Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 38

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч С.Ш, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг,

Хохирогч Э.Гантөмөр,

Иргэний нэхэмжлэгч Ж.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С.Шт холбогдох эрүүгийн 1803007680442 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч С овогт С.Ш, Монгол Улсын иргэн, 1987 оны 5 сарын 23-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 61 дүгээр гудамж 822 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:......................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ш нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Өлзий төвийн уулзвар замд “ЗАСО” ХХК-ний эзэмшлийн 32-91 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчиж Э.Гантөмөрийн жолоодон явсан Тоёота Витц маркийн 14-20 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Тоёота Витц маркийн 14-20 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан Тоёота Приус маркийн 12-32 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Э.Гантөмөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сарын 11-нд 6 цаг 45 минутын үед гэрээсээ гарсан.  Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Өлзийт төвийн уулзварын гэрлэн дохио зөрчсөн. Хохирогч Гантөмөрт ажилгүй байсан хугацааны 3 сая төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд 300.000 төгрөг өгсөн. Нямсүрэнд даатгалын компаниас хохирлыг гаргуулж өгсөн” гэв.

Хохирогч Э.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө 7 цагийн орчим гэрээсээ гарч Төмөр замын вокзал орохоор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Монгол 3 дугаар сургуулийн гэрэл дохион дээр зогсож улмаар ногоон гэрэл асах үед цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явах үед Өлзий төвийн уулзварын ногоон гэрэл мөн асаж байсан болохоор цааш хөдөлгөөн үргэлжлүүлээд уулзвар луу орох үед ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй гэрэл дохио зөрчиж улаан гэрлээр суудлын автомашин уулзвар луу орж ирэн миний автомашины баруун гар талын урд дугуй хэсэг рүү мөргөсөн байсан. Би осол болох үед ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа ухаан орсон. Би зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохиогоор уулзвар нэвтэрч байсан. Ослын улмаас давсаг хагарсан, цээж мөр хэсэг хөхөрсөн байсан. Өөр гэмтэл гайгүй байсан. Жолооч эмчилгээнд 400.000 төгрөг өгсөн, баримт нь жолоочид өөрт нь байгаа. Миний автомашины хохирол болон ажилгүй байсан цалинг өгөх юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Хохирогч Э.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ 8 цаг 40 минутын үед гарсан. Тухайн үед эхнэр хөдөөнөөс ирээд Төмөр замын вокзал дээрээс очиж авсан юм. Өлзий төвийн уулзараар зөвшөөрсөн гэрлэн дохиогоор нэвтрэх үед гэнэт уг осол гарсан. Тухайн үед ухаан алдсан байсан. Сэрээд харахад эсрэг урсгал руу харсан аюулгүйн бүс ороосон, аюулгүй дэр задарсан байсан. Тухайн үед түргэн тусламж хажуугаар явж таараад Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Тээврийн хэрэгслийн хохирлыг даатгалын компаниас гаргаж өгсөн. Ажилгүй байх хугацаанцы 3.000.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй. Эрүүл мэндийн хувьд хэвийн байгаа, давсагаа удаан барих тохиолдолд чинэрч өвддөг” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 7 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Өлзий төвийн уулзварын зам дээр манай эхнэр Э.Энхцэцэг нь миний эзэмшлийн 12-32 УНО улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинтай гэрлэн дохион дээр зогсож байхад 32-91 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн, 14-20 СЭА улсын дугаартай Тоёота Витц маркийн автомашинууд мөргөлдөж 14-20 СЭА улсын дугаартай Тоёота Витц маркийн автомашин мөргөлдсөн хүчиндээ миний машины баруун талын урд хойд хаалга хэсэг лүү мөргөсөн байсан. Автомашиндаа үнэлгээ хийлгэхэд 555.000 төгрөг гарсан би энэ үнэлгээгээ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-36-37х/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сард даатгалын компаниас хохирол 555.000 төгрөг гаргаж өгсөн. Гомдол санал байхгүй” гэв.

Гэрч Э.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрлэн дохиогоор 14-20 СЭА улсын дугаартай Тоёота Витц маркийн автомашин зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр орж ирээд уулзварын гол хэсэгт явж байтал хойноосоо урагшаа чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөөгүй дохио буюу улаан гэрлээр 32-91 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин хурдтай орж ирээд 14-20 СЭА улсын дугаартай Тоёота Витц маркийн автомашинтай уулзварын голд мөргөлдөөд 14-20 СЭА улсын дугаартай Тоёота Витц маркийн автомашин баруун тийшээгээ шидэгдээд гэрэл дохио хүлээгээд зогсож байсан миний машины баруун талын урд хойд хаалга болон дунд багана хэсэг лүү мөргөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ хараад зогссон юм. Тухайн ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Тийм болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй эрүүл мэндийн хувьд ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-42-43х/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн: “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Өлзий төвийн уулзвар, асфальтан, шулуун тэгш, нойтон, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээтэй, тусгаарлах зурвастай, хашлагатай, хайсгүй, явган хүний замтай, зохицуулдаг уулзвар байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-13х/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14-16х/,

Ашид билгүүн ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан: “Тоёота Витц маркийн 14-20 СЭА маркийн тээврийн хэрэгсэлд 1.819.000 төгрөгийн шууд, 2.379.000 төгрөгийн нийт хохирол /хх-66-68х/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан Тоёота Приус маркийн 12-32 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 310.000 төгрөгийн шууд, 555.000 төгрөгийн нийт хохирол,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11208 тоот дүгнэлтэнд:

“1. Э.Гантөмөрийн биед давсагны урагдал, хэвлийн хөндий дэх шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-53х/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 711 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Зам тээврийн ослын материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт. “Асфальтан, шулуун тэгш, нойтон, уулзвар дээр, зохицуулагддаг, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Мөн тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, автомашинд үүссэн эвдрэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэхэд Т.Приус  11 маркийн 32-91 УНМ улсын дугаартай автомашины жолооч С.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна г/”улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Т.Приус 11 маркийн 32-91 УНМ улсын дугаартай автомашин нь тоормосны мөргүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.

3. Т.Витц маркийн 14-20 СЭА улсын дугаартай автомашины жолооч Э.Гантөмөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.

4. Т.Витц маркийн 14-20 СЭА улсын дугаартай автомашин нь тоормосны мөргүй тул хурдыг тодорхойлох боломжгүй байна.

5. Т.Приус 20 маркийн 12-32 УНО улсын дугаартай автомашины жолооч Э.Энхцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.

6. Т.Приус 20 маркийн 12-32 УНО улсын дугаартай автомашин нь тоормосны мөргүй тул хурдыг тодорхойлох боломжгүй байна.

7. Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

8. Т.Приус 11 маркийн 32-91 УНМ улсын дугаартай автомашин нь оношлогоонд орох боломжгүй гэсэн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байх тул зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн эсэхэд хариулах боломжгүй байна” гэжээ /хх-82х/,

Шүүгдэгч С.Шийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-97х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-101х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-104-106х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч С.Ш нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Өлзий төвийн уулзвар замд “ЗАСО” ХХК-ний эзэмшлийн 32-91 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчиж Э.Гантөмөрийн жолоодон явсан Тоёота Витц маркийн 14-20 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Тоёота Витц маркийн 14-20 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан Тоёота Приус маркийн 12-32 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Э.Гантөмөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ гэм хорын хохирлыг нөхөн төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Гантөмөрт 3.000.000 /хх-134, 136х/ төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч С.Шийн жолооны В ангиллын 1174705 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт С.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассугай.

 

            3. Шүүгдэгч С.Шийн В ангиллын 1174705 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлсүгэй.

 

            4. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Гантөмөрт 3.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.           

           

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН