Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 295

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019         02          20                                   295  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овогт Д.Нд холбогдох эрүүгийн 1906 00011 0271 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа цайны газар ажиллуулдаг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 24-567 тоотод оршин суудаг, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 739 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, УК90102476 регистрийн дугаартай, Дархчуул овогт Д.Н,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д.Н нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан зочид буудлын 7 номерын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан Г.Дамдинбазарын толгойн тус газар архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00011 0271 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

Хохирогч Г.Дамдинбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим найз Б.Дашжамц надруу залгаад Амгалан гэдэг нэртэй буудалд архи ууж байна хүрээд ир гэхээр нь би за гээд шууд тэр газар нь яваад очиход манай найз Б.Амарсанаа, Б.Дашжамц, Д.Д.Н гурав нэг шил архи уугаад сууж байсан. Д.Д.Н над руу үзчихье гээд босоод ирсэн. Тэгсэн С.Ариунболд боль гээд салгахад Д.Д.Н ширээн дээр байсан архины шилийг аваад яах ийхийн зуургүй миний зүүн нүдний дээд хэсэгт 1 удаа цохисон. Тархины томографийн шинжилгээ хийлгэж, эм тан авч ойролцоогоор 300 000 төгрөг зарцуулсан. Д.Д.Нгаас эмчилгээний болон бусад зардлаа гаргуулан авсан нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

 

Гэрч Б.Дашжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг унтаж байхад 17 цагийн орчим найз С.Ариунболд сэрээгээд босоорой Д.Д.Н Г.Дамдинбазарыг архины шилээр цохичихлоо гэсэн тэгээд босоод харсан чинь Г.Дамдинбазарын духнаас цус гарчихсан шал цус болсон байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Гэрч Б.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг 17 цагийн орчим буудалд буцаад ороод ирэхэд Д.Д.Н Г.Дамдинбазарыг архины шилээр цохичихсон Г.Дамдинбазарын толгойноос цус гарчихсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Гэрч С.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Д.Д.Н Г.Дамдинбазарыг хоёулаа үзчихье гээд байсан. Тэгсэн Г.Дамдинбазар чи намайг барахгүй гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад архиа хувааж уугаад сууж байснаа Д.Д.Н архи аяганд хийж байхдаа 0,75 граммын Чингис архины шилээр Г.Дамдинбазарын дух хэсэг рүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Шүүгдэгч Д.Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Амгаланд байрлах Амгалан нэртэй зочид буудалд найзууд болох Б.Амарсанаа, Б.Дашжамц нартай архи ууж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр архи уугаад сууж байхад гаднаас Б.Амарсанаа, Б.Дашжамц нарын найз гэх Г.Дамдинбазар орж ирсэн. Г.Дамдинбазар, Б.Амарсанаа, Б.Дашжамц нартай архи ууж байгаад тасарчихсан байсан. Нэг харахад миний хажууд С.Ариунболд сууж байгааг хараад дахин тасарчихсан. Нэг мэдэхэд Баянзүрх дүүргийн саатуулахын үүдэнд цагдаагийн машинд сууж байсан. Намайг эрүүлжүүлэхэд хонуулсан ба маргааш өглөө нь найз Б.Амарсанаа руу утсаар ярихад намайг чи өчигдөр Г.Дамдинбазарын толгойг архины шилээр цохиод хагалчихсан гэж хэлсэн. Тэгээд би Г.Дамдинбазарын толгойг архины шилээр цохьсон гэдгээ мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 528 дугаартай:

Г.Дамдинбазарт дух, зүүн дээд зовхи, зүүн хацарт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/,

 

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6 тал/,

Д.Д.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 тал/, хохирогчийн эмчилгээний зардлаа гаргуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Нгийн иргэн Г.Дамдинбазарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Д.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархчуул овогт Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ