| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0030/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Т.Мд холбогдох эрүүгийн 1811027300929 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д овогт Т.М, Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, ах, эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:..................../.
Шүүгдэгч Т.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 20 дугаар гудамжны 344 тоотод оршин суух Б.Болдбаатарын байшингийн цоожийг эвдэн орж 55 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2018 оны 9 дүгээр сарын эхээр өөрийн барьж байсан Самсунг эс 6 загварын гар утсыг 70,000 төгрөгийн барьцаанд ломбарданд тавьсан байсан бөгөөд гар утсаа авах мөнгө олдохгүй яваад байсан. Надтай хамт гар утас ломбарданд тавьсан найз Ганхүү зугтаад надтай уулзахгүй байхаар нь Ганхүүгийн хамаатных нь ах Болдбаатарын гэрт очиж зурагтыг нь авч ломбарданд аваачиж өгөөд гар утсаа сольж авах санаа төрсөн юм. Тухайн үед би Болдбаатар ахын байшингийн хаалгыг татаж онгойлгон зурагтын тавиур дээр байсан 55 инчийн Фунай нэртэй эл си ди зурагтыг авч тэдний үүдний өлгүүрт байсан Лексус 470 машины түлхүүрийг авч хашаанд нь байсан 98-05 УНД улсын дугаартай ногоон өнгийн Лексус 470 загварын тээврийн хэрэгслийг унаж зурагтаа ачаад хамаатны ах Дашпүрэвийн гэрт очсон чинь тэдний гэрт хүн байхгүй болохоор нь тэдний арын эзэнгүй байшинд зурагтыг нууж үлдээгээд буцаад нөгөө Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг унаж Болдбаатар ахын хашаанд машиныг нь аваачиж тавьсан чинь Болдбаатар ахын охин Намуун байшингаас гараад ирсэн. Би машиныг үлдээгээд зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-40-41х/,
Шүүгдэгч Т.Мэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын эхээр найзын хамт өөрийн Самсунг галакси эс-6 маркийн гар утсаа ломбарданд удаа дараа тавьж байсан. Хамгийн сүүлд ломбарданд утсаа тавих үед хугацаа нь дууссан. Гэтэл мөнгө өгөхгүй надаас зугтаагаад залгах бүрт утсаа салгаад авахгүй байсан. Өөр дугаараас залгах үед утсаа авдаг. Тэгээд миний хоолойг таниад утсаа салгачихдаг юм. Тухайн үед би гэрт нь очсон боловч нүүсэн байсан. Тэгээд ахынх нь гэрт очсон. Би ахынх нь гэрт очиход саарал өнгийн бүргэд хаалга нь дутуу хаагдсан байсан. Хаалга татсан чинь нээгдсэн. Тэгээд би хүн байгаа байх гэж бодоод яваад орсон чинь хүн байхгүй ороод зурагтыг нь аваад хашаанд байсан ногоон өнгийн автомашиныг нь унаад Дашпүрэв ахын гэрт очсон. Зурагтыг аваачиж тавих гээд тэгээд Дашпүрэв ахынд очоод хойд эзэнгүй байшинд нь зурагтыг үлдээсэн. Автомашиныг нь буцаагаад аваачиж тавьсан. Би гэртээ ирээд байж байтал цагдаа нар ирсэн би цагдаа нарт бүх үнэнээ хэлсэн” гэв.
Хохирогч Б.Болдбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 20-344 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр бид хоёр 08 цагийн үед ажилдаа яваад манай охин Намуун гэртээ үлдсэн. Намуун 10 цагийн үед гэрээсээ гарч өрхийн эмнэлэг ороод 11 цаг 15 минутын үед гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, хашаанд машин байхгүй гэрийн хаалга цоожгүй байсан гэсэн. Тэгээд гэртээ очсон чинь манай гэрийн 55 инчийн эл си ди фунай маркийн зурагт байхгүй байсан гэсэн. Энэ талаар надад утсаар ярьж хэлсэн. Би цагдаагийн газарт дуудлага өгөөд гэртээ ирсэн цагдаагийнхан ирсэн байсан. Тухайн үед манай охин гэртээ байж байсан чинь миний 98-05 УНТ улсын дугаартай ногоон Лексус 470 загварын машин хашааны гаднаас ороод ирсэн гэсэн. Тэгээд манай охин Намуун гарсан чинь машиныг 20 орчим насны залуу хашаанд оруулж ирчихээд буугаад зугтаасан гэсэн. Манай гэрийн хаалга үүд цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Манай охин гэрээ цоожлоод гарсан чинь онгорхой байсан гэж байсан. Манай гэрээс 55 инчийн фунай загварын зурагт алдагдсан. Мөн хашаанд байсан 98-05 УНТ улсын дугаартай Лексус 470 маркийн машиныг унаж яваад буцааж авчирч тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-13х/,
Насанд хүрээгүй гэрч Э.Намуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 20-344 тоотод аав ээжийн хамт амьдардаг бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө аав ээж хоёр ажилдаа яваад би гэртээ ганцаараа байж байгаад 09 цагийн үед гэрээсээ гарч өрхийн эмнэлэг ороод 12 цагт гэртээ орж ирсэн чинь хашаанд байсан аавын 98-05 УНТ улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд гэрт орох гэсэн чинь манай байшингийн хаалга цоожгүй онгорхой байсан бөгөөд манай гэрийн зурагтын тавиур дээр байсан 55 инчийн эл си ди зурагт байхгүй байсан. Тэгээд аавтай утсаар ярьж энэ талаар хэлээд байж байсан чинь хашааны гаднаас аавын машин орж ирээд хашаанд зогссон. Би гэрээс гарсан чинь аавын машинаас 20 орчим насны хар куртик, саарал цамцтай залуу буугаад зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-21х/,
Гэрч Д.Оюунтунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Мөнх-Эрдэнэ дээгүүрээ хар жакет буюу куртиктай, дотуураа саараал зузаан юүдэнтэй цамц, хар өмдтэй байсан” гэх мэдүүлэг /хх-16х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6х, 7-8х/,
Т.Мэс хар өнгийн гадаргуу хүрээтэй 55 инчийн Фунай загварын зурагтыг удирдлагын хамт хураан авч Б.Болдбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9х/,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас “фунай брэндийн 55 инчийн зурагтыг 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-27х/,
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-46х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53х/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-57-63х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.М нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 20 дугаар гудамжны 344 тоотод оршин суух Б.Болдбаатарын байшингийн цоожийг эвдэн орж 55 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын эд зүйлийг буцаан өгсөн байх ба хохирогч Б.Болдбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Т.Мд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Т.Мнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Мийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Т.Мд 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, сургуулиа өөрлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН