Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 012

 

А.Нурболатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 194 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух Жадик овогт Айланышийн Нурболатын нэхэмжлэлтэй, 2 дугаар багт оршин суух Шыбарайгыр овогт Мухтарын Серикгүлд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч М.Серикгүл, хариуцагчийн өмгөөлөгчид С.Нургайып, А.Серикжан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дутаасан барааны үнэ 2803900 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би Өлгий сумын 11 дүгээр багт байрлах "Болашах" худалдааны төв дотор "Lider fashion" дэлгүүр ажиллуулж бэлэн хувцас худалдаалдаг юм. Тус дэлгүүрт 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс худалдагчаар М.Серикгүлийг ажиллуулсан. Тухайн үед сард 150000 төгрөгийн хөлс өгч байхаар амаар тохирсон. 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тооллого хийхэд 1402600 төгрөгийн дутагдал гарсан, үүнээс 1 сая төгрөгийг бэлнээр төлж, 402600 төгрөг үлдсэн. Дараа нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооллого хийхэд 2803900 төгрөгийн бараа дутсан. М.Серикгүл мөнгөний хэрэгцээ гарсан учраас ээж Д.Самира гуйж авсан тул мөнгө дутсан гэж баримт өгсөн. Аав Х.Айланыш энэ асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид хандахад М.Серикгүл нь өмнөх тооллогоор дутсан 402600 төгрөгийг төлж өгнө, үлдсэн 2803900 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрөхгүй гэжээ. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 136 тоот эвлэрлийн гэрээгээр 402600 төгрөгийг төлж өгөхөөр, үлдэгдэл 2803900 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар шийдвэрлүүлэхээр тохирсон. Би М.Серикгүлийн ажлын хөлсийг тухай бүрт нь төлж байсан. Иймд дутагдуулсан барааны үнэ 2803900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би А.Нурболатын дэлгүүрт ажилласан. Бараа дутаасан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь огт үндэслэлгүй. Урьд нь А.Нурболатын эцэг болох Х.Айланыш нь нэхэмжлэл гаргаж 2-3 сар гаруй хугацаанд иргэний хэрэг үүсгүүлэн шүүх хурал хийлгүүлсэн боловч шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо дахин А.Нурболат нэхэмжлэл гаргаж, намайг дахин хохироож байна. Би Х.Айланышийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд бүх тайлбараа гаргасан. Өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулсан юм. Би А.Нурболатын эд хөрөнгийг дутаасан зүйлгүй. Намайг гүтгэж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 194 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: М.Серикгүл нь дэлгүүрт худалдагчаар ажиллах байх хугацаанд барааны үнийн зарим хэсгийг надад тушаахгүй, барааны үнээс үлэмж хэмжээний дутагдал гаргаж байсан нь М.Серикгүлийн бичсэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.Нурболат нь хариуцагч М.Серикгүлээс 2803900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ М.Серикгүл нь хувцасны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа түүнд 44314800 төгрөгийн үнэтэй бараа хүлээлгэж өгсөн, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо хийхэд 2803900 төгрөгийн бараа дутсан гэж тайлбарлан, хэргийн 6 дугаар хуудаст авагдсан М.Серикгүлийн үйлдсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх баримтын талаар шүүх хуралдаанд ...баримтыг би өөрөө сайн дураараа бичиж өгөөгүй, ... хүчээр бичүүлж авсан. 2803900 төгрөг дутсан нь миний буруу биш. Компьютерийн алдаанаас болж 2803900 төгрөгийн алдаа гарсан байх... гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбарыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр М.Серикгүлийн үйлдсэн гэх баримтаас үзвэл, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тооллого хийхэд 2803900 төгрөг дутсан талаар тэмдэглэгдсэн боловч уг баримтыг үндэслэн үүрэг гүйцэтгэгч М.Серикгүл хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн эсэх, улмаар үүрэг гүйцэтгүүлэгч А.Нурболатад худалдагчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан эсэх нь бодитой тогтоогдохгүй байна.

 

Дээрх бичмэл баримтыг худалдагчаар ажиллаж байсан М.Серикгүл үйлдсэн талаар талууд маргаагүй боловч М.Серикгүл нь худалдагчаар ажиллаж байх хугацаанд 2803900 төгрөг дутаасныг шүүхэд хүлээн зөвшөөрөөгүй, тэрээр худалдагчаар ажиллах хугацаанд 2803900 төгрөг дутаасан нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бусад баримт бичгүүдээр тогтоогдохгүй байх тул уг баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, бусад нотлох баримттай харьцуулан үнэлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчээс 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн бараа хүлээлгэж өгөх хуудас, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн бараа материалын тайлан тооцоо зэрэг баримтуудыг гаргаж өгсөн боловч шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар дүгнэлтээр дээрх баримтуудад зурагдсан гарын үсэг хариуцагч М.Серикгүлийн гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй болох нь тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн бараа дутаасан нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-т заасантай нийцжээ.

 

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар А.Нурболатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 194 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч А.Нурболатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан А.Нурболатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК