Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 011

 

Х.Берикболын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 210 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух Шеруши овогт Хавдолдагийн Берикболын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Х.Берикбол, түүний өмгөөлөгч К.Зулхаш, Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах, гуравдагч этгээд Х.Алмасбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дүгээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 2013 оны 07 дугаар сараас Өлгий сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажилд томилогдон ажилласан. Гэтэл аймгийн Засаг дарга Х.Дармен нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А/786 дугаар захирамж гаргаж намайг ажлаас халсан бөгөөд би уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан. Миний гомдлыг 3 шатны шүүх хэлэлцэж намайг ажилд эргүүлэн тогтоож аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/786 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Би шүүхийн шийдвэрийн дагуу урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилогдсон юм. Гэтэл Засаг дарга Х.Дармен нь ажилд томилогдоод 23 хоноогүй байхад буюу 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А/49 дүгээр хууль бус захирамж гаргаж намайг сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Х.Берикбол миний гаргасан гомдлын дагуу Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай А/49 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Х.Берикбол нь анх 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу тус сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэний нэрийг нэр дэвшүүлэх журамтай. Үүний дагуу Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдаж сонгон шалгаруулалтаар Х.Алмасбек гэх иргэн шалгарсан. Аймгийн Боловсролын газар болон Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сард хуулийн хэрэгжилтийг хангахыг шаардсан тул Х.Берикболыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэнийг томилох нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17.6, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтуудаар зохицуулагдаж байгаа. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Шеруши овогт Хавдолдагийн Берикболын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Берикбол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Х.Берикболын давж заалдах гомдлын агуулга: 1. 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 688 дугаар тогтоолын хянавал хэсэгт Аймгийн Засаг даргын 382 дугаар захирамжаар Х.Берикболыг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр түр томилсон, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явагдахад нэхэмжлэгч оролцсон гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х.Берикболыг чөлөөлж, Ж.Алмасбекийг захирлын албан тушаалд томилсон захирамж гаргасан цаг хугацаанаас үзэхэд ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна гэж хяналтын шатны шүүх дүгнэж, тогтоол гаргасан байхад анхан шатны шүүх үгүйсгэж байгаа нь хуульд нийцээгүй байна.

2. Анхан шатны шүүх байнгын орон тоо болон сул орон тоо гэх хуулийн нэр томъёог ялгаж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Би байнгын ажлын байранд түр томилох үндэслэлгүй гэж маргасан болохоос сул орон тооны талаар маргаагүй.

3. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 8.3-т Томилох эрх бүхий этгээд нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухай дүгнэлтээ нэр дэвшигчийн материал хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэр дэвшүүлсэн этгээдэд ирүүлнэ гэж заасан. Аймгийн Боловсролын газраас З.Алмасбекийг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус сургуулийн захирлаар томилохоор уламжилсан бол Засаг дарга 7 хоногийн дотор томилох эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл 2 жил 3 сарын дараа томилсон нь Засаг дарга өөрөө Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолыг ноцтой зөрчсөн байна.

4. Би сонгон шалгаруулалтад орж тэнцсэн учраас ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд томилогдох эрх үүссэн байсан. Засаг даргын А/49 дугаар захирамжтай холбоотой Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан бөгөөд уг тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шууд нотлох баримтаар үнэлж, аймгийн Засаг даргын А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгох учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдлөмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Х.Берикбол нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан (1) 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дүгээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, (2) ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, (3) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сүүлийн хоёр шаардлагаа татан авч[1], захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсчээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Х.Берикболын шүүхэд гаргасан гомдлын дагуу Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 688 дугаар тогтоолоор Х.Берикболыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Шүүхээс гарсан дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/624 дүгээр Х.Берикболыг урьд ажиллаж байсан ажилд нь томилох тухай захирамж гаргахдаа ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн түр томилж[2] шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хуулийн заалтыг буруу хэрэглэсэн учраас хариуцагчийн уг шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж тайлбарлах боловч уг үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагчийн үгүйсгэлийг үндэслэх Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 536 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар албан бичгүүд[3] хэрэгт авагдсан бөгөөд эдгээр байгууллагыг ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардах хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэдэгт тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн жолоо барих эрхийг хассан эрх бүхий байгууллагын шийдвэр, шаардлагыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон ажилтны хөдөлмөрийн гэрээг эрх бүхий комиссын шийдвэрийн дагуу дуусгавар болгох, ажилтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зэрэг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардлагыг ойлгох ба анхан шатны шүүх хуулийн уг зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүд оруулж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Берикболыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Х.Берикбол нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

Ө.Тиянах нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн учраас хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 210 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Шеруши овогт Хавдолдагийн Берикболыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.Берикбол нь нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, Х.Берикболын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.Берикбол нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК