| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 2036000000206 |
| Дугаар | 129 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 129
Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн 56 дугаар магадлалтай Ц.Г-д холбогдох эрүүгийн 2036000000206 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй У овогт Ц-ийн Г.
Ц.Г нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг Шар хадны дөрөлж гэх газарт 10-85 БӨН улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Н.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Г-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 01 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж 56 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар хамтран гаргасан гомдолдоо: “Давж заалдах гомдол гаргахдаа шүүгдэгч Ц.Г, өмгөөлөгч Н.Очирбат бид хохирлын асуудлыг шүүх хуралдаан дээр ярина, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх гомдол гаргасан бөгөөд Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Г хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-т 11,839,607 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд 9,000,000 төгрөгийг шүүх хурлаас өмнө төлсөн. Мөн гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Харин шүүгдэгч Ц.Г-ийн өмгөөлөгч Н.Очирбат би хохирлын 11,839,607 төгрөгний тухай дурдсан бөгөөд маргаагүй.
Давж заалдах шатны шүүх хуралд хохирлын асуудлаар дурдсан үндэслэл нь шийтгэх тогтоолын 5 дахь талд хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нар хавтаст хэрэгт 13,402,239 төгрөгний тооцоог хавсаргасан, шүүх хуралдаанд 9,290,295 төгрөгний баримт, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 32,692,504 төгрөгний хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан болон шүүхэд шинээр ирүүлсэн баримтыг шинжлэн судлаад шүүгдэгчээс хохиролд 10,839,607 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 11,839,607 төгрөгийг гаргуулж, сэтгэл санааны болон бусад хохирол болох 20,853,494 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Үүнд: Оршуулгын зан үйлтэй холбоотой зардал, талийгаачийн оршуулганд оролцохоор ирсэн хүний онгоцны зардал, баримтгүй бензин, унааны зардал, нэр хаяг гарын үсэггүй баримт, хэзээ хаанаас хэн авсан нь тодорхой бус е-баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй...” гэж дурдсан. Өмгөөлөгчийн 1,000,000 төгрөгний тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дурдсан бөгөөд зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэжээ. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь төлбөрийн чадваргүй гэх баримт байхгүй, насанд хүрсэн хүн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэлийг заасан бөгөөд энэ үндэслэлд мөн хамаарахгүй байна.
Хавтаст хэргийн 121-123, 126, 128-130 дахь талд авагдсан баримтанд нийт үнийн дүнг 410,450 төгрөг гэж бичсэн боловч нийт үнийн дүнг бодоход 896,000 төгрөг болж байгаа бөгөөд худалдагч 410,450 төгрөг авсан юм уу эсвэл 896,000 төгрөг авсан юм уу гэдэг нь тодорхой бус, 131-134, 135 дахь талд авагдсан баримтны нийт үнийн дүнг бодоход 234,470 төгрөг болж байгаа боловч падаан дээрээ худалдагч (7,990 төгрөг гэж бичсэн байна, 136 дахь талд авагдсан баримтны нийт үнийн дүнг бодоход 1,196,800 болж байгаа боловч падаан дээрээ нийт үнийн дүнг 72,800 гэж бичсэн бөгөөд худалдагч 1,196,800 төгрөг авсан юмуу эсвэл 172,800 төгрөг авсан юм уу гэдэг нь тодорхой бус, 137 дахь талд авагдсан баримтуудыг үнэхээр оршуулгын зардалд хэрэглэсэн, зарцуулагдсан зүйлүүд гэж харж болохоор байна.
Харин хавтаст хэргийн 124-125 дахь талд баримт зүгээр жагсаагаад бичсэн хэн хаанаас хэдний өдөр авсан нь тодорхой бус, 127 дахь талд авагдсан баримтанд 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5 хонь авсан гэх боловч хэрэг учрал 2020 оны 08 дугаар сарын 30-ны орой болсон байдаг буюу эргэлзээтэй, 137- 143 дахь тал хүртэлх баримтууд нэр бичигдээгүй, эргэлзээтэй, хэн авсан тодорхой бус, 144 дэх талд Б гэдэг хүний билет 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Н, Б гэх хүний билет Улаанбаатараас нисэхээр бичигдсэн боловч төлбөр төлсөн баримт, е-баримт байхгүй. 168 дахь талд хохирогч Н1,000,000 төгрөг Л.Эрдэнэцэцэг өмгөөлөгчийн данс руу шилжүүлсэн боловч ажиллагааны зардалд хамаарахгүй. 170 дахь талд Н, Б гэх хоёр хүний билет 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бичигдсэн, 171 дэх талд Буянжаргал гэх хүний билет бичигдсэн боловч мөн е-баримт, орлогын мөнгө тушаасан баримт байхгүй байна. 172 дахь талд Б, Н гэх хоёр хүний Улаанбаатар төмөр замын зорчих тасалбар бичигдсэн боловч энэ нь Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу зорчсон тасалбар байна. 173 дахь талд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр онгоцны илүү тээшийн тасалбар бичигдсэн боловч нэр арилгасан, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр онгоцоор аль нэг тийшээ явсан онгоцны билет, орлогын баримт байхгүй. 178-189 дэх тал хүртэл үйлчилгээ, буяны ажилд явсан гэх хүмүүсийн тодорхойлолт авагдсан боловч мөнгө авсан, зарлага гаргасан хохирогчийн эсвэл хохирогчийн хамаатны дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, шатахуун авсан е-баримт, орлогын баримт байхгүй байна. 190 дэх талд хохирогч Н-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хас банк”-наас 100,000 төгрөг авагдсан зээлийн данс, 191 дэх талд хохирогч Х.Н “Хас банк”-наас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгний зээл авсан баримт авагдсан боловч энэ нь амь хохирогч Н.Н-тэй ямар нэгэн хамааралгүй буюу тухайн гэмт хэрэг гарахаас өмнө авсан байна. 192-204 дэх тал хүртэл авагдсан баримт бол е -баримт бөгөөд эдгээр зүйлийг юунд авсан нь тодорхой бус буюу тухайн баримтанд хохирогчийн нэр алга байна. 206 дахь талд авагдсан баримт нь тууш дэвтэр, номын хавтас, цавуу авагдсан бөгөөд энэ нь хүүхдийн хичээлийн хэрэглэл байна. 207 дахь талд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн баримт авагдсан бөгөөд үүнд дээврийн төмөр, шүрүүп, дулаалгын порлон, банз, цемент, элс, блок гэх зүйлүүд авсан бөгөөд хохирлын баримтанд хамааралгүй байна. 214 дэх талд авагдсан баримтанд кес, иштэй чихэр, шоколадны крем, крекер тус бүр нэг ширхэг авагдсан боловч он, сар, өдөр тамга тавигдаагүй, хүлээн авсан хүн гарын үсэг зураагүй байна. 215 дахь тал Зочин буузнаас 8000 төгрөгөөр 10 ширхэг бууз авагдсан гэж бичигдсэн боловч он сар өдөргүй байна. 216 дахь тал халуун сав, будаа агшаагч, халуун тогоо, таваг, памперс, цагны зай, халбага, боронк, жижиг данх гэх баримт авагдсан боловч он, сар өдөргүй, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байхгүй байна. 217 дахь талд шархны тос, хөвөн, саван, ОО цаас, памперс, утас цэнэглэгч, удирдлага гэх баримт авагдсан боловч он, сар өдөргүй хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байна. 218 дахь талд пальто, куртика, өмд, цамц куртика тус бүр нэг ширхэг авагдсан боловч тухайн баримт он, сар, өдөргүй хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байна. 219 дэх талд өлгүүр, эмийн сав, жижиг дэвтэр, алчуур шоо, ээмэгний хайрцаг, аяга, усны сав гэх баримт авагдсан боловч он, сар, өдөргүй хүлээн авсан хүний гарын үсэггүй байна. Дээрх үнэлэх боломжгүй баримтууд нь амь хохирогч Н.Н-ийн оршуулга, хохирлын баримтанд хамааралгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж баримтуудын нийт үнийн дүнг падааны доод буланд тавигдсан үнийн дүнг бодохгүйгээр 8,847,990 төгрөг болж байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд зарим хэсгийг нь дурдаж, заримыг нь дурдаж чадаагүй бөгөөд дээрх зүйлийг давж заалдах шатны шүүх хуралдаанд зүгээр дурдахыг хүссэн бөгөөд өмгөөлөгч Н.Очирбат миний бие 11,839,607 төгрөгийг төлөхийг мөн илэрхийлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Г хохирлын хувьд маргаагүй бөгөөд нөхөн төлөхөө илэрхийлдэг харин өмгөөлөгч миний бие хохирлын баримтыг дурдах, мөнгөн дүн дээр маргах хоёр ондоо өөр зүйл гэж бодож байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие хохирлын баримтыг дурдсан юм. Гэтэл Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үлдэх хохирлын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шүүгдэгч Ц.Г, түүний эхнэр ажилгүй, сургуульд сурдаг 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг авна гэсэн бөгөөд бүх мөнгийг бөөнд нь авна гээд дансаа өгөхгүй, бэлнээр мөнгө аваагүй. Шүүх хуралдаан болох өдөр хүртэл шүүгдэгч Ц.Г 2,250,000 төгрөг бэлдэж авчирсан боловч үүнийг аваагүй. Харин давж заалдах шатны шүүх хуралдаан болох өдөр дансыг нь авч шүүх хуралдаанаас өмнө өгөх гээд “Ковид-19” өвчнөөс болоод Баян-Өлгий аймаг очиж чадаагүй, 9,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн. 9,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г-ийн эхнэр Баян-Өлгийд байх хашаа, байшингаа зарж олсон бөгөөд 4 хүүхэдтэйгээ орох оронгүй болж Ховд аймагт ирж амьдарч байгаад Увс аймаг руу ээжийнх рүүгээ явсан. Хэдий хүний амь нас хохирсон, амь хохирогчийн ар гэрийн амьдрал явагдаж байгаа боловч шүүгдэгчийн мөн ар гэрийн амьдрал явагдаж байна. Шүүгдэгч Ц.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн хэрэг учрал болох үед зүүрмэглэсэн асуудлаас болоод осол гарсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэх боломжтой байна. Шүүгдэгч Ц.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-т үлдэгдэл 2,839,607 төгрөгийг тун удахгүй төлөх болно. Иймд шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Ц.Г болон өмгөөлөгч Н.Очирбат нарын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 жил хорих ял оногдуулсан хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүгдэгч Ц.Г хохирлыг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн. Миний хувьд хохирол, гэм буруугийн асуудлаар маргаагүй, гомдол гаргахдаа хохирлын талаар дурдсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хохирлын талаар маргасан гэж үзсэн. Шүүгдэгч нь өөрөө ажил хийдэггүй, эхнэр нь ажилгүй, гурван хүүхэдтэй. Энэ хэргийн улмаас амьдарч байсан хашаагаа зарж, Увс аймаг руу шилжсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9,000,000 төгрөгийг төлсөн. Иймд шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг Шар хадны дөрөлж гэх газарт 10-85 БӨН дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Н.Н-ийн амь насыг хохироосон үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялын төрөл хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохирлын хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Шүүгдэгч А.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ