Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Н-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,Б овогт Т.Н.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн зоогийн газарт иргэн П.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Т.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сэтгэл хөөрөөд их согтсон байсан. Гэхдээ болсон үйл явдлын зармыг нь санахгүй байгаа гэж мэдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой манай зоогийн газарт Барс худалдааны төвийн шинэ жилийн хүлээн авалт болсон юм. Хүлээн авалтанд ирсэн хүмүүс гарах цагаа хэтрүүлэн суугаад байсан. Манайх хаах цаг болж байсан болохоор би ширээн дээр байсан аяга тавгийг хураахаар очтол нэг ах намайг архи аягалаад өг гэж хэлсэн. Би тухайн ахад манай хаах цаг болсон байна, би үйлчлэхгүй гэж хэлтэл хажууд нь сууж байсан Н гэх зүс таних эмэгтэй чи яахаараа архи хундагалж өгдөггүй юм гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйд би хундагалж өгөх ёсгүй гэж хэлтэл намайг хэл амаар доромжлоод над руу пивоны шил шидсэн. Тухайн үед бол намайг оноогүй, би тэгээд зоогийн газрын текний ард байж байтал манай буудлын ресепшин Б эгч намайг дээшээ гараад ир гэж дуудсан би Б эгчтэй уулзахаар буудлын 2 дугаар давхарт гартал Н гэх эмэгтэй 2 дугаар давхарт намайг хүлээгээд сууж байсан. Намайг хараад буудлын өрөө рүү авч орно гээд гараас бариад татаад байсан. Би тухайн эмэгтэйд надад таньтай яриад байх юм байхгүй гэж хэлээд гарыг нь тавиулаад эргээд явтал миний араас үснээс татаж намайг газарт унагаагаад нүүр лүү алгадаж гэдэс, хөл, гуя руу тийрч өшиглөж зодсон. Тэгтэл Б эгч тухайн эмэгтэйг салгасан. ...Б эгч Н гэх эмэгтэйг хорьж байхдаа наад хүүхэд чинь жирэмсэн гэж хэлэхэд тэр тусмаа зодно гээд дайраад байсан, тэгж байгаад миний гэдэс рүү нэг удаа тийрч өшиглөсөн. Би буудлаас 1 дүгээр давхар луу буугаад зоогийн газарт ирээд байж байтал араас орж ирээд ширээн дээр байсан архи пивоны шилийг над руу шидсэн. Миний нуруунд 1 удаа оносон... Би Н гэх эмэгтэйд зодуулах үед 1 сар гарантай жирэмсэн байсан. ...зодуулсаны дараа миний хөл гуя хөхөрч хавдсан байсан мөн гэдсээр хатгуулж өвдөөд байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хэт их тонус өгсөн, байнга хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэж хэлээд эмчилгээ бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч О.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 19-23 цагийн хооронд Барс центр худалдааны төвийн ажилчид манай байгууллагын зоогийн газарт шинэ жилийн хүлээн авалт хийсэн юм. Тухайн хүлээн авалтын үед манай зөөгч П.Аыг нэг эмэгтэй зодсоныг би 2018 оны 12 сарын 31-ний өдөр мэдсэн... Маргааш нь ажил дээрээ ирэхэд П.Аыг нүүрэн хэсэгт хөхөрсөн байсан, би юу болсон талаар асуухад өчигдөр хүлээн авалтан дээр нэг эмэгтэй намайг зодсон гэж хэлж байсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...А 2 дугаар давхарт надтай уулзахаар гараад иртэл Н гэнэт Аын нүүр лүү цохиод үсдэж унагаагаад гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Би Нг салгатал дахиж зодох гээд дайрч давшилаад байсан. Би хүмүүсийн хамтаар Нг хорьж байгаад Аыг буулгасан. Тэгтэл араас нь Н бууж зоогийн газарт очоод пивоны шил шидсэн байсан... Тухайн үед Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээд согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Н.Өы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх хаах болоод зөөгч ширээн дээрх бохируудыг цэвэрлэж байсан. Би текэн дээр байсан, тэгтэл гэнэт хүн пивоны шил   шидэх шиг болсон. Тэгэхээр нь тухайн ширээн дээр нь очоод юу болсон талаар нь асуухад нэг эмэгтэй бид нарыг та нар хүмүүсийн шавхруу угаадас долоодог, та нар архи аягалж өг гэхэд аягалж өгсөнгүй та нар давраад юу ч хийдэггүй пизданууд гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Дараа нь тухайн эмэгтэй манай зөөгчийг дуудаад хэл амаар доромжлоод байсан ... 2 дугаар давхар луу гараад хартал манай зөөгч охиныг тухайн эмэгтэй зодсон байсан. Тухайн эмэгтэйг хүмүүс хориод тэр эмэгтэй манай зөөгч А руу дайрч давшилаад байсан. Би зөөгчтэйгөө бууж ирээд юу болсон талаар асуухад намайг үсдэж унагаагаад гэдэс рүү өшиглөж зодсон гэж хэлж байсан. А бид хоёрыг хамт зоогийн газарт байж байтал тухайн эмэгтэй дахиж бууж ирээд ширээн дээр байсан пиво архины шилийг авч шидээд байсан. Тухайн шил Аын нурууг цохьсон, мөн миний хөлийг цохьсон... Аын гэрт нь очиход нүүр, хөл гуя нь хөхөрсөн байсан. А өөрөө жирэмсэн 2 сартай шахуу болж байгаа хэвлий хэсгээр хатуулж өвдөөд байна гэж хэлж байсан ...Тухайн эмэгтэй архи уучихсан нилээд их согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.А гэх эмэгтэй 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт ирж үзүүлээд жирэмсэний хяналтанд орж байсан. Тухайн үед хэвлийгээр хатуурч өвдөнө давсгаар хатуурч өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. ЭХО-д харахад умайн тонус ихтэй ургийн өсөлт хөгжилт хэвийн ургийн зүрхний цохилт нэмэх, 9-10 долоо хоногтой 2 дахь жирэмслэлт байсан. Ураг зулбахыг завдсан байсан тул би ураг зулбахаас сэргийлэх эмчилгээ, умайн булчингийн тонус бууруулах эмчилгээ бичиж өгсөн. Эмчилгээ бичиж өгсөнөөс хойш ургийн өсөлт хөгжил хэвийн хяналтанд хянагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/043 дугаартай: “...П.Аын биед умайн булчингийн чангарал, баруун шанаа, баруун хацрын зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. П.Аын биед умайн булчингийн чангарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаа, баруун хацрын зулгарал, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61 / зэргийг шинжлэн судлав.

                     

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их говийн соён” ХХК-ийн зоогийн газарт иргэн П.Аыг соёлтой үйлчилсэнгүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанжурмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сэтгэл хөөрөөд их согтсон байсан. Гэхдээ болсон үйл явдлын зармыг нь санахгүй байгаа.......” гэсэн мэдүүлэг, Хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг хэл амаар доромжлоод над руу пивоны шил шидсэн. ... 2 дугаар давхарт гартал Н гэх эмэгтэй 2 дугаар давхарт намайг хүлээгээд сууж байсан. Намайг хараад буудлын өрөө рүү авч орно гээд гараас бариад татаад байсан. Би тухайн эмэгтэйд надад таньтай яриад байх юм байхгүй гэж хэлээд гарыг нь тавиулаад эргээд явтал миний араас үснээс татаж намайг газарт унагаагаад нүүр лүү алгадаж гэдэс, хөл, гуя руу тийрч өшиглөж зодсон.....” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хүлээн авалтын манай зөөгч П.Аыг нэг эмэгтэй зодсоныг би 2018 оны 12 сарын 31-ний өдөр мэдсэн... Маргааш нь ажил дээрээ ирэхэд П.Аыг нүүрэн хэсэгт хөхөрсөн байсан би юу болсон талаар асуухад өчигдөр хүлээн авалтан дээр нэг эмэгтэй намайг зодсон гэж хэлж байсан...." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...А 2 дугаар давхарт надтай уулзахаар гараад иртэл Н гэнэт Аын нүүр лүү цохиод үсдэж унагаагаад гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Би Нг салгатал дахиж зодох гээд дайрч давшилаад байсан. Би хүмүүсийн хамтаар Нг хорьж байгаад Аыг буулгасан. Тэгтэл араас нь Н бууж зоогийн газарт очоод пивоны шил шидсэн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Өы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх хаах болоод зөөгч ширээн дээрх бохируудыг цэвэрлэж байсан би текэн дээр байсан. Тэгтэл гэнэт хүн пивоны шил шидэх шиг болсон. Тэгэхээр нь тухайн ширээн дээр нь очоод юу болсон талаар нь асуухад нэг эмэгтэй бид нарыг та нар хүмүүсийн шавхруу угаадас долоодог та нар архи аягалж өг гэхэд...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.А гэх эмэгтэй 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт ирж үзүүлээд жирэмсний хяналтанд орж байсан. Тухайн үед хэвлийгээр хатуурч өвдөнө давсгаар хатуурч өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. ЭХО-д харахад умайн тонус ихтэй ургийн өсөлт хөгжилт хэвийн ургийн зүрхний цохилт нэмэх, 9-10 долоо хоногтой 2 дахь жирэмслэлт байсан ураг зулбахыг завдсан байсан тул би ураг зулбахаас сэргийлэх эмчилгээ, умайн булчингийн тонус бууруулах эмчилгээ бичиж өгсөн. Эмчилгээ бичиж өгсөнөөс хойш ургийн өсөлт хөгжил хэвийн хяналтанд хянагдаж байна...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/043 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Нд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

 Хохирогч  П.А нь гэмт хэрэг болох үед жирэмсэн байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгч нь хохирогчийг жирэмсэн эсэхийг мэдэж байсан болох нь тогтоогдоогүй байх тул зүйлчлэлийг хүндрүүлээгүй нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б овогт Т.Н-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Нд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч П.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний төлбөр 143180 төгрөг, цалин 400000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Н.Н нь эмчилгээний төлбөр 143180 төгрөгийг төлж барагдуулсан байна. Харин хохирогч П.Аын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 400000 төгрөгийн шаардлага нь олох байсан орлого гэсэн байдал нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн хохирогч П.А нь цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэнэ гэсэн байх тул нэхэмжлэлийг хэлэлцүүлэхгүйгээр нээлттэй үлдээлээ.

 

Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.Н-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4. Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирогч П.Аын 400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч П.А нь учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалсугай.

 

           8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД