсан байна гэхээр нь би хажууд байрладаг Хаан банкнаас Баттөмөр гэх хүний мэдээллийг олоод 89918422 гэсэн дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн авахаар нь Д.Баттөмөрийн эхнэр мөн үү гэхэд мөн байна гэхээр таны нөхрийн дансанд 2 удаагийн гүйлгээ орчихсон байна, нөхөртэй чинь яаж холбогдох вэ гэсэн чинь би шалгаад эргээд холбогдоё, манай нөхөр ирээгүй байна гэсэн. Тэгээд тухайн өдрөө дахин холбогдож чадаагүй юм. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин эхнэр рүү нь байгууллагын 75751111 дугаараас залгахад аваагүй, тэгээд ахлах Урантогтох өөрийнхөө 88089402 дугаараас залгаж холбогдсон чинь мэдэхгүй, мөнгө өгөхгүй гэж ярьж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Гэрч М.Сайнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

19 цагийн орчимд данс эзэмшигч Ш.Оюунчимэгийн дансны гүйлгээг тулгаж үзэхэд сүүлд хийсэн банк хоорондын буюу манай банкнаас Хаан банкны дансруу хийсэн 822.580 төгрөгийн гүйлгээ 2 удаа хийгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

Гэрч Н.Урантогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

31-ний өдөр дахин ярихад хянагч М.Сайнбилэг ойлголцоогүй учраас би ярьсан юм. Учрыг тайлбарлаж хэлэхэд дансаа шалгаж үзэхэд тийм мөнгө орж ирээгүй, гэх мэтээр өөр зүйл яриад байхаар нь тантай ойлголцохгүй юм байна гээд цагдаагаараа яв гэсэн учраас өргөдөл гаргаж хандсан юм.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Голомт банк офицеруудын ордон тооцооны төвийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6 тал/,

Ш.Оюунчимэгийн 3000006392 тоот дансны хуулга /хх-ийн 7 тал/,

Монгол банкны гүйлгээний мэдээг харуулсан зураг /хх-ийн 8 тал/,

Д.Баттөмөрийн 5779065444 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүгдэгч Д.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай нөхөр Даваадоржийн Баттөмөр “Хаан шоргоолж” ХК-д гагнуурчнаар 3 сар орчим ажиллаж байгаад ажлаасаа гарахаар болоод 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Хаан банкны дансанд нь цалин орох ёстой байсан бөгөөд нөхөр надад ажлаас залгаад цалин хийсэн байна гэж байна гэхээр нь тухайн өдөр ямар нэгэн зарлага гаргаагүй. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас тухайн данснаас 2 удаагийн гүйлгээ хийгээд бүх мөнгөө авсан, надад илүү шилжүүлсэн гэж хэлсэн боловч хүнд өртэй байсан, мөн нөхрийг ирэхээр шалгаж үзээд үнэхээр илүү мөнгө хийсэн байвал буцааж өгнө гэж бодсон. Хэрэв илүү мөнгө орсон байсан бол төлье гэж ярилцаад ажлынхаа хүнээс асуухад нь надад 900.000 орчим төгрөг орсон, тэгэхээр таны цалин минийхээс ихгүй байх ёстой гэж хэлэхээр нь дансанд илүү мөнгө орсон байна гэж мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын тухай: Д.Сийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 тал/, Голомт банкны “Офицеруудын ордон” тооцооны төвийн хохиролгүй болсон хэргийг хааж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 11, 53 тал/, Д.Сийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 57 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.С нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Сийн төлбөр тооцооны  алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Д.С нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Голомт банк нь өөрт учирсан хохирол болох 822.580 төгрөгийг шүүгдэгч Д.Сээс гаргуулан авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдл болох ажилдаа хариуцлагагүй хандсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их монгол овогт Д.Сийг алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ