| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0051/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч С.О,
шүүгдэгч Ё.Г/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ё.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803009910019 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ө овогт Ё.Г, 1997 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгай 1-3 тоотод түр оршин суух, Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Хөшөөтөд оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/...................../,
Шүүгдэгч Ё.Гнь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зуслангийн замд Д.Заансүрэнгийн эзэмшлийн Ниссан Вингроүд маркийн 33-08 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Дашдондовын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ё.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Дашдондовоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би нөхөр хүүгийн хамт бид гурав Баянзүрх дүүрэг Улиастайгаас Майхан толгой руу харих гээд Чингэлтэй дүүргийн нутаг Яргайтын богино өнгөрөөд явж байтал гэнэт машины руль булаагаад замын зүүн талын хашлага даваад л доошоо машин нэг өнхөрөөд айлын хашааг мөргөөд машин дөрвөн дугуйн дээрээ буусан байсан ...нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан, эмч нар намайг үзээд миний хүзүүний яс хугарсан байна гээд хүү бид хоёрыг шууд хүүхдийн тасагт хэвтүүлсэн юм. Тэгээд би хүүгийн хамт гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тасагт хоёр хоноод эмнэлгээс гарсан. Манай хүү Үүрдмөнх нь төрөөд 1 сар болох гэж байна. Миний хүү энэ ослын улмаас гэмтэл бэртэл аваагүй, мөн хүүхэд бага учир ямар нэг рентген зураг авахуулж болохгүй гэж эмч нар хэлсэн, ослоос хойш хүүхдээ ажиглахад зүгээр байна, иймд бид өөрсдийн хүсэлтээр хүүхдээ шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзаж байна. Би эмчилгээндээ ямар нэг эмчилгээ хийлгээгүй, эмч нар бороолж эдгэнэ гэсэн, одоо би хүзүүний хамгаалалт зүүсэн байгаа” гэх мэдүүлэг. /хх-18-19х/,
Гэрч М.Лүнрэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой эхнэр бид хоёр гэртээ байж байтал 19 цаг 10 минутын орчимд манай хашааны нохой хуцаад байхаар нь гэрээсээ гараад хартал гэрийн хойд талд байдаг Мини маркийн хашаан дотор нэг саарал өнгийн суудлын автомашин онхолдсон байсан. Эхнэр бид хоёрыг яваад очиход автомашин нь ертөнцийн зүгээр баруун талаас далан руу орж онхолдож автомашин нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа харсан байрлалтай дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан, уг машины урд хоёр дугуй нь салчихсан байсан юм. Осол болох үед цас шуураагүй байсан байх осол болсоны дараа буюу цагдаа нарыг ирэхэд цасаар шуурч эхэлсэн байгаа” гэх мэдүүлэг. /хх-42х/,
Иргэний нэхэмжлэгч Д.Заансүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Энэ машин миний өөрийн нэр дээр байдаг, би машинаа үзсэн ер нь бол маш их эвдрэлтэй болсон байна, машинаас авах юм байхгүй, миний өөрийн хүргэн барьж явсан учир албан ёсны үнэлгээнд оруулахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй”гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Иргэний нэхэмжлэгч С.Золбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хотод гэртээ байж байтал орой 19 цагийн орчимд байх манай зуслангийн хашааны урд талын Лүнрэг гэх хүн над руу утасдаж “танай зуслангийн хашааг төв замаас жижиг суудлын автомашин мөргөөд хашааг эвдээд хашаан дотор чинь онхолдож орж ирсэн байна” гэсэн учир би яаралтай ирж үзэхэд саарал өнгийн жижиг суудлын автомашин манай хашааг мөргөөд онхолдож хашаан дотор орж ирсэн байсан. Манай баруун талын 5 орчим метр хашааг мөргөж унагаасан байсан, мөн хашаан дотор буюу доор байсан хашааны гүйдэг хаалган дээр уг автомашин нь дарж унаж мөн гүйдэг хаалгыг эвдсэн байсан. Гүрбадам нь хашааг засаж дээр нь хаалганы мөнгө болох 200.000 төгрөгийг харилцан тохиролцож авсан байгаа, одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-37-38х/,
2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино Ниссан Вингроүд маркийн 33-08 УНК улсын дугаартай автомашин нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигт явж байгаад замаас гарч хайс дайрч улмаар айлын төмөр хашаа дайрч онхолдсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-3-12х/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14222 тоот дүгнэлтэнд: “1. Г.Дашдондовын биед хүзүүний 3-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-48х/,
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “Ниссан Вингроүд маркийн 33-08 УНК улсын дугаартай автомашины жолооч Ёндондорж овогтой Гүрбадам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх-56-57х/,
Яллагдагч Ё.Гмэдүүлэхдээ: “2018 оны 11 сарын 25-ны орой 18 цаг өнгөрч байхад эхнэр хүү бид гурав Майхан толгой руу харих гээд гарч яваад Чингэлтэй дүүргийн Яргайтын зуслангийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зүгт явж байтал миний зүүн гар талаар нэг Жип маркийн автомашин гүйцэж түрүүлээд явахдаа намайг шахах шиг болсон, би тэр агшинд баруун гар тийшээ жоохон зайлуулаад дартал замын хашлага давж доошоо уруудаж Миний-Парк гэсэн нэртэй дэлгүүрийн хашааг мөргөж онхолдсон юм ...Гэмтлийн эмнэлэг дээр очоод эхнэрийн хүзүү, нурууны зураг авахуулсан эмч нар үзээд хүзүүний 3-р нугалмын хугаралтай байна гээд шууд хэвтүүлсэн юм ...” гэх мэдүүлэг. /хх-66-67х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ё.Гнь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зуслангийн замд Д.Заансүрэнгийн эзэмшлийн Ниссан Вингроүд маркийн 33-08 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Дашдондовын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ё.Гүрбадамыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ё.Гнь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Дашдондов нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ба торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.