| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0043/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч О.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911000450008 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт О.Б, 1991 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Бусаанаа” ХХК-д мужааны ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 15-546 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/......................../,
Шүүгдэгч О овогтой Б нь согтуугаар, гэртээ харих зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 72-1141 тоотод байрлах хашааны гадна асаагаад орхисон Д.Азжаргалын эзэмшлийн 38-59 УНА улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Азжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 72 дугаар гудамж 1141 тоот хашааны гадаа ирж зогсоод тээврийн хэрэгслээ асаалттай үлдээгээд хашааны гадны талын сагсны талбай дээр хаалгыг нь цоожлолгүй онгорхой үлдээгээд гэртээ юм авах гээд ороод 3-4 минут орчим болоод эргээд гараад ирэхэд сагсны талбай дээр байсан тээврийн хэрэгсэл алга болсон байсан ...тэгээд гэртээ ороод байж байхад орой 22 цаг өнгөрч байхад танихгүй дугаараас залгаад алдагдсан тээврийн хэрэгслийг энэ машин асаалттай оройноос хойш энд зогсож байна гэж урд салхины шилэн дээр байсан дугаар руу залгаж хэлсэн ...О.Бд тээврийн хэрэгслийг унаж явах эрх байхгүй ...уг тээврийн хэрэгслийг Хас банкинд 2013 онд зээлийн барьцаанд 3 жилийн хугацаатай 6.000.000 төгрөгөөр тавьсан юм. Тэгээд уг зээлийн эргэн төлөлтийг төлж дуусгаад барьцаанаасаа гарсан боловч нэрийг нь шилжүүлж амжихгүй яваад байгаа юм ...Надад одоо гомдол санал байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг. /хх-27-29х/,
Гэрч Х.Далхжав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэр өдөр ажлаа хийгээд дэлгүүртээ сууж байхад манай дэлгүүрийн гадна талд саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэрэл нь асаалттай, машин нь мөн асаалттай орой 19-20 цагийн орчимд санагдаж байна ...очоод цонхоор нь харахад хүн байхгүй хаалга нь цоожлогдоогүй байхаар нь урд талын салхины шилэн дээр байх дугаар руу залгаад уг машиныг оройжингоо энд байна, асаалттай цоожгүй байна гэсэн чинь наад машиндаа битгий хүрээрэй, наад машин чинь хулгайд алдагдсан машин байгаа юм би цагдаад мэдэгдээд яваад очъё танайх хаана вэ гэж асуухаар нь хаягаа хэлсэн ... ” гэх мэдүүлэг. /хх-32-33х/,
Яллагдагч О.Б мэдүүлэхдээ: “...Азаа гэх хүний унаад байдаг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байхаар нь хаалгыг нь татаж үзэхэд онгорхой дотор нь хүн байхгүй байсан юм. Тэгээд би тухайн үед архиныхаа халуунд уг тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард суугаад уг тээврийн хэрэгслийг хөдөлгөөд унаад явж байгаад өөрийнхөө гэрийн ар талд байх Өнөр хас нэртэй дэлгүүрийн гадна талд байрлуулаад буугаад өөрийнхөө гэртээ унтаж байхад араас цагдаа нар ирж, намайг барьсан ...” гэх мэдүүлэг. /хх-48-51х/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-23х/,
Эд зүйл баримт бичиг, мөнгө, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-24х/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД2-18-773 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.200.000 /долоон сая хоёр зуун мянган төгрөг/ ...” /хх-41х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О овогтой Б нь согтуугаар, гэртээ харих зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 72-1141 тоотод байрлах хашааны гадна асаагаад орхисон Д.Азжаргалын эзэмшлийн 38-59 УНА улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Бийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Д.Азжаргал нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О.Бийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 14-ний дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН