Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/0023

 

“Н ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          П.Соёл-Эрдэнэ

            Шүүгчид:                           М.Батсуурь

                                                          Х.Батсүрэн

                                                          Ц.Цогт                                                              

             Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа

             Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0772 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29ий өдрийн 145 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан хянан хэлэлцэв.           

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Н ш” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “Н ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

            Хэргийн нөхцөл байдал:

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-222 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газар, Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар 6.0 га газрыг 5 жилийн хугацаагаар “Н ш” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/65 дугаар эрхийн гэрчилгээ олгосон, мөн сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/519 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан байна.

2.1.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд ирүүлсэн газар ашиглагч “Н ш” ХХК-ийн хувийн хэрэгт “Н ш” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-11, 2018 оны 06 дугаар саын 06-ны өдрийн 46 дугаар албан бичгээр тус тус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж гаргасан газар ашиглах гэрээ байгуулж өгнө үү гэх хүсэлтүүд, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2017/059 дугаартай гэрээ (талууд гарын үсэг зураагүй), 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2018/149 дугаартай гэрээ (Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, “Н ш” ХХК-ийн захирал нар гарын үсэг зурсан, Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй) баримтууд хэрэгт авагдсан, уг Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2017/059, 2018/149 дугаартай аль аль гэрээний 2.4-т ... газрын үнэлгээний 3 дугаар бүс: Талбайн хэмжээ - 6 га. Нэгжийн төлбөр 396₮/м2/. Бүгд төлбөр 1 жилд 23,760,000 (хорин гурван сая долоон зуун жаран мянган төгрөг). Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Баянзүрх дүүргийн газрын албаны Улаанбаатар хотын банк 2609005981 дугаар дансанд төлөх-өөр тус тус  заасан, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.

 2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар нэхэмжлэгч “Н ш” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан, хариуцагч уг тушаалын үндэслэлээ “... “Н ш” ХХК нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу газрын төлбөр төлж байгаагүй, зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн тул Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон” гэжээ.

2.3.Нэхэмжлэгч “Н ш” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шийдвэр гаргахдаа хуульд заасан талуудын хооронд газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй /манай компаниас үл хамаарах шалтгаанаар/ гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй нь тодорхой байхад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. ... Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой заагдсан захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах, нотлох баримт цуглуулах, оролцогчийн саналыг сонсох, сонсох ажиллагаа явуулах, оролцогчийг мэдээллээр хангах зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талаарх хугацаа нь газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэснээс хойш тоологдох ёстой. ... 2 жил өнгөрөөгүй байхад зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй ... гэх зэргээр маргав.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

3.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.

3.2.“... Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзвэл, газрын төлбөр төлөх үүрэг нь уг газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гарсан өдрөөр тооцогдохоор байна.

3.3.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх 2015 онд газар ашиглах эрх авсан атлаа журмын хүрээнд 6 сарын дотор гэрээ байгуулаагүй, улмаар 2017-2018 онд гэрээнд өөрсдөө гарын үсэг зурсан боловч эрх бүхий этгээдээс гэрээнд гарын үсэг зураагүй эс үйлдэхүйд гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүйгээс үзвэл, гэрээ байгуулагдаагүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарсан гэж үзэхээр байхын зэрэгцээ гэрээ байгуулагдаагүй нь газар ашиглах эрхийг үгүйсгэхгүй тул газрын төлбөр төлөх үүргээс газар ашиглагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.4.”Н ш” ХХК-ийн тэмдгээ дарсан 2017/059 тоот, тус хуулийн этгээдийн захирлаас гарын үсэг зурж, тэмдгээ дарсан 2018/149 тоот гэрээнүүдийн 2.4-т газар ашиглагчаас төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээг тодорхойлж, төлөх дансыг бичсэн байх тул нэхэмжлэгч талын хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй.

3.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын газар дээрээ ямар нэг үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгчээс газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх үндэслэл гаргаж маргаагүй.

3.6.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /тухайн үеийн нэршлээр/-ны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11/3357 тоот албан бичгээр тус яамны шинжээчээс гүйцэтгэсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хүргүүлж нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатайг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч хуулийн этгээдээс байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн талаар, мөн өөр бусад байдлаар газар өөрийн Бүрэнхайрхан аялал-жуулчлалын цогцолбор төслөө хэрэгжүүлэхээр ажилласан талаарх баримт гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзнэ.

3.7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/519 дугаартай тушаалаар “Н ш” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэсэн байх боловч энэ нь газар ашиглах эрхийг шинээр үүсгэж байгаа шийдвэр биш, харин өмнө үүссэн эрхийн хугацааг сунгасан агуулгатай шийдвэр байх тул нэхэмжлэгч талын ... сунгаснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талаарх хугацаа нь газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэснээс хойш тоологдох ёстой гэх агуулга бүхий тайлбарууд үндэслэлгүй. ...” гэж дүгнэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Н ш” ХХК-ийн захирал Ц.Б-ний давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.

4.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан.

4.2.Нэхэмжлэгч 2017 онд газар ашиглах гэрээ байгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж байсан, тухайн гэрээг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга батламжлаагүй, үүнээс хойш Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан хандаж байгаагүй үйл баримт тогтоогдсон.

4.3.Газар ашиглах эрхийг сунгаснаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад урд гаргасан шийдвэрээ үгүйсгэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр болсон.

4.4.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар эзэмших гэрээнд тусгахаар заасан, нэхэмжлэгчийн удаа дараа хүргүүлсэн гэрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, гэрээг байгуулаагүйгээс газрын төлбөр төлөх нөхцөл боломжгүй байсан нэхэмжлэгчийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж буруутгах үндэслэлгүйгэжээ.

5. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

5.1.“... Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.

5.2.Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг төлөөгүй бөгөөд Захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7605 тоот албан бичгээр хүргүүлсэн.

5.3.Захиргааны хэргийн анхан шатны шүүх оролцогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбар бичгийн нотлох баримтад үндэслэн 0772 дугаар шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Учир нь шийдвэрийн 7 дугаар талд ...нэхэмжпэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “газар ашиглах гэрээ нь газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар байгуулагдаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талаарх хугацаа нь газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэснээс хойш тоологдох ёстой” гэж тайлбарлан маргасан.

5.4.Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн гаргасан эс зөвшөөрч буй нэхэмжлэлийн үндэслэлд тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэх ёстой үүний хүрээнд анхан шатны шүүх үндэслэлтэй хэргийг шийдсэн.

5.5.Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

5.6.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... 2.4. Нэхэмжлэгч 2017 онд газар ашиглах гэрээ байгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж байсан, тухайн гэрээг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга батламжлаагүй, үүнээс хойш Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой холбогдуулан хандаж байгаагүй үйл баримт тогтоогджээ. 2.5. Гэвч газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрыг ашиглах үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамаарч хариуцагч албан тушаалтан... А/519 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 5 жилээр сунгажээ. 2.6. Энэ тохиолдолд газар ашиглах эрхийг сунгаснаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад урд гаргасан шийдвэрээ үгүйсгэн Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтад болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ...” гэж хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан байна.

5.7.Хэдий хариуцагч байгууллага тухайн нэхэмжлэгч талын газар ашиглах эрхийн хугацааг сунгасан ч урд гаргасан зөрчлийг арилгах нөхцөл байдал болохгүй юм. Хэрвээ газар ашиглах гэрчилгээг сунгах болгонд урд газар ашигласан хугацааны төлбөрөөс чөлөөлөгдсөн хэвээр байх бол Газрын төлбөрийн тухай хуулийн 9.1 “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн өрөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” болон холбогдох бусад Газрын тухай хуульд заасан нөхцөл байдалтай нийцэхгүй хуулийг зөрчих, бусад байдлаар хийдүүлэх аюул бий болно.

5.8.Эцэст нь магадлалын 2.7-д “... мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар эзэмшигч гэрээнд тусгахаар заасан, нэхэмжлэгчийн удаа дараа хүргүүлсэн гэрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, гэрээг байгуулаагүйгээс газрын төлбөр төлөх нөхцөл боломжгүй байсан нэхэмжлэгчийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж буруутгах үндэслэлгүй” гэжээ.

5.9.Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс тус гэрээний талын гарын үсэг зурахгүй байгаатай холбоотой эс үйлдэхүйтэй маргаж хандаж шийдвэрлэсэн зүйл огт байдаггүй. Мөн тус гурвалсан гэрээнд газрын төлбөрийн хэмжээ болоод ямар дансанд төлөх талаар маш тодорхой заасан байхад нэхэмжлэгч талын хэдэн төгрөг төлөх болоод хаана хэрхэн төлөхөө мэдэхгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд тухайн үйлдлүүдээс газрын төлбөрөөс зайлсхийсэн бөгөөд газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй үйлдлүүд нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тодорхой харагдана. Мөн Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний тайлан хүргүүлж батлуулаагүй, төсөл хөтөлбөрт заасан үйл ажиллагаа явуулсан эсэх талаар огт тайлбар нотлох баримт гаргаагүй нь тус компаний хэрхэн хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж байсан болох нь тодорхой харагдана.

5.10.Эдгээр үндэслэл нөхцөл байдлыг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй хуулийг зөв тайлбарлаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талын тайлбарыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

5.11.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Нэхэмжлэгч “Н ш” ХХК-ийн захирал Ц.Б болон нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэг. Шүүхүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тайлбарлан хэрэглэсэн тухай:

9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-222 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын “Хүрэлтогоотын ам” байршилд 6 га газрыг 5 жилийн хугацаагаар “Н ш” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/65 дугаар эрхийн гэрчилгээ олгосон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  А/79 тоот тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэлх хугацаанд газар ашиглагч “Н ш” ХХК-иас өөрийн ашиглах эрхтэй гэх 6 га газрын төлбөрийг төлж байгаагүй байна.

10. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  А/79 тоот тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэж, “Н ш” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн, нэхэмжлэгч  “Н ш” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх хуулийн заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

11. Түүнчлэн, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж … газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу …  аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд, “газрын төлбөр төлөх үүрэг” нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь, эсхүл газрын төлбөр төлөх талаар гэрээнд заагаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй юм.

12. Тухайн тохиолдолд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-222 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын “Хүрэлтогоотын ам” байршилд 6 га газар ашиглах эрх олгосны дагуу газар ашиглах гурвалсан гэрээг 2017, 2018 онд тус тус байгуулсан, эдгээр 2017/059, 2018/149 дугаартай гэрээний 2.4-т ... газрын үнэлгээний 3 дугаар бүс: Талбайн хэмжээ - 6 га. Нэгжийн төлбөр 396₮/м2/. Бүгд төлбөр 1 жилд 23760000 (хорин гурван сая долоон зуун жаран мянган төгрөг). Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 2:-ны дотор Баянзүрх дүүргийн газрын албаны Улаанбаатар хотын банк 2609005981 дугаар дансанд төлөх-өөр тус тус  заасан байжээ.

13. Өөрөөр хэлбэл, “Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй” нь, түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар эзэмших, ашиглах гэрээнд тусгахаар заасан хуулийн зохицуулалт нь “Н ш” ХХК-ийн газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөх, уг үүргээ биелүүлээгүйгээс газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм. Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчийн удаа дараа хүргүүлсэн гэрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, гэрээг байгуулаагүйгээс газрын төлбөр төлөх нөхцөл боломжгүй байсан, нэхэмжлэгчийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж буруутгах үндэслэлгүй’ гэж дүгнэсэн нь “газрын төлбөр төлөх”-тэй холбоотой хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

14. Улсын дээд шүүх Газрын тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн эдгээр зохицуулалтуудыг ижил төстэй маргаанд нэгдмэл байдлаар тайлбарлан хэрэглэж ирсэн бөгөөд давж заалдах шатны шүүх газрын төлбөрөө төлөөгүй газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлд холбогдох дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэхгүйгээр, зөвхөн үйл баримтад дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

15. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “... гурвалсан гэрээнд газрын төлбөрийн хэмжээ болоод ямар дансанд төлөх талаар маш тодорхой заасан байхад нэхэмжлэгч талын хэдэн төгрөг төлөх болоод хаана хэрхэн төлөхөө мэдэхгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд ... газрын төлбөр төлөөгүй ... байхад  давж заалдах шатны шүүх ... /Газрын төлбөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж/ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Хоёр. Шүүхүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлан хэрэглэсэн тухай:

16. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-222 дугаар тушаалаар “Н ш” ХХК-нд 6 га газар ашиглах эрх олгосноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  А/79 тоот тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэлх хугацаанд уг газрыг “зориулалтын дагуу” ашигласан, үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, шүүхүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг маргааны үйл баримтуудад холбогдуулан мөн өөр өөрөөр тайлбарлан хэрэглэжээ.

17. Энэ маргааны хувьд, нэхэмжлэгч “Н ш” ХХК-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-222 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын “Хүрэлтогоотын ам” байршилд 6 га газар ашиглах эрх олгосны дагуу газар ашиглах гурвалсан гэрээ 2017, 2018 онд байгуулагдсан боловч талууд гарын үсэг бүрэн зураагүйгээс мөн сайдын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  А/79 тоот тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэлх хугацаанд газар ашиглах гэрээг баталгаажуулаагүй тул нэхэмжлэгчээс “... хуульд заасан талуудын хооронд газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй /манай компаниас үл хамаарах шалтгаанаар/ гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж маргасан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа-г хэрхэн тоолох талаар анхан шатны шүүх “... нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 А/519 дугаартай тушаалаар “Н ш” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэсэн байх боловч энэ нь газар ашиглах эрхийг шинээр үүсгэж байгаа шийдвэр биш, харин өмнө үүссэн эрхийн хугацааг сунгасан агуулгатай шийдвэр байх тул нэхэмжлэгч талын “... сунгаснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талаарх хугацаа нь газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэснээс хойш тоологдох ёстой гэх агуулга бүхий тайлбарууд үндэслэлгүй” гэж, давж заалдах шатны шүүхээс “... газар ашиглах эрхийг сунгаснаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад урд гаргасан шийдвэрээ үгүйсгэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр болсон” гэж тус тус үзжээ.

18. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан, уг тогтоол хүчин төгөлдөр байна.

19. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэрийн дагуу эрх бүхий этгээдүүдийн хооронд газар эзэмших, ашиглах гэрээ хийгдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээний гипотез нь Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т зааснаар тайлбарлагдана, харин ямар нэг шалтгаанаар талуудын хооронд газар эзэмших, ашиглах гэрээ огт хийгдээгүй тохиолдолд хуулийн уг зохицуулалтыг шүүх хэрэглэхгүй байх үндэслэлгүй бөгөөд нийтлэг тохиолдолд шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа-г эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй юм.

20. Гэвч, энэ тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/519 дүгээр тушаалаар “Н ш” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан, уг шийдвэр хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-222 дугаар тушаалаар “Н ш” ХХК-нд маргаан бүхий газар ашиглах эрх олгосноос хойш  уг газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдсэн” гэх тайлбараар маргаан бүхий захиргааны актын уг үндэслэлийг шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээний диспозицид нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

21. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа-г энэ тохиолдолд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/519 дүгээр тушаалаар “Н ш” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэрийг эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэр гэж үзэж, уг хугацаанаас эхлэн тооцно, энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй. 

22. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, энэ тохиолдолд, Газрын тухай хуулийн 40 үгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн нь тогтоогдсон тул  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “Н ш” ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцсэн, энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                        ШҮҮГЧИД                                       М.БАТСУУРЬ

                                                                                    Х.БАТСҮРЭН

                                                                                    Ц.ЦОГТ

                                                                                    Д.МӨНХТУЯА