Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01494

 

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01494

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/01993 дугаар шийдвэртэй,

 

            “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нт холбогдох,

 

            Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөболд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01066 дугаар шийдвэрээр “Б” ХХК, “Х” ХК, Б.Б нараас 247,966,050 төгрөг гаргуулан “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцааны зүйл болох “Б” ХХК-ийн өмчлөлийн - улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 1,471,000,000 төгрөгөөр, “Х” ХК-ийн 14,480 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 1,760,000,000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь өөр хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд газар нь 5,000,000,000 төгрөг, объект нь 4,500,000,000 төгрөг буюу нийт 8,500,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Эзэмшлийн газар орохгүйгээр зөвхөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь одоогийн зах зээлийн ханшаар 9,000,000,000 төгрөгөөс доошгүй үнэлгээтэй.

1.3. Үнэлгээ хийхдээ хөрөнгийн өмчлөгчийг байлцуулаагүйгээс гадна 2017 онд 900,000,000 төгрөгөөр капитал засвар хийсэн, улсаас 5,000,000,000 төгрөгийн өртөгтэй шугам сүлжээ сайжруулсан бөгөөд манай объект контор болон оюутны дотуур байр гэсэн хоёр хэсгээс бүрддэг зэрэг шаардлагатай мэдээлэл, бичиг баримтуудыг авч танилцаагүй. Түүнчлэн “Х” ХК-ийн газар дээр барьцааны хөрөнгөөс гадна 5 объект байдаг.

1.4. Шинжээчээс үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж тайланг танилцуулж, санал хүсэлтийг нь авч тэмдэглэл хөтлөх байтал энэ ажиллагааг хийгээгүй.

Иймд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01066 дугаар шийдвэрээр “Б” ХХК, “Х” ХК, Б.Б нараас 266,220,820 төгрөг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-16102, Товчооны замын - дугаартай конторын зориулалттай 1,393.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын -, - дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4/182/22851, 4-182/22852 дугаар мэдэгдлээр тус тус мэдэгдсэн.

2.2. Төлбөр төлөгч “Б” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/11 дугаар албан бичгээр тус газарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан тул 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-182/23648 дугаар мэдэгдлээр шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон.

2.3. Барьцаа хөрөнгийг хурааж авахад харилцан тохиролцоогүй үнийн саналыг ирүүлээгүй гэдэг үндэслэлээр шинжээч томилсон. Тус шинжээч томилох тогтоол дээр барьцаа хөрөнгийг тодорхой тусгаж өгсөн.

Мэдэгдэл өгөх бүртээ тэмдэглэл хөтөлж, төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаар гарын үсгийг зуруулж, баталгаажуулж байсан. Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг үнэлгээний мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гаргах ёстой гэснийг зөрчиж, тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний тайлангаар ирүүлсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулах эрхтэй хугацаагаа авсан.

2.4. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, мөн төлбөр төлөгч өөрөө үнэлгээг хүлээн зөвшөөрч, хугацаа авсан тул “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн тайлбарын агуулга:

3.1. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Хас банк” ХХК нь “Б” ХХК, “Х” ХК, Б.Б.Б нартай эвлэрлийн гэрээ байгуулаад 1066 дугаартай шийдвэрээр 266,220,820 төгрөгийг гаргуулахаар болсон.

3.2. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа болон хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн бөгөөд уг үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч компаниас бие даан худалдан борлуулах хуульд заасан хугацаа авах хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгчид 1 сарын худалдан борлуулах хугацааг өгсөн байхад шүүхэд гомдол гаргаж, хэргийг түдгэлзүүлсэн.

3.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хөрөнгийн үнэлгээчин төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хараат бусаар үнэлгээ хийх тул хэн ч байх шаардлагагүй. Үнэлгээчний үүргийг тусгайлан заасан. Энд өмчлөгч өөрөө эсхүл төлөөлөгч нь заавал байх ёстой гэсэн тусгайлсан заалт байхгүй.

3.4. Үүнээс гадна нэхэмжлэгч худалдан борлуулах нэг сарын хугацаа авсан, үнэлгээний мэдэгдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нт холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж барьцааны зүйл болох “Б” ХХК-ийн өмчлөлийн, - улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, “Х” ХК-ийн 14,480 м.кв талбайтай эзэмшлийн газрын үнэлгээг шинжээч зах зээлийн үнээс хэт доогуур 3,247,000,000 төгрөгөөр үнэлснээс гадна Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар  үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцуулж, тайлбар гаргах эрхийг олгоогүй.

5.2. Үнэлгээ хийхдээ өмчлөгчид мэдэгдээгүй, түүнийг байлцуулаагүй, барьцаанд тавьсан хөрөнгөд ороогүй 5 объект байгааг тодруулалгүй үнэлсэн зэрэг нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасаны дагуу шинжээч нь өмчийн эзнийг байлцуулаагүй, холбогдох материалтай танилцуулаагүй, шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг талуудад танилцуулж, тэмдэглэл хөтлөөгүй байхад шүүх үүнийг анхаарсангүй.

5.4. Нэхэмжлэгч тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрч тогтоогдсон үнээс багагүй үнээр бие даан нэг сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтэй бол бие даан худалдан борлуулах хугацаа авах хүсэлт гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байгаа тохиолдолд хийгдэх ажиллагаа гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзэж байна.

5.5. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Дельтмон” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлээгүй нь буруутай гэж үзэж байна.

5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01066 дугаар захирамжаар “Б” ХХК, “Х” ХК, Б.Б нар нь 265,443,137 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хас банк” ХХК-д төлөх, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

4. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Н шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох “Б” ХХК-ийн өмчлөлийн, - улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Товчооны зам - дугаартай, конторын зориулалттай, 1,393.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, “Х” ХК-ийн эзэмшлийн, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, нэгж талбарын -, - дугаар бүхий, 14,480 м.кв талбайтай газрыг орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхийг 2022 оны 09 дүгээр сарын 07ы өдөр тус тус битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 01ний өдөр тус тус хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

5. Төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/392 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна.

 

6. Шинжээчийн дүгнэлтэд үнэлэгээ хийхдээ “Б” ХХК-ийн өмчлөлийн, конторын зориулалттай 1,393.2 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, “Х” ХК-ийн эзэмшлийн, 14,480 м.кв талбайтай газар эзэмших эрхээр хязгаарлаж, эзэмшлийн газар дээр байгаа бусад үл хөдлөх эд хөрөнгө (барилга, байгууламж), бизнес үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил зэрэг хөрөнгийг үнэлгээнд хамааруулаагүй гэж дурджээ.

 

6.1. “Б” ХХК-ийн өмчлөлийн, конторын зориулалттай 1,393.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч үнэлэхдээ объектыг зөв тодорхойлсон байх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь контор болон оюутны байр гэсэн хоёр хэсгээс бүрддэг байхад дутуу үнэлсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

6.2. Харин “Х” ХК-ийн газар эзэмших эрхийг үнэлэхдээ уг газар дээр байгаа объектыг зөв тодорхойлоогүйгээс үнэлгээ буруу болжээ. “Х” ХК-ийн эзэмшлийн газар дээр зочид буудал, цехийн барилга, агуулахын барилга, цахилгааны дэд өртөөний барилга, гарааш зэрэг объектууд оршин байгаа нь “Дельтамон” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон зохигчийн тайлбараар тогтоогдсон байх бөгөөд тэдгээрээс зочид буудлаас бусад нь үл хөдлөх эд хөрөнгө болох талаар баримтгүй байна.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасан байх тул газартай салшгүй бэхлэгдсэн бусад эд хөрөнгүүдийг шинж байдлаас нь шалтгаалж үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэнэ.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан байгааг хариуцагч байгууллага анхаараагүй байна.     

 

7. Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан хөрөнгийн үнэлгээний тайланг шинжээч баталгаажуулахаас өмнө нэхэмжлэгчид танилцуулаагүй, түүнд тайлангийн талаар тайлбар авах эрх олгоогүй байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага 3 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт тус тус мэдэгдэн, тэмдэглэл хөтлөсөн байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

 

8. Мөн анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлаагүйг зөвтгөв.

 

9. Дээрх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/01993 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс, товчооны зам - дугаартай конторын зориулалттай 1393.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,471,925,186 төгрөгөөр, “Х” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын -, - дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 14,480 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 1,766,560,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “7.1.2” гэснийг “7.1.4” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА