| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0049/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч С.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033980011 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн С овогт С.Б, 1985 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Алтайн халиун” ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан уул 3 дугаар гудамж 3 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/........................./,
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 06 цагийн орчим 81-84 УНТ улсын дугаартай Субару Импреза маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байх үедээ тус машинаар үйлчлүүлсэн Б.Цогбадрах нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн автобусны буудал дээр буух үедээ халааснаасаа Самсунг А-6 загварын гар утсаа үлдээснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 697.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Цогбадрах мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой найз нартайгаа уулзаж Төмөр замын Богд ар хорооллын орчим караокед нилээн сууж байгаад караоке хаах үед 2018 оны 11 дүгээр сарын 25-ны 04 цаг өнгөрч байхад гарч найз нараасаа салаад найз Баярмагнайгийн хамт ТБД андуудын урд талын автобусны буудлаас такси барьж гэртээ харих гэж явсан. Замаараа Баянзүрх дүүрэг Баясах трейд ороод найз Баярмагнайг гэрт нь буулгаж буцаж Чингэлтэй дүүргийн Зуун модны зусланд байх эхнэр дээрээ очих гэж явсан. Тухайн үед би Баярмагнайг буулгаж эхнэр Ариун-Эрдэнэтэй утсаар ярих гэж залгасан чинь хадам ээж эхнэрийн утсыг авахаар нь яриагүй очих гэж байна гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш юу болсноо мэдэхгүй байна нэг сэрсэн чинь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн автобусны буудал орчим алхаж явсан. Миний өмдний арын халаасанд байсан түрүүвч мөн Самсунг А-6 гар утас байхгүй байсан. Би хулгай дээрэм ямар нэгэн гадны халдлагад өртөөгүй, миний хувцас бие махбодь зүгээр байсан. Миний бодож байгаагаар таксинд мартсан байж болзошгүй” гэсэн мэдүүлэг. /хх-10-11х/,
Гэрч С.Нинжмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би одоо Самсунг А-6 гэх хар өнгийн ...имей кодтой гар утас барьж байгаа ба уг гар утсыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шиг санаж байна фейсбүүк дээр өөрийн ай фоне-6 эс гар утсаа зарна солино гэж зар тавьсан. Намайг зар тавиад удаагүй байсан чинь миний зарын дор “Болдсүх, Болдсүх” гэх фейсбүүк хаягнаас Самсунг А-6 гар утсаар шууд тулна гэж сэтгэгдэл үлдээсэн байсан. Тэгээд сольж уг утсыг би барьж байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-13х/,
Гэрч Д.Хүдэрчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...самсунг А-6 гэх хар өнгийн ...имей кодтой гар утсыг фейсфүүкээр манай эхнэр зар тавьж байгаад өөрийн ай фоне гар утсаар сольж авахаар ярилцсан байсан. Тэр хүн нь ирэхээр нь би гарч утсаа сольж авсан. Тухайн үед надад гар утас авчирч өгсөн хүн нь 25-30 орчим насны залуу байсан. Манай гэрийн ойролцоо Орбит цэргийн хотхонд авчирч сольж авсан. Тэр залуу саарал өнгийн Субару Импераза загварын машинтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Т.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой найз нартайгаа уулзаж Төмөр замын Богд ар хорооллын орчим нэг караокед сууж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 25-ны 04 цагийн орчим бид нар караокегоос гарч салсан. Цогбадрах бид хоёр хамт Андуудын буудлын баруун талаас саарал өнгийн жижиг Субару Импреза маркийн такси барьж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Баянхүрээ хотхонд би бууж Цогбадрах Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд зусланд байдаг гэртээ харина гээд явсан. Маргааш өдөр 14 цагийн үед Цогбадрах гар утас, түрүүвчээ таксинд хаясан юм шиг байна ямар машинд суусан бэ гэж асууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-20х/,
Яллагдагч С.Б мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу хүнээс хувцас авах гэж өөрийн 81-84 УНТ улсын дугаартай саарал өнгийн Субару импреза маркийн тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн. Тухайн үед миний хувцас авах хүн өөр газарт байна гэхээр нь нөгөө хүнийг хүлээх зуураа Улаанбаатар хотоор таксинд явсан. 2018 оны 11 сарын 25-ны үүрээр 04 цагийн үед баруун дөрвөн замын баруун талаас 13 чигт явдаг төв замаас 25-30 орчим насны 2 эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь авч нэгийг нь 13 дугаар хорооллын Баясах трейд ХХК-н хажуу талын байранд хүргэж өгөөд нэг залуу нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо зуслангийн чиглэлд явж байгаад нэг гудамжинд буусан. Сүүлд буусан залуу машинаас буух үедээ самсунг брэндийн гар утсыг миний машины арын суудал дээр үлдээгээд буусан байхаар нь би уг гар утсыг авч машины голын хайрцаганд хийсэн. Тэр гар утасны цэнэг нь дуусаад унтарсан байсан. 2-3 хоногийн дараа фейсфүүк дээр ай фоне-6 эс гар утсаар 2 симтэй самсунг гар утас солино гэсэн зар байхаар нь нөгөө хүнтэй холбоо барьж байгаад олсон гар утсаараа ай фоне 6 эс гар утсаар сольж авсан. Би гар утсыг бусдын гар утас гэдгийг мэдэж байсан боловч эзэнд нь буцааж өгөх боломж надад олдоогүй, тэгээд өөрөө хаяад явсан юм чинь гэж бодоод бусдад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-36х/,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас самсунг А-6 загварын гар утсыг 697.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-30х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 06 цагийн орчим 81-84 УНТ улсын дугаартай Субару Импреза маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байх үедээ тус машинаар үйлчлүүлсэн Б.Цогбадрах нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн автобусны буудал дээр буух үедээ халааснаасаа Самсунг А-6 загварын гар утсаа үлдээснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 697.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Бийг бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 697.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Цогбадрах нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт С.Бийг бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 697.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 16-ны дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бэд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН