Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 05

 

 

 

                                   

 

 

 

 

 

Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Т.Нансалмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Ц.Дарьжав,

Шүүгдэгч                                           Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                 Д.Даваасүрэн  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 157 А дугаар тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Дарьжав, иргэний хариуцагч нийслэлийн онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Д.Даваасүрэн нарын гомдлоор эрүүгийн 2014  0108  0380 дугаартай 6 хавтас 1349 хуудас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст жолооч ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, охин, 2 дүүгийн хамт Налайх дүүргийн 3-р хороо, Нарангийн 21-р гудамжны 550 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй Боржигон овогт Ганхуягийн Ганзориг, /РД:УЕ83081214/.

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 43-р гудамжны 27 тоот хашаанд оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 1277 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Энхжаргалын Мөнх-Эрдэнэ, /РД:НЭ87060599/.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2014 оны 09 сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баяндаваа гэх газарт байрлах эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог асфальтан зам дээр Т.Мөнхтуяагийн эзэмшлийн 43-79 ТӨВ улсын дугаартай Форд Эскапе маркийн тээврийн  хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчин жолоодон явж байгаад эсрэг урсгалаар зорчин явсан Г.Ганзоригийн жолоодон явсан 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас 48-98 БРА улсын дугаартай Соната-6 маркийн автомашины зорчигч Ч.Ганхүү, С.Цэндсүрэн, Б.Намжилмаа, Ж.Эрдэнэбаяр нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Г.Ганзориг 2014 оны 09 сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баяндаваа гэх газар байрлах эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог асфальтан зам дээр С.Цэндсүрэнгийн эзэмшлийн 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчин эсрэг урсгалаар зорчин явсан Э.Мөнх-Эрдэнийн жолоодон явсан 43-79 ТӨВ улсын дугаартай Форд Эскеп маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн автомашины зорчигч Ч.Ганхүү, С.Цэндсүрэн, Б.Намжилмаа, Ж.Эрдэнэбаяр нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны 157А дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Ганзориг, Боржигон овогт Энхжаргалын Мөнх-Эрдэнэ нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хоёр буюу түүнээс дээш хүний /4 хүний/ амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь зааснаар шүүгдэгч Г.Ганзориг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй болохыг тус тус дурдаж,   

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нар нь 119 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдаж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Ганзоригийн 206534 тоот жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Ганзоригт буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж,

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнд 71.649.939 төгрөг, Ц.Халтарт 48.167.866 төгрөг, П.Мөнхнасанд 62.377.198 төгрөг, С.Саруулд 56.145.198 төгрөг, “Монгол даатгал” ХХКомпаниас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарт орон сууцны төлбөрт 31.588.411 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар иргэний хариуцагч байгууллага болох Нийслэлийн Онцгой Байдлын Газраас оршуулгын зардалд 17.454.798 төгрөг, унааны зардал 140.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг нийт 18.194.798 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарт, оршуулгын зардалд 7.540.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нийт 8.040.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхнасанд, оршуулгын зардалд 12.000.000 төгрөг, 2 ширхэг гар утасны үнэ 150.000 төгрөг, замын зардал 52.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, тээврийн хөлс 530.000 төгрөг нийт 13.382.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруулд, оршуулгын зардалд 13.749.725 төгрөг, 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ болох 4.556.000 төгрөг нийт 18.305.725 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнд тус тус олгож,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн 50% болох 10.338.153 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарын нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл, байрны урьдчилгаа төлсөн нийт 11.099.328 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруулын нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны зээл 11.502.356 төгрөг, цалингийн зээл 7.301.883 төгрөг нийт 18.804.239 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар, С.Саруул, П.Мөнхнасан нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосныг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар давж заалдах гомдолдоо: “2016 оны 11-р сарын 08-ны шийтгэх тогтоолыг хуулийн хүрээнд шийдлээ гэж зөвшөөрч байсан боловч миний орон сууцны урьдчилгаанд төлсөн 14.100.000 төгрөгийн цалингийн зээл 8.050.000 төгрөг /50 %-иар бодвол 11.0999.328 төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгосон нь үнэхээр хүнд байна. Миний хүү  аав ээжээ эргэж тойрч, харж хандаж, асарч тойрдог сайн хүү байсан. Хүүгийн минь ах дүүгээрээ, ажлаа хувилдсан чадваргүй жолооч, архи дарс уусан ардаг танхай залуучууд алж хаячихаад энэ хэрэгтэй шалтгаант холбоогүй, энэ хэргээс учирсан хохирол зардал гэж үзэх үндэслэлгүй гэж удаа дараалан шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Надад асар их үнэтэй, амьдралын минь утга учир, амь биений минь тасархай үрийг минь үгүй хийчихээд 2-р сард зээл авч өгөлцсөн, 9-р сард уг хэрэг гарсан учир хамаагүй гэж үг, үсэг, тоо хуулийн хэллэг гэх мэт /хууль нь ийм байна/ төөрөгдүүлж байгаагаа болиоч. Би хүүгээ босгоод ирж чадахгүй үхэл хагацлын өмнө бууж өгч арга барагдахдаа хүүгий минь алсан буруутангаас монголын ард иргэдийн эрүүл энхийн төлөө тангарагтай 33 жил зүтгэсний төлөө төрөөс олгосон тэтгэмжээ авах ёстой гэж боддог. Цаашид энэ 4 хүн алсан 2 залуу 2 хөгшин, 2 нялх хүүхдийг харж хандаж өргөж асрах болов уу?

 Би хохирсон дээрээ хохирмооргүй байна, шуналтайдаа, баяжиж тансаглах гэсэндээ илүү юм нэхээд байгаа юм бол эх хүн үрээ тээж тэтгэж, улаан цусаа урсган байж төрүүлээд  дараа нь хүн болгох гэж яаж нойр хоолоо хасан зүтгэж арай том болохоор нь сургууль соёлд сургах, ажил мэргэжилтэй болгох гэж, 30-н жил зүтгэсэн зүтгэлийг минь 1 минутанд байхгүй болоход эх хүний ямар байдалд орсон, одоо ямар байдалд байгаа сэтгэлийн гэмтлээ тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Дарьжав давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 157 А тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна. Прокурорын яллах дүгнэлтэнд Э.Мөнх-Эрдэнэ нь 2014.09.01-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Баяндаваа гэх газарт эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог асфальтан зам дээр 43-79 ТӨВ улсын дугаартай “Форд эскапи” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчин Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж шүүхэд шилжүүлсэн. Автын осол болсон газарт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд мөргөлдсөн хоёр автомашины тормосны мөр байхгүй, Э.Мөнх-Эрдэнэ зам хөрөөдөж явсан, эсрэг урсгалд орсон ул мөр тэмдэглэгдээгүй тул шинжээчийн дүгнэлтээр түүнийг хурд хэтрүүлэх, зам тээврийн осол гарах шалтгааныг бий болгох, эсрэг урсгалаар зорчихыг хориглосон зэрэг заалт зөрчсөн хэмээн үзээгүй бөгөөд 2 машин анх мөргөлдсөн “А” цэг Э.Мөнх-Эрдэнийн зорчиж явсан эгнээнд тавигдсан байдаг ба энэ нь шинжээчийн дүгнэлтээр үндэслэлтэй хэмээн дүгнэгдсэн. Техникийн шинжээчийн дүгнэлт бодит баримтад үндэслэгдэх болохоос ямар нэгэн гэрч, сэжигтэн, яллагдагийн мэдүүлэгт үндэслэгдэхгүй учир жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох ба шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа нь нотлох баримт цуглуулах бэхжүүлэх үйл ажиллагаа учир Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон шүүхийн шинжилгээний тухай хуулийн шаардлагад нийцсэн байхыг шаардана.

Э.Мөнх-Эрдэнээс хэзээ, хаана, хэн цус авсан талаар тэмдэглэл үйлдээгүй атлаа Э.Мөнх-Эрдэнэ гэж бичсэн олон янзын хэмжээтэй эргэлзээ бүхий цусны дээжинд үндэслэн хийгдсэн согтуурлын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй нотлох чадвараа алдсан байхад шүүх үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг зөрчсөн байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул хууль зөрчсөн үйлдэл, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдож байж сая тухайн гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул хууль зөрчсөн үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдож байж сая тухайн гэмт хэргийн объектив тал тогтоогдоно. Мөнх-Эрдэнийн зорчиж явсан эгнээнд машин анх мөргөлдсөн “А” цэг тэмдэглэгдсэн байдаг ба өөрий эгнээнд зорчиж явсан түүний ямар үйлдэл осол хэрхэн нөлөөлсөн болох нь тогтоогдоогүй тул хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн тусгай зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл Мөнх-Эрдэнийг драйгер үлээлгэхэд 1 бүхэл орчим алкогель илэрсэн гэж үзвэл Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан согтуугаар автомашин жолоодохыг хориглосон ерөнхий заалт зөрчсөн байх ба энэ нь дангаараа гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг бүрдүүлдэггүй зөвхөн захиргааны зөрчлийн шинжийг бий болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөнх-Эрдэнэ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон жолоочийн үүргээ биелүүлээгүй зөрчил тухайн үед 2 машин мөргөлдөж зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлж хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн ямар заалт зөрчсөн болох нь техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй учраас яллах дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн зөвхөн 2.7-д заасныг зөрчсөн хэмээн дурдсан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Мөнх-Эрдэнэ “яаж” үйлдсэн нь тогтоогдоогүй буюу гэмт үйлдэл хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нотлогдоогүй байхад түүнд ял оногдуулсан нь хууль бус байх тул Э.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх, онцгой байдлын хошууч Д.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 157/А шийтгэх тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч анхан шатны шүүх хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдөөс гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргуулахаар шийдвэрлэсэнд дараах гомдлыг гаргаж байна.

1. Нийслэлийн Онцгой байдлын газар 1000 гаруй албан хаагчтай гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулах замаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг хэрэгжүүлж, холбогдох хууль, дүрмийн дагуу өөрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж байдаг байгууллага. НОБГ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хохирогч нарын гэр бүлд зохих туслалцаа, оршуулгын зардлыг гарган өгч, ар гэрт нь өнөөг хүртэл туслалцаа үзүүлсээр ирсэн. Шүүх хэргийг авч хэлэлцээд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг удирдлага болгон НОБГ-ыг гэм буруутайд тооцож оршуулгын зардал, тээврийн зардал, өмгөөлөгчийн хөлс, Соната-6 маркийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтыг хэрэглэлгүй хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Онцгой байдлын алба нь шаардлагатай тохиолдолд амралт, баяр ёслолыг харгалзахгүй үүрэг гүйцэтгэдэг тангараг өргөсөн цэргийн байгууллага. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу тушаал, шийдвэр гаргадаг. Үүрэг хүлээн авсан албан хаагчийг хувийн унаагаараа жолооч биш хүнээр автомашин бариулж үүрэг гүйцэтгэ гэдэг шийдвэр гаргадаггүй албаны дотоод дүрэм журмаараа ч хориотой байдаг. Тухайн үед хэлтсийн удирдлага өөрөө ийм шийдвэр гаргасны улмаас осол болсон. Анхан шатны шүүх хохирол төлсөн баримтанд тулгуурлан  хичнээн төгрөгний хохирол төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэнээс хохирол нэхэмжилж байгаад үнэлэлт өгөлгүй НОБГ-аас бүх төлбөрийг гаргуулах нь хуульд нийцээгүй шийдвэр. Төрийн байгууллага төсвөөс санхүүждэг ба аливаа үйл ажиллагааны зардал хэмжээ, зориулалт нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиар зохицуулагддаг. НОБГ хуулийн дагуу хохирогчдын ар гэрт бүхий л зардлыг гарган өгч, гэр бүлийн гишүүдийг нь ажил авч сэтгэл санааны талаас нь байнга дэмжиж тусласан тул цаашид ямар нэгэн хохирол мөнгө төлөх эрх зүйн үндэс байхгүй.

2. Нийслэлийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн миний шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн ач холбогдол бүхий мэдүүлгийг тэмдэглээгүй нь ЭБШХ-ийн 253 дугаар зүйлийн 253.2. “Шүүх хуралдаанйг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн ба дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга, орчуулагч, хэлмэрч, улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, түүнчлэн шүүхэд дуудагдан ирсэн бусад хүмүүсийн овог, эцгийн нэр, нэр, хэлэлцэж байгаа хэрэг, шүүгдэгчийн биеийн байцаалт, авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн ажиллагаа явагдсан дэс дараалал, шүүх хуралдаанд оролцогчийн өргөдөл, хүсэлт, зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр гаргасан шийдвэр, зөвлөлдөх тасалгаанд ямар тогтоол, захирамж гаргасан, шүүх хуралдаанд оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан тухай, мэдүүлгийн тодорхой агуулга, шүүх хуралдааны явцад үзлэг, нотлох баримт цуглуулах талаар хийсэн бусад ажиллагааны үр дүн, шүүх хуралдаанд оролцогоос шүүх хуралдааны тэмдэглэлд бичихийг хүссэн зүйл, шүүх хуралдааны дэг зөрчсөн бол хэн, яаж зөрчсөн, шүүх хуралдааны шүүмжлэл болон шүүгдэгчийн эцсийн үгийн товч утга, тогтоолы уншин сонсгосон ба түүнийг давж заалдах журмыг тайлбарласан тухайг шүүх хуралдааны тэмдэглэлд бичнэ” гэж заасныг зөрчсөн.

Иймээс иргэний хариуцагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.7. “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах” гэж заасан эрхийнхээ хүрээнд дээрх гомдлыг гаргаж байна.

Энэ хэргийн улмаас олон хүний аминд хүрсэн осол гаргасан этгээд нэг ч төгрөгний хохирол төлөхгүй завшиж, төрийн байгууллага тэдний өмнөөс төлбөр төлөх эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцоно” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны 157А дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Ганзориг,  Э.Мөнх-Эрдэнэ нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хоёр буюу түүнээс дээш хүний /4 хүний/ амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5  жилийн хугацаагаар хасч, 7  жилийн хорих ялыг  чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2014 оны 09 сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа гэх газарт шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь иргэн Т.Мөнхтуяагийн эзэмшлийн 43-79 ТӨВ улсын дугаартай Форд Эскапе маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” заалтыг,

шүүгдэгч Г.Ганзориг иргэн С.Цэндсүрэнгийн эзэмшлийн 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 4 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл /хх-3-9/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08шэ/071, 08шэ/072,   08шэ/069, 08шэ/070, 7843, 7844, 7840, 7839, 7846, 7845, 13111, 13240, 7817, 7818,  7768, 7767, 7752, 7758, 5322 дүгнэлтүүд, /хавтас-1 хуудас-99-100, 103, 104,121-122, 123, 124, 135-136, 154-155, 156, 157, 178, 186, 211, 235, 242, 250, хавтас-2 хуудас-14, 22, 62-64/, 2014.12.01-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт №9/32, 778/, хавтас-2, хуудас-84, 96, хавтас-5, хуудас-79-80/, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын №60 дүгнэлт /хавтас-2,хуудас-113-115/, хохирлын үнэлгээ /хавтас-2, хуудас-121-124, 126, 127/, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Г.Ганзориг нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг шалган тогтоосон,  хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Харин шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн...498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдөд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн “...Мөнхтуяа эгчийн машиныг хот оруулж зарах гэж авч явсан ба замдаа осолд орсон” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Т.Мөнхтуяагийн “...2014.09.01-ны өдөр би машинаа Мөнх-Эрдэнэд өгөөд Улаанбаатар хотод аваачаад зарчихаач гэж гуйсан. Тэгээд миний машиныг зараад өгнө гээд аваад явсан / хавтас-1, хуудас-85-86/ гэсэн мэдүүлэг,

Зам тээврийн хяналт, бүртгэлийн газрын тээврийн хэрэгслийн лавлагаа “43-79 ТӨВ улсын дугаартай, FORD Escape маркын 2003 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Тунгалаг овогтой Мөнхтуяа, Регистр№ НД90110760, Утас:99839792, Хаяг-Төв Архуст 02 Нарст 31 тоот” /хавтас-2, хуудас-170/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь иргэний хариуцагч Т.Мөнхтуяагийн эзэмшлийн 43-79 ТӨВ улсын дугаартай Форд Эскапе маркийн тээврийн  хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан, Т.Мөнхтуяа нь өөрийн эзэмшлийн автомашиныг хот оруулж заруулахаар Э.Мөнх-Эрдэнэд өгч явуулсан, уг автомашины эзэмшигч нь Т.Мөнхтуяа мөн болох нь тогтоогдсон ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулан шийдвэрлэсэн атлаа хохирол нөхөн төлөх, эсэх талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т.Мөнхтуяа нь хохирлыг хариуцвал зохих этгээд мөн бөгөөд бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх хохирлыг иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газар болон Т.Мөнхтуяа нар хувь тэнцүү хуваан төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан заалтыг зөрчсөн нь  зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 4 хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан драйгер үлээлгэсэн тэмдэглэл /хавтас-1, хуудас-32/, шинжээчийн 7767 тоот “...шинжилгээнд ирүүлсэн Э.Мөнх-Эрдэнийн гэх цусанд 1.9 промилли спиртийн алкоголь илэрч байна. Цусан дахь 1.9 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтас-1, хуудас-242/, шинжээчийн 7758 тоот “...шинжилгээнд ирүүлсэн Э.Мөнх-Эрдэнийн гэх цусанд 1.8 промилли спиртийн алкоголь илэрч байна. Цусан дахь 1.8 промилли согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтас-2, хуудас-22/, шинжээчийн 778 тоот “...Э.Мөнх-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.Энэ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь жолооч Э.Мөнх-Эрдэнийн самбаачлах хугацааг тодорхой хэмжээгээр уртасгах бөгөөд хэдий хэмжээгээр уртасгахыг техникийн шинжээч нар тогтоох боломжгүй” /хавтас-5,хуудас-79/ гэх дүгнэлт, гэрч Ц.Отгонбаатарын...”2.5 литрийн Боргио байсныг хоёулаа хувааж уусан.Тэгээд хэсэг ярьж сууж байгаад... Э.Мөнх-Эрдэнэ машинаа унаад явчихсан байсан” /хавтас-1,хуудас-91/ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...” Ц.Отгонбаатар ахынд очоод хоол идчихээд 2.5 литр боргио пиво хувааж уусан.Тэгээд 5 болж байхад тэндээс хот руу гарсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Ганзоригийн...” явж байтал гэнэт өөдөөс ирж явсан машин миний урсгалд тулаад орж ирсэн, би хурдаа хасаад зугтаж нөгөө урсгалд орох үед урсгал сөрсөн машин буцаад миний машины хажуугаас мөргөсөн...Өөдөөс ирж явсан улаан өнгийн машин асар  хурдтай явж байсан, тэр мөргөсөн эрчээр нь миний машин эргэлдээд явчих шиг болсон” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 Иймд шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх гэмт үйлдэл хор уршиг хоорондын  шалтгаант холбоо тогтоогдоогүй гэсэн өмгөөлөгчийн тайлбар  няцаагдаж байх тул  “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Монгол Даатгал” ХХК нь хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт заалгүй орхигдуулсан байх тул нэмэлт заалт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт иргэний журмаар гаргасан хохирлын хэмжээнд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хамааруулан ойлгох ба  хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгана.

Тиймээс шүүх хохирлыг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, цалингийн зээл, орон сууцны зээлийн урьдчилгаанд төлсөн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан зардалд тооцох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарын “...орон сууцны урьдчилгаанд төлсөн 7.050.000 төгрөг, цалингийн зээл 4.049.300 төгрөг, бүгд 11.0999.328 төгрөг гаргуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжавын “...Э.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 157 А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын  “...508.1...” гэсний дараа “...499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 9.097.399 төгрөг, Т.Мөнхтуяагаас 9.097.399 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Жаргалантын 8-10 тоотод оршин суух Цэрэндуламын Халтар /РД:СЭ60061363/-т,

- иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 4.020.000 төгрөг, Т.Мөнхтуяагаас 4.020.000 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, 47-14 тоотод оршин суух П.Мөнхнасан /РД:ДМ68011655/-д,

-иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 6.766.000 төгрөг, Т.Мөнхтуяагаас 6.766.000 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хорр, 41-12 тоотод оршин суух С.Саруул /РД:ГЮ81012907/-д,

           -иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 9.477.862 төгрөг, Т.Мөнхтуяагаас 9.477.862 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 22-103 тоотод оршин суух Ц.Мөнхсүрэн /РД:УД85112411/-д олгож”  гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Монгол Даатгал” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн заалт нэмсүгэй.
  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав нарын  давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нь магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

       

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Т.ЭНХМАА

                                                                                   Г.БОЛОРМАА