Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 29

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч У.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.О холбогдох эрүүгийн 1919000210014 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, Булган аймгийн Дашинчилэн суманд “Эрд хул" ХХК-нд автобусны жолооч ажилтай, , урьд 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жилийн хорих ялыг тэнсэж 1жил 6 сараар хянан харгалзах хугацаа тогтоосон, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сум дундын 8 дугаар шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар урьд 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас заримыг болох 8 сарын хорих ял дээр 4 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоон шийтгүүлж 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан  Б овогт У.О

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч У.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 3-58-28 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ж.Сыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч У.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 21-нд ажлаасаа буугаад гэртээ ирэхэд эхнэр эзгүй болохоор ажлынхан дээрээ очиж архи уусан, ойрд уугаагүй болохоор амархан согтоод тасраад буудалд нь унтсан байсан. Маргааш өглөө нь ажлынхан маань говийн мах иднэ гэхээр нь эхнэр лүү яриад мах чанаж бай гэж хэлсэн байсан. Гэртээ ирэхэд мах чанаагүй байхаар нь цохьсон. Гэрээсээ 20 хоног явсан болохоор хардсан юм болов уу гэж бодсон. Би эхнэртэйгээ муудаж байгаагүй. Харамсаж байна гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... эхнэртээ мах чаначихаарай гэж хэлсэн байсан учир уг махаа чанасан юм болов уу гээд хартал чанаагүй байсан. Тэгэхээр нь уурлаад эхнэрийгээ унтаж байхад нь нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа алгадсан. Тэгээд үргэлжлүүлэн зүүн гарынх нь булчингаас татаад буйдангаас унагаасан ...согтуудаа уур хүрээд ийм зүйл хийсэн. Би өмнө нь эхнэртээ огт гар хүрч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим амралтын өдөр байсан учраас би гэртээ амраад гэрийн том өрөөний орон дээр унтаж байтал гэнэт миний нүүр лүү нэг хүн алгадаад авах шиг болсон. Тэгээд сэрээд хартал манай нөхөр О согтуу “Чи муу согтуу байна” гэж хэлээд зогсож байсан ...миний зүүн гарын булчингаас гараараа базаж орноос босгосон ...би тэр өдөр болон тэр өдрөөс өмнө ч гэсэн нөхөртэйгээ огт маргалдаж муудалцаагүй байсан.... Би олон жил ханилсан нөхрөө уучилсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...С том өрөөний буйдан дээр унтаж байсан нээх удалгүй том өрөөнд түжигнээд явчихсан. Би бодохдоо С О нарыг муудалцаж байна гэж бодсон...Сын нүүрийг харахад хавдчихсан хамраас нь цус гарч байгаа нь харагдсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19- 20 дугаар хуудас/,

Гэрч Д.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...С, О 2 түчигнээд шуугилдаад байсан ...Сын нүүрийг нь би хартал хамар нүд зэрэг нь хавдчихсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02/020 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Ж.Сын биед баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...." гэжээ.  /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61 / зэргийг шинжлэн судлав.

                     

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 3-58-28 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ж.Сыг мах чанасангүй, архи уулаа гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч У.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 21-нд ажлаасаа буугаад гэртээ ирэхэд эхнэр эзгүй болохоор ажлынхан дээрээ очиж архи уусан, ойрд уугаагүй болохоор амархан согтоод тасраад буудаллд нь унтсан байсан. Маргааш өглөө нь ажлынхан маань говийн мах иднэ гэхээр нь эхнэр лүү яриад мах чанаж бай гэж хэлсэн байсан. Гэртээ ирэхэд мах чанаагүй байхаар нь цохьсон. Гэрээсээ 20 хоног явсан болохоор хардсан юм болов уу гэж бодсон. Би эхнэртэйгээ муудаж байгаагүй. Харамсаж байна гэв....” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим амралтын өдөр байсан учраас би гэртээ амраад гэрийн том өрөөний орон дээр унтаж байтал гэнэт миний нүүр лүү нэг хүн алгадаад авах шиг болсон. Тэгээд сэрээд хартал манай нөхөр О согтуу “Чи муу согтуу байна” гэж хэлээд зогсож байсан ...миний зүүн гарын булчингаас гараараа базаж орноос босгосон ...би тэр өдөр болон тэр өдрөөс өмнө ч гэсэн нөхөртэйгээ огт маргалдаж муудалцаагүй байсан.... Би олон жил ханилсан нөхрөө уучилсан ” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...С том өрөөний буйдан дээр унтаж байсан нээх удалгүй том өрөөнд түжигнээд явчихсан. Би бодохдоо С О нарыг муудалцаж байна гэж бодсон...Сын нүүрийг харахад хавдчихсан хамраас нь цус гарч байгаа нь харагдсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...С, О 2 түчигнээд шуугилдаад байсан ...Сын нүүрийг нь би хартал хамар нүд зэрэг нь хавдчихсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02/020 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч У.От холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б овогт У.О-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.От холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ж.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул  шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч У.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт У.О-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.От 800 / найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О нь 800000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч У.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД