Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01245

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  23  210/МА2023/01245

 

 

*******-Өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.******* даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00951 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-Өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 395,908,205 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Амарбаясгалан, Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******-Өргөө ХХК нь ******* ******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэг тонн арматур 1,690,000 төгрөг, нийт 5,070,000,000 төгрөгийн үнэ бүхий 3000 тонн арматур нийлүүлэхээр тохиролцсон.

1.2. ******* ******* ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 35 удаагийн ачилтаар 3026.037 тонн 5,114,002,530 төгрөгийн үнэтэй арматур авсан. Үүнээс 3,123,749,825 төгрөгийг бэлнээр төлж, харин 1,726,344,500 төгрөгийг бартераар буюу үл хөдлөх эд хөрөнгө дүйцүүлэн шилжүүлсэн. Үлдэгдэл 263,908,205 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.3. Гэрээний 6.1-д худалдан авагч төлбөр төлөх хугацааг хоцроосон тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд алданги 131,954,100 төгрөг тооцогдож байна.

Иймд ******* ******* ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 263,908,205 төгрөг, алданги 131,954,100 төгрөг, нийт 395,908,205 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ХХК нь нэхэмжлэгч *******-Өргөө ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус компаниас 3000 тонн арматур төмрийг нэг тонныг 1,690,000 төгрөг, нийт 5,070,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиолцсон. Гэрээний дагуу арматур төмөр худалдан авах ажиллагаа хэвийн явагдсан.

2.2. Талуудын хооронд тооцоо нийлсэн актад тодорхой алдаа гарсны улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн манай байгууллагын тооцоотой зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.3. *******-Өргөө ХХК-ийн нийлүүлсэн арматур төмөр жиндээ хүрээгүй, чанарын шаардлага хангаагүй. Энэ талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ба Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 0230600293 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 263,908,205 төгрөг, алданги 131,954,100 төгрөг, нийт 395,862,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-Өргөө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******-Өргөө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,137,261.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 2,137,261,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-Өргөө ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0230600293 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн тогтоол нь талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 004 дугаартай Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан цагаас эхлэн нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагын актыг хуурамчаар үйлдэж тонн, жингийн зөрүүтэй байдлаар хариуцагчид арматур төмөр нийлүүлсэн тухай гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

4.2. Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг цаашид хэрхэн шийдвэрлэгдэхээс хариуцагчаас нэхэмжлэгчид төлбөр төлөх эсхүл хохирол авах эсэх нь шийдэгдэнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас гэрээний дагуу арматур төмөр хүлээж авсан гэдэгт маргадаггүй. Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулбар үнэн гэх дардас даруулж, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаан болсон өдөр гаргаж өгсөн. Тухайн үед нэхэмжлэгчид хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн талаар ямар ч мэдээлэл байгаагүй, тайлбар мэдүүлэг аваагүй байсан.

5.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тухайн нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацаа дууссан гэх агуулгаар дүгнэсэн.

Тухайн иргэний хэрэгт ач холбогдолгүй, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сүүлийн арматур төмөр хүлээлгэж өгсөн байхад 2023 оны хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх тогтоол нь ач холбогдолгүй. 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш доголдолтой холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй гэх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.3. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг Баянзүрх дүүргийн прокурорын газраас хүчингүй болгосон гэжээ. 

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******-Өргөө ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 395,908,205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, арматур төмөр жиндээ хүрээгүй, чанарын шаардлага хангаагүй, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолд ... ******* ******* ХХК-ийн захирал Б.Ууганцэцэг нь *******-Өргөө ХХК-аас 5,070,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр худалдан авсан боловч жингийн зөрүүтэй төмөр нийлүүлж хохирол учруулсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж дурджээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан ба дээрх мөрдөгчийн тогтоолд дурдагдсанаар зохигчийн маргаж буй арматур худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа болох нь тогтоогдсон байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлах боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоол хүчинтэй эсэх, мөн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эсэх нь тодорхой бус байна.

 

6. Дээрх нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахад төлсөн 2,137,261 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА