Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 294

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019        02          20                                   294

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Эрдэнэ,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Аад холбогдох эрүүгийн 1906 00398 0277 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.А,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 10 дугаар гудамжны 1061 тоотод өөрийн хамтран амьдрагч хохирогч Ц.Нармандахыг хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00398 0277 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Г.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Г.Атай 3 жил хамт амьдарч байгаа. Албан ёсны гэрэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 2, 3 настай 2 хүүхэдтэй. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөр Г.А нь архи уучихсан согтуу гэртээ 19-20 цагийн үед ирсэн. Г.А орж ирээд намайг хардаад утсаа шалгуул, намайг ажилтай хойгуур хүн амьтан ирдэг үү, хэнтэй уулздаг вэ гэх мэтээр хардсан. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн боловч ойлгохгүй намайг өшиглөөд алгадаад, юм авч шидсэн. Хажуу талын айлын эгч рүү залгаад цагдаа дуудаад өгөөч гэхэд хажуу айлын эгч Үнэнсайхан орж ирсэн. Намайг Г.А зодож байхад салгасан. Салгаж байх хооронд би утсаа аваад цагдаа дуудсан. Тэгтэл намайг цагдаа дуудахад нөхөр гэрээс гараад явчихсан. Миний нурууруу өшиглөсөн нуруу өвдөөд хэвтэж, явж чадахгүй байна. 2017 оны 11 сард намайг зодоод цагдаад өргөдөл гаргаад Г.А шүүхээр орж баривчилгаанд явсан. Энэ асуудлаас болоод бид 2 салсан гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 1210 дугаартай:

Ц.Нармандахын биед бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8/

 

Шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр болоод найзуудтайгаа уулзаад архи уусан. Орой гэртээ ирээд нүүрс түлээгээ авчихаад байж байсан чинь эхнэрийн утас нь дуугараад эхнэр утсаа авч ярьчихаад олигтой юм ярихгүй тасалчихсан, дахиад залгахаар нь би авахад миний хоолойг сонсоод тасалчихсан. Тэгээд би хардаад Ц.Нармандахтай муудалцаад эхнэрийн бөгс нуруу хавьцаа нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-ийн 2 тал/, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж гарган өгсөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1726 дугаар шийтгэвэр, 2018 оны 01 дүгээр 24-ний өдрийн 173 дугаар шийтгэвэр зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 9 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Аын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч болох Ц.Нармандахын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Нармандах нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй байх ба хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Г.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, гэмт хэргийн шалтгаан, гэмт хэргийн давтамж, хэргийн оролцогчдын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Г.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч Ц.Нармандахтай харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээг оногдуулсан ялыг эдэлж дуусах хүртэл тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Аад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ