Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 83

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ойдовын Анхбаярт холбогдох эрүүгийн 2016 2503 0964 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Боржигон овогт О.А, Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 7-1329 тоотод оршин суух,

Урьд: 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ялаар,

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 15 хоног хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /.........................

           Шүүгдэгч О.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Т.Нямсүрэн, А.Баяржаргал нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 808 тоотод оршин суух Д.Дарьсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч 46 инчийн Тошиба загварын Эл Си Ди зурагтыг хулгайлан 360.000 төгрөгний хохирол учруулсан,

         2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10 дугаар гудамжны 129 тоот хашааны гадаа байрласан байсан Г.Шинэбаярын Тоёота приус 20 маркийн 61-93 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, Aser загварын зөөврийн компьютер, бичиг баримтыг нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ааас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...уг зурагтыг барьж яваад замаас такси бариад кино үйлдвэрийн хойно байх цахилгаан бараа засвар засварладаг газар аваачиж 200.000 төгрөг өгсөн шиг санаж байна. Харин энэ өдрөөс 2 хоногийн дараа цагдаад баригдаж хулгайлсан эд зүйлүүдээ хураалгасан ...”, “...2016 оны 4 сарын 28-ны өдрийн орой зурагтаа хулгайлж аваад кино үйлдвэрт зарж борлуулчихаад буцаад дэнжийн мянгын ойролцоо ирээд гэр хорооллын гудамжаар явж байгаад гудамжинд байсан приус 20 загварын автомашины цонхоор харахад машинд нөүтбүүкний цүнх харагдсан бөгөөд Т.Нямсүрэн, А.Баяржаргал бид дэлгүүр орж отверка аваад цонхыг нь хөшиж хагалаад жолоочийн суудал дээр байсан цүнхтэй нөүтбүүкийг аваад хороолол явж ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан шиг санаж байна ...” гэх мэдүүлэг /хх-65-66х, 138-139, 185-186х/,

Шүүгдэгч О.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Д.Дарьсүрэнгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 7 цагийн орчимд гэрээсээ ажилдаа гарсан. Түүнээс хойш манай аав Батболд 13 цагийн орчимд манай гэрээс гараад 16 цагийн орчимд гэртээ ирэхэд хулгай орсон байсан. Манай байшингийн цонхоор хулгайч орж 46 инчийн Тошиба маркийн зурагт хулгайд алдагдсан ...” гэх мэдүүлэг /хх-20х/,

Хохирогч Г.Шинэбаяраас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр орой 19 цагийн үед би ажлаасаа ирсэн. Тэгээд гэртээ ирэхдээ буцаад явах ажилтай байсан учир машинаа оршин сууж байгаа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 10-129 тоотын гадна гудамжинд үлдээсэн. Тэгээд гэртээ ороод байж байгаад унтчихсан. Орой 23 цагийн үед манай авга ах Лхагвасүрэн намайг унтаж байхад миний машиныг хашаанд оруулсан байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учир машины шил хагархай байсныг анзаараагүй гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед би босоод ажилдаа явах гээд гэрээсээ гараад ирэхэд миний машины зүүн хойд талын хаалганы том цонх хагарчихсан шил нь дотогшоо суудал дээр уначихсан байсан ...Машинд эд зүйлээ үзэхэд машины урд талын суудал дээр байсан саарал өнгийн даавуун цүнхэн дотор хар өнгийн АSER маркийн зөөврийн компьютер, Нарантуул ОУХТ-ийн 2016 оны ажлын төлөвлөгөөний төсөл тээшний судалгааны бүртгэл, бусад холбогдох гэрээ зэрэг зүйлсүүд байсан ...” гэх мэдүүлэг /хх-156-157х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14х/,

Эд зүйлийн үнэлгээ “...Зурагт 360.000 төгрөг ...”  /хх-21х/, “...зөөврийн компьютер 320.000 төгрөг ...” /хх-158х/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-154-155х/,

           Шүүгдэгч О.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-75-84х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.А нь Т.Нямсүрэн, А.Баяржаргал нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 808 тоотод оршин суух Д.Дарьсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч 46 инчийн Тошиба загварын Эл Си Ди зурагтыг хулгайлан 360.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10 дугаар гудамжны 129 тоот хашааны гадаа байрласан байсан Г.Шинэбаярын Тоёота приус 20 маркийн 61-93 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, Aser загварын зөөврийн компьютер, бичиг баримтыг нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Ат /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Ат эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.А нь шүүхийн шатанд хохирогч Д.Дарьсүрэнд 120.000 төгрөгийн үлдэгдэл хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 42 цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.