Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 56

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Б.Бадраа,

Хохирогч Анко ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дэнсмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ж.Хд холбогдох эрүүгийн 1811025460978 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч О овогт Ж.Х, Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 12-199 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............................../.

         Шүүгдэгч Ж.Х нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анко ХХК-ны Нарантуул-2 худалдааны төвд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа 2018 оны 01 сараас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд худалдааны төвийн түрээслэгч нарын түрээсийн мөнгийг хувьдаа завшиж нийт 4.235.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Хгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би 2014 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анко компани буюу Нарантуул 2 худалдааны төвд зохион байгуулагчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 2015 оны 4 сард хүүхэд гаргасан. Тэгээд хүүхдээ 4 сартай байхад нь эргэж ажилдаа орсон. Ажилдаа эргэж ороход махны бөөний худалдаа, тавилганы худалдаа зэргийг хариуцан ажиллаж байсан бөгөөд компаниас нэмэлт орлого олох зорилгоор надад тусалж жин хэмжүүрийг түрээслэн ажиллуулж өөрт орсон орлогоор цалинжиж явдаг байсан. Харин компанид би түрээс төлж ажилладаг байсан. Махны бөөн болон тавилгын худалдааны түрээслэгчдийн түрээсийг сар сард нь бэлнээр болон бэлэн бусаар авч санхүүд тушаадаг байсан. Энэ оны 1 сараас эхлэн түрээсийн хоцрогдолтой, цаг тухайн үед түрээслэгч нар түрээсийн төлбөрөө өгөхгүй, цувуулж өгдөг байснаас эхлэн түрээсийн мөнгийг би хувьдаа завшиж байрны хөлс болон машины төлбөрт өгсөн. 2018 оны 4 сараас эхлэн компаний санхүүгээс түрээслэгч нар луу шалгалт орсон бөгөөд миний түрээслэгч нараас авсан түрээсийн түрээсийн мөнгө завшсан асуудал ил болохоор нь би ажлаасаа гарсан. Мөн дээрээс нь миний бие өвдөж зовиуртай байснаас болоод урьд нь өргөдлөө өгчихсөн байсан бөгөөд 2018 оны 4 сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллахаа больсон. Махны бөөн болон тавилга, мөн миний ажиллаж байсан баталгаат жин хэмжүүрийн түрээс зэрэг нийт 4.235.000 төгрөг учруулснаа би өөрөө хүлээн зөвшөөрч байна. Түрээслэгч нарын мөнгө миний Хаан банкны данс руу мөн бэлнээр орж байсан” гэх мэдүүлэг /хх-53-54х/,

Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дэнсмаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Халиунаа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Анко ХХК-ны худалдаа үйлчилгээний Нарантуул-2 захын байгуулагч хийдэг байсан. Тухайн хүний ажил үүргийн хувьд махны бөөний худалдаа, мөн тавилгын түрээслэгч нарын түрээсийн төлбөр, баталгаат жингийн түрээсийн төлбөр, мөн тус худалдааны төвийн зохион байгуулалтын ажлыг давхар хариуцан ажилладаг байсан. 2018 оны 01 дүгээр сараас эхлэн түрээслэгч нарын сарын түрээсийн мөнгө бэлнээр орж ирэхгүй, сар сардаа төлөлт хийгдэхгүй нэг хүнээс аваад нөгөө хүний түрээсийг хийгээд яваад байсан. Энэ асуудлын талаар Халиунаад компанийн хурал, хувийн зүгээс маш олон удаа шаардлага тавьж сануулж хэлж байсан. Сүүлдээ энэ нь хүндрээд ирэхээр нь худалдааны төвийн тавилга, махны түрээслэгч нартай уулзахад түрээсийн мөнгийг Халиунаад өгсөн гэх яриа гарсан. Тэгээд бүх түрээслэгч нараас мөнгөний шалгалт явуулж эхлэхэд 2018 оны 4 сард хүний нөөцийн менежир Батсуурьд өргөдлөө өгөөд тэр чигтээ алга болсон байсан. Үүнээс хойш нэг ч удаа ирж уулзаагүй, ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Манай компанийн зүгээс Халиунааг эргэж ирэх байх гэж бодоод маргаан үүсгээгүй. Хүлээж ядаад цагдаагийн байгууллагад хандсан. Хяналт шалгалтын явцад түрээслэгч нэг бүрийн нэрийн жагсаалтаар түрээсийн дүн, сард төлөх түрээсийн дүнгээр хохирлын тооцоог гаргасан” гэх мэдүүлэг /хх-11х/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дэнсмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирол 500.000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Гэрч Б.Баасандалай мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Нарантуул захын гадна талбайд махны бөөний 22 номерын контейнер түрээслэн ажиллуулдаг юм. Түрээсийн төлбөрөө сар бүрийн 20-ны үед төлдөг боловч 2018 оны 4 сарын түрээсийг 20-ны дотор төлж чадаагүй. 2-3 хоногийн хэтрэлттэй явж байтал Нарантуул-2 захын зохион байгуулагч Халиунаа түрээсээ нэхэж ирэхээр нь одоо би түрээсээ бүтнээр нь өгч чадахгүй байна гэж хэлээд тал мөнгө болох 125.000 төгрөгийг өгсөн. Тэр үедээ үлдэгдлийг нь хэд хоногоос өгөөд баримтаа бичүүлж авъя гэж хэлсэн. Тэгээд би үлдэгдэл 125.000 төгрөгөө өгөх гээд Халиунааг хүлээсэн боловч өөрөө алга болчихсон байхаар нь 2018 оны 4 сарын сүүлээр буюу 28, 29-ний орчим санхүүд нь орж 125.000 төгрөгөө тушаачихаад баримтаа бичүүлж авсан. Харин урьд Халиунаад өгсөн баримтаа авъя гэхэд “түүний учрыг нь олж байж бичиж өгнө хүний авсан мөнгөний баримтыг санхүүгээс бичиж өгөх боломжгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-25х/,

Гэрч М.Дашхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Нарантуул 2 захын махны бөөний худалдааны төв дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ажиллах хугацаандаа тус худалдааны төвийн зохион байгуулагч Халиунаа манай 40 дүгээр махны павилоныг хариуцан ажиллаж байхдаа түрээсийн мөнгийг уг хүнд сар болгон бэлнээр бэлэн бусаар төлдөг байсан. 2018 оны 2,3 сарын түрээсийн төлбөрийг би 2018 оны 4 сарын 6-ны өдөр Халиунаагийн 5065267805 дугаарын данс руу түрээс гэсэн утгатай 250.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Халиунаа ажлаа хийхгүй, алга болсоныг сүүлд нь мэдсэн. Над руу тус төвийн санхүүгийн албанаас 1 сарын түрээс төлөөгүй явж байна гэж ярихаар нь би төлсөн гэдгээ хэлсэн. Түрээсийн төлбөр төлөхөөр ягаан тасалбар өгдөг юм. Би дансаар төлсөн болохоор тасалбар аваагүй” гэх мэдүүлэг /хх-27х/,

Гэрч Б.Бүжинлхам мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Нарантуул 2 худалдааны төвийн махны павилоныг улирлын чанартай түрээслэн ажиллуулдаг юм. 2018 оны 01 сараас 03 сар хүртэл павилоныг түрээсэлсэн. Энэ хугацаанд Халиунаа гэх байцаагчид сарын түрээсийн төлбөрөө цаг тухайд нь өгдөг байсан. Сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 23-24-ний өдрүүдэд төлсөн. Тухайн үед Халиунаа захын павилонуудаар явж байгаад дуудаж уулзаад түрээсийн төлбөр болох 250.000 төгрөгийг 2 сарын 25-ны өдөр төлсөн талаар миний хар дэвтэр дээр тэмдэглэсэн байна” гэх мэдүүлэг /хх-28-29х/,

Гэрч Д.Цэрэнхорол мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 2 сард тус худалдааны төвд павилон түрээслээд түрээсийн мөнгийг Халиунаа гэх эмэгтэйд өгсөн. Түрээсийн мөнгөө төлчихөөд баримт авъя гэхэд өгнө гэсэн боловч баримт өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-30-31х/,

Гэрч Б.Баатарцогт мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Сарантуяа гэх эмэгтэй 2017 оны 11 сард хагалгаанд ороод 14 номерын павилон нь эзэнгүй байхаар нь 2018 оны 01 сараас 02 сарын хооронд түрээсийг нь төлөөд ажиллуулж байсан. Энэ хугацаанд уг худалдааны төвийн зохион байгуулагч Халиунаад 2 сарын түрээсийн төлбөрийг 2 сарын сүүлээр захын павилон дээрээ бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Тухайн үед түрээсийн төлбөр төлсөн баримт надад өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-33х/,

Гэрч С.Баянмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 4 сарын 22-ны өдөр Нарантуул-2 захын хойно байх хашаанд павилон түрээслэн ажиллуулж байхдаа сарын түрээсийн төлбөрийг бэлнээр зохион байгуулагч Халиунаад өгсөн. Надад ямар нэгэн баримт өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-35х/,

Гэрч Х.Цогтбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Нарантуул-2 захын хойно байх павилонд лангуу түрээслэн махны бөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сарын түрээс 200,000 төгрөг байдаг бөгөөд сар болгоны 20-с 25-ны хооронд түрээс төлдөг. Би 2018 оны 4 сарын 25-наас өмнө Халиунаад павилон дээр байхдаа 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-36х/,

Гэрч Б.Лхамжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Нарантуул-2 зах дээр дүү Эрдэнэбатын контейнер 1,2 сарын түрээсийн төлбөр нийт 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Түрээс төлсөн талаар надад ямар нэгэн баримт өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-37х/,

Гэрч Г.Жамъянсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Нарантуул-2 захын гадна талын махны бөөний павилоныг сарын 250.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг бөгөөд сар бүрийн 20-с 25-ны хооронд түрээсийн төлбөрийг төлдөг. 2,3 сарын түрээсийн төлбөрийг данс болон бэлнээр тус худалдааны төвийн зохион байгуулагч Халиунаад өгсөн. Надад ямар нэгэн баримт өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-38х/,

Гэрч Х.Саранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 5 сар хүртэл Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн гадна талд махны модон павилоныг түрээслэн ажиллуулж байсан. Түрээсийн мөнгийг сар бүрийн 20-ны өдөр бэлнээр тус худалдааны төвийн зохион байгуулагч Халиунаад өгдөг байсан” гэх мэдүүлэг /хх-40х/,

Гэрч С.Жавзмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Нарантуул 2 зах дээр тавилгын контейнер түрээслэн ажиллуулдаг юм. Сар бүрийн түрээсийн төлбөрийг 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд төлдөг бөгөөд 2018 оны 4 сарын түрээсийн төлбөрийг тус худалдааны төвийн зохион байгуулагч байцаагч Халиунаагийн Хаан банкны данс руу түрээсийн хугацааны үеэр 110.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-41х/,

Гэрч Ч.Хишигбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 2 сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд түрээсийн төлбөр өгдөг бөгөөд сарын түрээс 250.000 төгрөгийг зохион байгуулагч Халиунаад бэлнээр өгсөн. Харин надад ямар нэгэн баримт өгөөгүй. 2018 оны 4 сард Дэнсмаа нягтлан над руу залгаад 2 сарын түрээсийг өгөөрэй гэхээр нь Халиунаад өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-42х/,

 Ж.Хгийн Хаан банкны дансны хуулга /хх-55-78х/, Ажлын байрны тодорхойлолт /хх-96х/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-101-102х/, Анко ХХК Ж.Х нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-103-104х/, Ж.Хг ажилд томилсон тушаалын хуулбар /хх-105х/,

Шүүгдэгч Ж.Хгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-79х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-82х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ж.Х нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анко ХХК-ны Нарантуул-2 худалдааны төвд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа 2018 оны 01 сараас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд худалдааны төвийн түрээслэгч нарын түрээсийн мөнгийг хувьдаа завшиж нийт 4.235.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ж.Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ж.Х нь шүүхийн шатанд Анко ХХК-д учруулсан гэм хорын хохирлын 4.235.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 3.735.000 төгрөгийг гаргуулж Анко ХХК-д олгох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.