| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0297/Э |
| Дугаар | 305 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Бу.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 305
2019 02 22 305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
Нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1806 07098 0318 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Туул гарден” амралтын газарт иргэн Ө.Сэдбазарыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 07098 0318 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Ө.Сэдбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2018 оны 8 дугаар 24-ний орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул гарден ресторанд манай 10-н жилийн ангийн охин болох Номин-Эрдэнийн хуримын арга хэмжээн дээр түүний нөхөр болох Билгүүдэйгийн найзууд болох үл таних хоёр залуутай манай найз Номуундарь маргалдаж, би найзыгаа өмөөрч тухайн 2 залуутай бас маргалдсан. Гэтэл бүдүүн махлаг том биетэй залуу болох Б.Б гэгч нь миний нүүрний зүүн тал руу гараараа 2 удаа цохиж, би газар унахад миний цээжний баруун хэсэг рүү нь 2-3 удаа, нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Цээжрүү өшиглөх үед хавирга хугарч, нүүр рүү өшиглөх үед хамар хугарсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хурим тарах үед манай найз Маралмаа над дээр ирээд гадаа хүүхдүүд зодолдоод, зодоон болсон гэж хэлэхээр нь би гарч очиход Ө.Сэдбазар грашны хажууд сууж байсан. Би Ө.Сэдбазарын зүгээр эсэхийг лавлахад Ө.Сэдбазар зүгээр гэж хэлсэн. Ө.Сэдбазарын хамарнаас цус гарсан байхыг хараад тэнд байсан хүмүүст би уурласан. Тэр үед намайг зодоон болсон газраас явж бай гээд байхаар нь би тэндээс явсан. Дараа нь сонсоход Зоригоогийн хугарсан хуруунаас Ө.Сэдбазар барихаар нь Зоригоо уурандаа Ө.Сэдбазарыг цохьсон гэж сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч О.Билгүүдэйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Номин-Эрдэнэ бид хоёр зодоон болсон газраас явсан. Ө.Сэдбазар манай эхнэрт миний хавирга, хамар хугарсан гэж ярьсан байсныг манай эхнэр надад хэлсэн. Ө.Сэдбазар Зоригоогийн хугархай хурууг мушгихаар нь Зоригоо Ө.Сэдбазарын нүүр рүү алгадсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч Н.Алтанбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би халзан толгойтой залууг тэд нараас салгаад машины зогсоол руу аваад явсан. Бид хоёрыг юм яриад зогсож байхад араас Б.Б, Ө.Сэдбазар хоёр ирээд хоорондоо маргаад, Ө.Сэдбазар Б.Бийн зүүн талын гэмтэлтэй гарнаас нь бариад, базаад авсан. Тэгсэн Б.Б тавиачээ гээд орилсон. Тэгсэн Ө.Сэдбазар гарыг нь бүр базаад байсан. Тэгээд Б.Б Ө.Сэдбазарын нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа алдагдсан боловч нөгөө залуу гарыг нь тавихгүй улам мушгиж базаад байсан. Энэ үед би салгах гэсэн боловч халзан толгойтой залуу намайг зуурч аваад бид 2 зодолдсон. Б.Б Ө.Сэдбазарын нүүр рүү 2-3 удаа, газар унахад нь өшиглөж байх шиг харагдсан. Яг хаана нь хэдэн удаа өшиглөсөнийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Маралаа гэнэт зодоон болсон гэх газраас болиочээ гэж орилсон. Тэгэхээр нь би гүйгээд очсон. Намайг очиход М.Номуундарь, Ө.Сэдбазар нар хайрган дээр сууж байсан. Надад зодооны талаар харсан үзсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
Гэрч О.Цацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би хувцас солих өрөөнд хувцасаа солих гээд байж байхад манай ангийн охин Маралмаа орж ирсэн. Маралмаа орж ирэхдээ Ө.Сэдбазар, М.Номуундарь нар миний нүдэн дээр зодуулчихлаа. Би яаж ч чадсангүй гээд орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
Гэрч Б.Маралмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би тэд нарын араас гарсан чинь машины зогсоолын хажууд Ө.Сэдбазар, М.Номуундарь, Н.Алтанбилэг, Б.Б нар зодолдож байсан. Яг нь хэн нь хэнийгээ зодож байсныг би мэдэхгүй байна Ө.Сэдбазарын хамарнаас цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
Тухайн үед Ө.Сэдбазар гэдэг залуутай би маргалдсан. Миний өвчтэй, мэс засалд ороод удаагүй байсан гарнаас бариад хуруунуудыг нь мушгиад тавихгүй, хуруунаас цус гарсан байсан болохоор нь би гараа салгах гэж тэр залуугийн нүүр рүү 2-3 удаа цохьсон. Тэр үед хамар нь хугарсан байх. Газар унахаар нь бас 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед хавирга нь хугарсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10563 дугаартай:
Ө.Сэдбазарын биед баруун 4, 6 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 51 хуудас/,
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 8 тал/,
-хохирол нөхөн төлүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
-Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 тал/,
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/,
-хөдөлмөрийн алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 69 тал/,
-хохирогчийн хохирлоо авсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 82 тал/,
-шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Бийн иргэн Ө.Сэдбазарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ