| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0281/Э |
| Дугаар | 293 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 293
2019 02 20 293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Ариунжаргал,
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гонгорынхон овогт Т.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09989 0243 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Хат хүлэг” ХХК-нд авто инженер ажилтай, Баянзүрх дүүргийн 4-р хороо, Цэргийн хотхон 367-Б тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ЛЙ87070574 регистрийн дугаартай, Гонгорынхон овогт Т.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сомон” плазагийн гадна иргэн Г.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Т.Т нь хохирогч Г.Отгонбаярын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Миний биед учирсан дээрх гэмтлийг Өсөхбаяртай хамт явж байсан зүс таних Төвшөө гэх залуу надад учруулсан. Төвшөө гэх залуу Сомон плазагийн дотор байхад над руу дайраад байхаар нь би дунд хуруугаа гаргахад миний дунд хуруунаас хазсан. Тухайн үед хүмүүс салгаад би хувцасаа өмсөөд түрүүлээд гарсан. Намайг Сомон плазагийн үүдэн дээр гарч ирсэн байхад Төвшөө гэх залуу дахиж нэмээд зодсон. Тухайн үед би ухаан балартсан байсан болохоор хэн яаж зодсоныг мэдэхгүй байна. Түүнтэй хамт явсан над руу согтуу орилоод дайраад байсан нэг залуу би Уламбаясахын Өсөхбаяр гээд орилоод байхаар нь би түүний аавыг таньдаг болохоор түүнээр дамжуулаад намайг зодсон хүнийг олж авсан. Намайг зодсон Төвшөө гэх залуу надад учирсан хохирлыг барагдуулж эмчилгээ хийлгээрэй гээд 4.800.000 төгрөг өгсөн. Би нутгийн дүү болохоор энэ залууд гомдол гаргахгүй. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,
Гэрч У.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Намайг халтирч унасан байхад ангийн хүүхэд Ууганбаяр, Энхтүвшин нар намайг татаж аваад бид нар тэндээсээ шууд явцгаасан. Би Отгонбаярт гар утасны хохирол болон эрүүл мэндийн хохиролд нь 4.800.000 төгрөг түүний эхнэрийн дансаар шилжүүлж тэр дороо хохирлыг барагдуулсан. Би Отгонбаяртай гадаа Сомон плазагийн үүдэнд заамдалцахад бид 2 халтирч унасаны дараа Отгонбаяр миний дээр гараад суучихсан байхад нуруу руу нь 1-2 удаа цохисон. Би нүүр рүү нь цохиогүй бид 2 газар уначихсан байхад хажуугаас нэг хүн Отгонбаярын нүүр рүү нь өшиглөсөн. Тухайн үед би хэнийг гэдгийг мэдээгүй. Дараа нь би цуг байсан ангийн хүүхдүүд болох Ууганбаяр, Энхтүвшин, Батбагана нараас асуухад Т.Т Отгонбаярын нүүр рүү нь өшиглөсөн гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаартай:
Г.Отгонбаярын биед тархи доргилт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, шарх, дух, зүүн хацар, уруулын доод хэсэг, баруун гарын 2-р хурууны зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан ба доод зовхи, баруун нүдний доод зовхи, баруун бугалга нурууны цус хуралт, доод уруулын язарлууд, баруун гарын 3-р хурууны шарх, хумсан доорх цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,
Шүүгдэгч Т.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Шинэ жилийн арга хэмжээ 00 цаг өнгөрч байхад дуссан би арга хэмжээ дуусаад хувцас солих өрөөнд ороод гадуур хувцасаа аваад гарах гэхэд Отгонбаяр миний нүд рүү нэг удаа цохисон тэгэхээр нь Отгонбаярыг зөрүүлээд зүүн талын нүдний орчимд нэг удаа цохисон. Тэгээд бид 2-ыг хүмүүс салгасан. Тэгээд Сомон плазагийн гадаа үүдэн дээр Отгонбаяр зогсож байсан. Тэр үед Отгонбаяр над руу агсараад байхаар нь түүний дахиад нүүр рүү нэг удаа цохисон. Тэгтэл хажууд байсан хүмүүс бид нарыг салгасан. Тэгээд би ангийнхантайгаа хөдлөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Тын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 тал/, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 40 тал/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.Тын иргэн Г.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “уг залуу миний бие болон сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гонгорынхон овогт Т.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ