Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

   2019        02          18                                    276

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ч.Батбаяр,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Я.Ганхүү,

хохирогч Г.Ариунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Мээрэн овогт Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 00000 1834 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 09-254 тоот оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 156 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ВГ86121414 регистрийн дугаартай, Мээрэн овогт Б.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 20 минутын орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тэнгэр" худалдааны төвийн хашаанд байрлах харуул хамгаалалтын байранд "Тэнгэр" худалдааны төвийн харуул хамгаалалтын ажилтан Д.Анхбаярыг эхнэртэйгээ хардсны улмаас хутгаар зүүн эрүүн тус газар нь 1 удаа, хүзүүн тус газар нь 2 удаа, зүүн гарын доод хэсгийн хэвлийн тус газар нь 1 удаа, нуруу зүүн далан тус газар нь 1 удаа хутгаар хатгаж онц, харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 09-254 тоотод өөрийн эхнэр хохирогч Г.Ариунжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                      /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 20 минутын орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тэнгэр" худалдааны төвийн хашаанд байрлах харуул хамгаалалтын байранд Д.Анхбаярыг онц, харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн,

2018 оны 09 дүгээр сарын 14-15 ны өдрүүдэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 09-254 тоотод өөрийн эхнэр хохирогч Г.Ариунжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 09 сарын 14-ний өдөр манай нөхөр Баянхонгор аймгаас ажлаасаа ирсэн юм. Би нөхөртөө хандаж "би одоо чамаас салмаар байна" гэж хэлэхэд манай нөхөр Б.Б "чамаас салахгүй" гэж хэлээд намайг орноос татаж унагаагаад мөн өргөөд шидсэн. Тэгээд хөлөөрөө миний баруун гуя болон шилбэ рүү өшиглөсөн. Тэгээд хүүхдүүд орж ирээд больсон. 2018 оны 09 сарын 15-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай ажлын гадаа ирчихсэн сууж байгаад намайг ирсэн чинь "одоо чамайг ажлаас чинь гаргана, нэг бол чамайг алчихаад явна" гэж хэслэн. Би хажуугаар нь гараад явах гэсэн чинь үснээс зулгаагаад гараараа 2 хацар руу ээлжилж алгадсан. Тэгээд хүмүүс гараад ирсэн чинь яваад өгсөн. Шөнө нь 02 цагийн үед согтуу ирээд миний хамар руу бас цохьсон, тэгээд "орилох юм бол ална шүү" гэж хэлээд хутга бариад байсан. Харин гаднаас ээж ороод ирсэн чинь хутгаа ор руу шидсэн. Б.Б нь маш олон хүнд өртэй бөгөөд авлагатай хүмүүс нь манай гэрт болон ажил дээр ирж мөнгө нэхэх нь маш хэцүү байдаг. Мөн байнгын архи уудаг бөгөөд архи уухаараа намайг зодож, цагдаад өгч эрүүлжүүлэхээр над руу өглөө нь залгаад "чи намайг ирж авахгүй бол би өөрөө гарна ш дээ гэж сүрдүүлдэг байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 180-183/,

Түүний шүүх хуралдаанд гаргасан:

Би Б.Бтай 9 жил хамт амьдарсан. Сүүлийн жилүүдэд Б.Б их өр тавьсан. Надад өр ширийн талаар мэдэх зүйл байхгүй. Б.Бын тавьсан өр ширийг нэхсэн хүмүүс манай гэрт ирж, намайг болон хүүхдүүдийг хэл амаар доромжлон цохиж, зоддог байсан. Б.Б уурхайд ажиллаж хэсэг хугацаанд гэртээ ирдэггүй. Гэртээ ирэхээрээ намайг болон том хүүгээ зоддог байсан. Б.Б уурхайд ажил руугаа явахдаа 5 ханатай гэрээ зараад гэр бүлээ гэрийн буурин дээрээ орхиод явж байсан. Б.Б намайг болон хүүхдүүдээ огт хайрхардаггүй, надад дандаа худлаа хэлж, мөнгө нэхдэг байсан. Би тэр болгонд энэ хүнийг сонгосон сонголтдоо итгэж, ар гэрийнхээ хүмүүст хэлдэггүй байсан. Би хүүхдийн хамт орох оронгүй гудамжид хонох дээрээ тулсан тул өөрийнхөө аав, ээжээс тусламж гуйсан. Би одоо эцэг, эхийнхээ хашаанд гэрт хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Б.Б надаас салснаас хойш 2018 оны 09 дүгээр сард манай гэрт ирсэн. Би өөр хүнтэй болсон талаараа хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тухайн өдрийн маргааш нь надтай ажлын үүдэнд таарч, үсдэж зодсон. Би Балжиинямыг аргалж байгаад явуулсан. Гэтэл орой нь манай гэрт ирээд надаас уучлалт гуйснаа гэнэт миний нүүр лүү цохисон. Би уйлахад Б.Б хутга авч, миний амыг дараад “дуугүй бай” гэж хэлсэн. Энэ үед ээж манай гэрт орж ирээд “юу болсон талаар” асуухад Б.Б зүгээр байгаа юм шиг дүр үзүүлсэн. Ээж гэрээс гарч яваад цагдаа дагуулж орж ирсэн. Гэтэл Б.Б ээжид хандаж “ээж одоо сүртэй шүү дээ, яг эвлэрэх гэж байхад чинь цагдаа дуудаад байхдаа яахав дээ” гэж хэлсэн. Талийгаач намайг болон манай хүүхдүүдийг хайрлаж, халамжилдаг байсан. Би гомдолтой байна гэх мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 сарын 28-ны өдөр 10 цагийн үед "цагдаагаас ярьж байна та Д.Анхбаяр гэх хүнийг таних уу" гэсэн. Тэгээд Д.Анхбаярыг нас барсан талаар хэлсэн. Манай эгч, дүү нар ярилцаж байгаад намайг хохирогчоор оролцуулахаар болсон. Би талийгаачтай хамгийн сүүлд 20 гаран хоногийн өмнө уулзаж байсан. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 5.300.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 1.524.150 төгрөг нь "Буян" компани, шүүх эмнэлэг, бензин унаанд төлсөн зардал. Баримт нь байгаа. Харин 3.775.850 төгрөг нь лам, буяны хоол хүнс зэрэгт зарцуулсан. Дээрх мөнгийг Б.Бажлиннямаас нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүү маань бусдын гарт харамсалтайгаар зовж амиа алдсанд их гомдолтой байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 64-66/,

Түүний шүүх хуралдаанд гаргасан:

Талийгаач манай эгчийн том хүүхэд юм. Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. Гурван өнчин хүүгээ тэжээн тэтгэдэг байсан. Талийгаач надад “шүүгдэгч ар гэрийнхээ хүмүүсийг зодож цохидог, гэр бүлээ хаяад явсан болон Ариунжаргал, бид хоёр хамт амьдрах гэж байгаа” гэж хэлж байсан. Шүүгдэгч талийгаачийн ажил дээр ирж, түүний амь насыг хохироосонд гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг, оршуулгын зардалд 12.200.000 төгрөг, амь хохирогчийн 60 нас хүртэл авах байсан цалин 140.000.000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 2.500.000 төгрөг, нийт 184.700.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг.

 

Гэрч Г.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би амь хохирогчийн хамтаар ажил дээрээ 08:45 цагийн орчим ирсэн. Тэгээд ажлаа хийгээд байж байсан амь хохирогч мөн ажлаа хийгээд байж байсан 12 цаг өнгөрч байхад Б.Б миний лангуун дээр ганцаараа ирсэн. Тэгээд надад цустай хутга өгөөд тэрнийг чинь би алчихсан шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ч хэлж чадаагүй, юу хэлснийг нь тухайн үед ойлгоогүй. Тэгээд би хойд хяналтын камерын өрөөнд орж камер харсан. Тэгтэл 2 давхарт гарах шатан дээр амь хохирогчийн хөл нь газар унасан байдалтай хөдөлгөөнгүй харагдаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,  

 

Гэрч Ү.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 сарын 27-ны өдөр “Тэнгэр Плаза” худалдааны төвийн хашаан дотор 3 дугаар постон дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд ажпаа хийж байтал 1 дүгээр постонд гарч байсан хамгаалагч Д.Анхбаяр гүйгээд ирсэн. Тэгээд ирээд гуйвж, дайваад, тонгойгоод “ах аа би үхлээ” гэсэн. Царай нь цонхийсон, хүзүүний зүүн талаас их хэмжээний цус гарч байсан. Зүүн хацрын доор зүсэгдсэн шархтай, зүүн эгэм орчим том ангайсан зүсэгдсэн, дүрэгдсэн шархтай байсан. Тэр үед хажууханд хамгаалагч Отгонбаатар байсан ба ирэхээр нь “түргэн дууд” гэж хэлсэн. Тэр үед үйлчлэгч Энхжаргал хойноос гүйж ирээд “хутга барьсан хүн чинь дэлгүүр рүү орчихлоо, араас нь оч” гэсэн. Энхжаргал Д.Анхбаярыг түшээд шат руу явсан. Би хутга барьсан хүний араас дэлгүүрийн заал руу ороход Д.Анхбаярыг хутгалсан залуу өндөгний тэнд байсан. Тэгээд очиж барьж аваад гавалдаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-70/,

 

Гэрч Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Д.Анхбаярын хөөсөн залууг харсан чинь хар өнгийн хувцастай залуу ар талдаа цагаан өнгийн ажлын хэсэгтэй нэлээн урт хутга барьчихсан явж байсан бөгөөд би урагшаа гүйгээд Энхбаяр, Отгоо гээд хамгаалагч нар дээр гүйгээд очиход Д.Анхбаярын хүзүү орчмоос нь цус гарчихсан хоёр хамгаалагчийн хажууд зогсож байсан бөгөөд намайг очих үед Энхбаяр, Отгоо нар тэр хутгатай хүнийг барьхаар дэлгүүрийн худалдааны хэсэг рүү гүйгээд орчихсон. Надтай үлдсэн Д.Анхбаяр эгчээ намайг авраарай, би яг үхэх гээд байх шиг байна гэхээр нь баруун талын шатны хэсэг рүү Д.Анхбаярыг дагуулаад ороход газар суугаад цусаар бөөлжөөд байсан бөгөөд тэр үед заалны зохион байгуулагчийг та хурдан түргэн тусламж дуудаадах гээд залгуулсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 72-73/,

 

Гэрч Н.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдрийн 12 цагийн үед би зогсоол дээрээ машинууд зохицуулаад явж байтал 1 дүгээр постны харуул Д.Анхбаяр гүйгээд над руу ирсэн. Тэгэхээр нь “яасан бэ” гэхэд “аллаа, авраарай” гэж хэлсэн. Тэр үед Д.Анхбаяр хэвлийгээ дарчихсан, хутгалуулсан байдалтай ирсэн. Харин Д.Анхбаярын араас танихгүй өндөр туранхай залуу гартаа нээх урт хутга барьчихсан ирж байхаар нь урдуур нь ороод болиулах гэхэд тэр залуу хутгаа савчаад “би яахаас ч буцахгүй хүн шүү” гээд байхаар нь би айгаад зай тавиад өгөх үед Д.Анхбаяр “Тэнгэр Плаза” руу гүйгээд орсон гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80/,

 

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би харуулын 9 дүгээр пост буюу “Тэнгэр плаза” худалдааны төвийн дэлгүүрийн зааланд үүрэг гүйцэтгэсэн юм. Өдрийн 12 цаг өнгөрч байх үед би дэлгүүрийн 10 дугаар кассын хажууд зогсоод зааланд хяналт тавиад байж байтал нэг мэдэхэд талийгаач Д.Анхбаяр зүүн эрүү нь зүсэгдэж цус гарсан, хүзүү ам нь нил цус болчихсон нилээн айж сандарсан шинжтэй хүрч ирсэн бөгөөд харуул Энхбаяр ирээд талийгаачийг түшиж аваад бид хоёр “яасан, юу болсон юм бэ” гэхэд талийгаач “түргэн дуудаарай” гэж хэлсэн. Тэр үед гадаа зогсоолын зохицуулагч Батбаяр гаднаас сандарсан байдалтай гүйж орч ирээд Энхбаяр бид хоёрт хандан “нөгөөх нь ийшээ орчихсон шүү, би түргэн дуудчихлаа” гэж хэлээд дэлгүүрийн заал руу гүйгээд орсон. Тэгэхээр нь би талийгаачийг хэн нэгэн нь хутгалчихаад дэлгүүр лүү орсон юм байна гэж бодсон. Тэгэхэд үйлчлэгч Энхжаргал бас гүйж ирээд талийгаачийг дагуулаад хоёр давхар луу ордог шаттай коридор луу орсон юм. Би тэгэхээр нь Батбаярын араас заал руу ороход харуул Энхбаяр нэг үл таних залууг барьчихсан байхаар нь Батбаяр бид хоёр очиж гавлаад гадагшаа авч гарсан юм. Тэгээд би эргээд дотогш ороход манай ажилтнууд бүгд сандралдчихсан байж байсан бөгөөд нэг нь надад “цус нь тогтохгүй байна" гэхээр нь би марлаар талийгаачийн эрүүг нь ороож боосон Тэгэхэд талийгаач цусаар нэг огиж бөөлжөөд дахиж ухаан ороогүй. Тухайн үед би талийгаачийг эрүүндээ л хутгалуулсан юм байна гэж бодож байсан юм. Тэгээд цагдаа ирэхээр нь талийгаачийг хутгалсан гэх залууг хүлээлгэн өгсөн. Миний мэдэх зүйл энэ байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 81-82/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2393 дугаартай амь хохирогч Д.Анхбаярын цогцост задлан шинжилгээ хийсэн:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

Хүзүүний зүүн хажуу хэсэг, зүүн дал, цээжний зүүн хажуу ар хэсгийн цээж, хэвлийн хөндийд нэвтэрч зүүн уушги, өрцийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн 9, 10-р хавирганы хөндлөн хугарал. Зүүн эрүүний булан, хүзүүний зүүн хажуу хэсгийн зүсэгдсэн шарх. Зүүн эгмийн дээд хонхрын гүн хатгагдсан шарх.

Цээж, хэвлийн хөндий дэх цусан хураа. Зүүн уушгины уналт. Хурц цус алдалт. Зүрхний ховдол хоорондын таславчийн зүүн ханан дахь Минаковын толбо. Дотор эрхтнүүдийн хурц цус багадалт. Элэгний өөхөн хувирал.

Дүгнэлт:

Д.Анхбаярын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн (6 удаагийн) үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шархнууд нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад шархнууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цусан хураа үүсч, уушги унасан, хурц цус алдсанаас цус алдалтын шок, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй байна. Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач нь АВО системээр АB(II) бүлгийн цустай байжээ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /1 хх-ийн 100-104/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаартай:

Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчдаагүй байна. Б.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /1 хх-ийн 106-107/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 11312 дугаартай:

Г.Ариунжаргалын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хамрын нуруу, зүүн шилбэний цус хуралт нь нэг хоногийн дотор, баруун гуя, шилбэний цус хуралт нь 2-4 хоногийн дотор үүссэн болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1 хх-ийн 189/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 09 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгаас өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд эхнэрийн ажлын гадаа 14 цагийн орчим очоод хүлээсэн боловч гарч ирээгүй. Тэгээд 18 цаг болж байхад ажлаасаа биш өөр газраас нэг залуугийн хамт ирсэн. Тэр залуу нь салаад явахаар нь Г.Ариунжаргалтай бид хоёр гэр рүүгээ хамт явж байгаад Г.Ариунжаргал надад "хоёулаа салъя, би өөр хүнтэй болсон, чи зүгээр л явчих" гэхээр нь би "4 хүүхдээ өөр дээрээ авна, чамаас өөр хүн надад хэрэггүй, би дахин амьдрал зохиож чадахгүй" гэж хэлсэн. Би гэртээ очоод Г.Ариунжаргалд "тэр залуугийнхаа дугаарыг өгөөдөх, би ярина" гэхэд дугаарыг нь өгөхгүй байхаар нь би утсыг нь булааж авах санаатай татсан чинь Г.Ариунжаргал газар нуруугаараа унаад босож ирээд уйлаад байсан. Маргааш нь 2018 оны 09 сарын 15-ны өглөө Г.Ариунжаргалд "би хүүхдүүдээ дагуулан тоглож байя, миний хань орой ажлаа тараад асуудлаа шийдчихээд 20 цагийн үед яваад очоорой" гэж хэлээд хүүхдүүдээ дагуулаад "Чингисийн Өргөө" цогцолборт тоглуулж байгаад орой гэр рүүгээ харих гээд замд эхнэр Г.Ариунжаргалтай таараад би тэднийг гэрийн гадаа буулгаж өгчихөөд тэр машинтайгаа яваад дэлгүүрийн гадаа зогсоод нэг шил архи авч ганцаараа гудамжинд уусан. Тэгээд согтуу шөнө гэртээ ороод эхнэртэйгээ юм яриад сууж байхад хадам ээж орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа Г.Ариунжаргалын нүүрэн тус газар нь нэг удаа цохиод байж байхад гаднаас цагдаа нар ирж намайг авч явсан. Би эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь цагдаагийн хэлтэс дээрээс зугтаачихсан. Тэгээд эхнэр рүүгээ гудамжинд хүний утсаар залгаад байгаа газраа хэлээд "хувцас дөхүүлээд өгчих, би чамтай дахин зууралдмааргүй байна" гэж хэлээд байж байхад манай эхнэр дахин цагдаа руу яриад миний байгаа газрыг хэлж өгөхөөр нь уур хүрээд очоод барьж байсан жижиг гар цүнхээр нэг удаа цохиж газар унагаагаад уурандаа бие рүү нь хэдэн удаа өшиглөөд яваад өгсөн.

Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил дээр нь буюу “Тэнгэр плаза” худалдааны төв дээр очсон. Д.Анхбаяр “Тэнгэр плаза” худалдааны төвийн баруун хойд хаалганы гол хэсэгт байдаг постон дээр гардаг юм. Би “Тэнгэр плаза” худалдааны төврүү орж Д.Анхбаяртай уулзхаасаа өмнө засмал замын баруун талд байх “Офицер” захруу орж В1 давхарт нь байх гэр ахуйн бараа зардаг павилонруу орж, худалдагч эгчээс 1 ширхэг пивар цэнхэр бариултай хутгыг 2000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэндээс гарахдаа худалдагч эгчид хандаж “би цүнхтэй хувцасаа түр орхичихоё, эргэж орж ирээд авая” гэж хэлсэн. Тэгээд жижиг урзалкан цүнхтэй хувцасаа үлдээгээд гарсан. Тэндээс гараад петровис шатахуун түгээх станцийн хойд талд байдаг “Тэнгэр плаза” худалдааны төврүү ордог засмал замаар алхаж яваад, шууд Д.Анхбаярын ажиллаж байсан постны гадаа очсон. Д.Анхбаяр постныхоо гадаа ганцаараа зогсож байсан. Би Д.Анхбаяр дээр очоод гар барьж мэндэлсэн, тэгээд уулзая гэхэд, оръё гээд постныхоо хаалгыг онгойлгоод миний урд гараад поструугаа буюу пүтэгрүүгээ орсон. Д.Анхбаяр түрүүлж ороод баруун хэсэгт нь байх сандал дээр суусан. Би араас нь орсон ба яг ард нь дагаад алхаж байсан. Сандал дээр суунгуут нь баруун ташааны хажууд тэлээндээ хавчуулсан байсан хутгаа баруун гараараа сугалаж гаргаж ирээд эхлээд Д.Анхбаярын хүзүүний зүүн хэсэг, эгэм орчимд нь 2, 3 удаа хутгалсан. Тэгээд Д.Анхбаяр суудлаасаа өнгийгөөд хагас тонгойгоод хаалгаруу зугтаах гэхэд нь зүүн хэвлий хэсэгт нь нэг удаа хутганы үзүүрээр түрсэн. Д.Анхбаяр пүтэгнээс гараад гүйх гэхэд нь араас нь зүүн дал орчимд нь нэг удаа хутгалсан. Тэгтэл Д.Анхбаяр пүтэгний хаалгыг онгойлгоод пүтэгнээс гараад гүйсэн. Би ч гэсэн араас нь гараад хөөсөн. Д.Анхбаяр шууд “Тэнгэр плаза” худалдааны төвийн хойд хаалгаруу тэнд зогсож байсан машин, хүмүүс дундуур гүйсэн. Би араас нь хөөгөөд гүйж байхад ногоон өнгийн поспортдог хантааз өмссөн хамгаалагч замд таарсан. Намайг барих гэхэд нь би хутга барьсан баруун гараараа далайсан. Тэгээд цайшаа гүйсэн чинь нөгөө хамгаалагч араас хөөгөөд байсан. Би Д.Анхбаярыг хөөхөө больж нөгөө хамгаалагчруу харж хутгатай гараараа далайсан. Тэгтэл нөгөө хамгаалагч намайг хөөхөө больж, надаас зугтаасан. Би тэр хамгаалагчийн араас хөөгөөгүй, шууд “Тэнгэр плаза” дэлгүүрлүү орж супер марктынх нь хамгийн хойд талын кассаар дэлгүүрийн заалруу орж эхнэр Г.Ариунжаргалын зогсдог, өндөг зардаг хэсэгт очсон. Г.Ариунжаргал тэндээ байж байхаар нь би Г.Ариунжаргалыг нэг удаа үнсээд “би нөгөөдөхийг чинь алчихсан шүү” гэж хэлээд, хутгаа өндөгнийх нь хайрцагруу шидчихээд яваад өгсөн. Тэгтэл өөдөөс 1 хамгаалагч ирээд намайг барьж авсан. Би эсэргүүцэл үзүүлэхгүй, шууд гавлуулсан. Удалгүй цагдаа ирж намайг авч явсан. Цагдаа нар намайг дагуулаад “Тэнгэр плаза” дэлгүүрийн урд талын хаалгаар гарах гээд явж байхад шатруу ордог хэсгийн хаалга онгорхой байсан. Тэр хаалгаар хархад Д.Анхбаяр дээшээ хараад нас барсан байдалтай, их хэмжээний цус алдсан хэвтэж байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 164-165, 195/,

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 9/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 10-21/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 22-28/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх-ийн 32/,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 33-38/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 39-49/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лаборторийн шинжээч эмч Г.Ганзоригийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6193 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 115-124/,

-хохирогч Г.Ариунжаргалын аюулын зэргийн үнэлгээний маягт /1 хх-ийн 174 тал/,

-Д.Анхбаярын нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 199, 221/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Б.Б, Г.Ариунжаргал нарын төрсөн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 196-204/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.Бын үйлдэл нь амь хохирогч Д.Анхбаярыг онц харгис, хэрцгийгээр алсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Ариунжаргал нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаатар сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг, оршуулгын зардалд 12.200.000 төгрөг, амь хохирогчийн 60 нас хүртэл авах байсан цалин 140.000.000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 2.500.000 төгрөг, нийт 184.700.000 төгрөг нэхэмжилсэн.

Үүнээс 1.524.150 төгрөгийн бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Баас гаргуулан олгож, сэтгэл санааны хохирол болох 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Б.Б хэргийн учир 194 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь хохирогч Г.Ариунжаргалд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа онц харгис, хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэлийг оногдуулж, хаалттай хорих байгуулагад ял эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэх зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогч нараас ямар нэг санал гаргаагүй тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хувцаснууд болон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэн, бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.   

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Быг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар арван долоон жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун наяан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Б.Быг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт 60 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 жил, 60 хоногийн  хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон нийт нэг зуун ерин дөрөв хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бс 1.524.150 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаатар /РД: СП80042612/-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаатарын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх бусад баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ам хохирогч Д.Анхбаярын өмсөж байсан хувцас болох урдаа цахилгаантай, зүүн энгэр дээрээ "bumer" гэсэн бичигтэй, дугуй хэлбэрийн эмблемтэй, зүүн гар талын ханцуйнаас дооших шулуун оёдол ханзарч урагдсан, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, хар ногоон өнгөтэй, хормой хэсэг нь резинэн манжатиктай богино куртик 1 ширхэг, урд талдаа хар хөх өнгийн машины зурагтай, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн размер тодорхойгүй фудволк 1 ширхэг, энгэр дээрээ дугуй хэлбэрийн дүрс бүхий зурагтай цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон размер тодорхойгүй цагаан өнгийн цамц 1 ширхэг, баруун энгэрт нь "Tenger" гэсэн бичиг, зүүн энгэрт нь Монгол Улсын төрийн далбаа оёсон, зүүн ханцуй дээр нь тэнгэр хамгаалалтын албаны бамбай дүрс бүхий эмблем хадсан, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, богино ханцуйтай, цэнхэр өнгийн размер тодорхойгүй,  сорочкин цамц 1 ширхэг, цагаан өнгийн размер тодорхойгүй жинсэн өмд 1 ширхэг,  баруун энгэр дээрээ "Security" гэсэн бичигтэй зүүн энгэр дээрээ Монгол Улсын төрийн далбаа оёсон улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, цагаан өнгийн размер тодорхойгүй хамгаалалтын цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн размер тодорхойгүй хамгаалалтын өмд 1 ширхэг, урд хэсэгтээ цагаан өнгийн одтой эрээн хар хөх өнгөтэй размер тодорхойгүй турсик 1 ширхэг, цагаан төмөр аралтай хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, урдаа үдээстэй хар өнгийн размер тодорхойгүй 1 хос гутал, цэнхэр саарал өнгийн 1 хос оймс, ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11 см, нийт 26 см урттай, цэнхэр өнгийн бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, "Тэнгэр плаза" худалдааны төвийн камерын бичлэгт үзлэг хийж, хэргийн үйл явдлыг харуулсан бичлэгийг хуулбарласан цагаан өнгийн DVD хуурцаг 1 ширхэгийг хэрэгт хавсарсугай.

 

9. Шүүгдэгч нь хохирогч Г.Ариунжаргалд төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                   ШҮҮГЧИД                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН