Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

            улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911001500047 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Их Монгол овогт Болорын Болдбаяр, 1983 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол Бага Тойруу гудамж 30-27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд: - 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан,  хэрэг хариуцах чадвартай, РД:/................/,

          Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-77 тоотод согтуурсан үедээ хохирогч Т.Занабазарыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, толгойн оройд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Т.Занабазар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найз Очир болон түүний 10 жилийн найз Болдбаяр нартай уулзаад Дөлгөөн нуурын хажууд нэг газар орж 1 шил архи уусан. Тэгээд архиа уугаад гаръя гэтэл нөгөө Болдбаяр гэх залуу дахиад 100 грамм ууя гэсэн ба хүний 100 грамм уучихаад гараад явсан ба тэндээсээ гараад Чикаго бааранд ортол хүн байхгүй байсан учраас тэндээсээ гарсан ба би салхинд цохиулаад баарнаас гарснаас хойш юу болсоныг огт санахгүй байгаа юм. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ битүү цус болчихсон Очир намайг оруулж ирсэн гэсэн. Тэгээд маргааш нь Б.Очироотой яриад юу болсоныг мэдсэн ба Очироо бас тухайн үед тасарчихаад буцаад сэрэхэд нь би Болдбаяртай муудалцаад зууралдаад дээр доороо орсон байсан гэсэн. Тэгэж би Болдбаярт зодуулснаа мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Гэрч Д.Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чикаго бааранд ороод удалгүй гарсан. Тэндээсээ гараад бид нар мөнгөгүй болсон учир манай гэр лүү орж мөнгө авах гээд орсон. Тэгээд манай гэрт байсан тал шил архийг уугаад нэг нэг татсан. Тэгэж байгаад би нэг мэдэхэд унтаад өгсөн байсан ба нэг сэрэхэд Занабазар Болдбаяр 1 зодолдоод хоорондоо зууралдаад байж байхад нь би тэр хоёрыг салгасан ...” гэх мэдүүлэг /хх-15х/,

Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...Занабазар гэх залууг 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Занабазарын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №335 тоот дүгнэлтэд:

“1.Т.Занабазарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, толгойн оройд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-20х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-77 тоотод согтуурсан үедээ хохирогч Т.Занабазарыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, толгойн оройд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Занабазар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.