Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01295

 

 

2023  06  30  210/МА2023/01295

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/02163 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Цалин хөлсний зөрүү 18,881,527 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Лхагвадулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* ******* ХХК-ийн Сос ******* ******* эмнэлгийн орон нутаг дахь салбарт тестерийн ажил гүйцэтгэхээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилласан. Гэрээгээр Ковид-19 цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ******* *******н уурхайн ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, шинжилгээ эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан ПСР шинжилгээг авч, аймгийн болон улсын онцгой комисст сорьцын хариуг хүргүүлэх, мэдээлэл, бүртгэлийн ажилтныг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээж, тухайн төсөл дуусах хүртэл хугацаанд ажиллахаар тохирсон.

1.2. ******* ******* ХХК-аас Б.*******д 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох мэдэгдэл өгч, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаал гарч гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь ямар нэгэн ноцтой алдаа гаргаагүй, байгууллагад хохирол учруулаагүй.

1.3. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 18,881,527 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд:

2020 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 2,096,774 төгрөг, 2021 оны 04 дүгээр сард 166,667 төгрөг, 2021 оны 05 дугаар сард 161,290 төгрөг, 2021 оны 06 дугаар сард 645,161 төгрөг, 2021 оны 07 дугаар сард 1,209,677 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 967,742 төгрөг, 2021 оны 11 дүгээр сард 916,667 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 725,806 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 322,581 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 2,053,571 төгрөг, 2022 оны 03 дугаар сард 645,161 төгрөг, 2022 оны 04 дүгээр сард 1,416,667 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 1,290,323 төгрөг, 2022 оны 06 дугаар сард 1,083,333 төгрөг, 2022 оны 07 дугаар сард 967,742 төгрөг, 2022 оны 08 дугаар сард 1,129,032 төгрөг, 2022 оны 09 дүгээр сард 2,083,333 төгрөг тус тус дутуу олгосон тул нийт 18,881,527 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2020 оны сүүлээр Монгол Улс болон дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг тогтоосон. ******* ******* ХХК нь үйлчлүүлэгчдийн хүсэлтээр Ковид-19 цар тахлын дэгдэлт, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд түр хугацааны төсөл хэрэгжүүлсэн. Уг төсөл нь тодорхой цэгүүдээс уурхайн цогцолбор руу нэвтэрч байгаа ажилтнаас хамар хоолойн арчдас авч, сорьцыг шинжилгээнд оруулахад стандарт журмын дагуу бэлдэн, шинжилгээ өгч байгаа хүний мэдээллийг үнэн зөвөөр бүртгэн, бүртгэлийн баазыг нарийн бүрдүүлэх болон түүнтэй холбоотой ажил гүйцэтгүүлэх байсан.

Дээрх төсөл дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллах саналыг нийтэд нээлттэй зарласны дүнд нэхэмжлэгч саналаа илэрхийлж 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэсэн ажилд ногдох хөлс авахаар тохиролцсон.

2.2. Нэхэмжлэгч Б.******* нь ******* *******н уурхайн цогцолборын талбайд тестерийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бичиг баримтыг тулган асуугаагүй болон нэр бүхий 3 хүний шинжилгээний сорьцыг үлдээсэн алдаа гаргасан. Үүнээс үүдэн шинжилгээ өгөөгүй хүнд шинжилгээний хариу мессежээр очсон ноцтой алдаа гарсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэг сорьцын шилэнд 2 хүний шинжилгээний сорьцыг авсан алдаа дахин гаргасан.

Дээрх зөрчлүүдтэй холбоотойгоор хөлсөөр ажиллах гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан ноцтой зөрчил гэж үзэн гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон. Харин Б.******* 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүний нөөцийн менежерт нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж авах хүсэлтэй байгаа тул заавал тушаал хэрэгтэй гэж хүссэний дагуу тушаал гаргаж өгсөн.

2.3. Гэрээгээр тохиролцсон сарын хөлсийг ажилласан хоногтоо ногдуулан авдаг байсан. Үүнд ямар нэгэн зөрүү гарсан зүйлгүй. Гэрээний 7.13-т Ажилласан хугацааны хөлсийг хөлсөөр ажиллуулагчаас гэрээгээр тохиролцсон хугацаанд шаардах эрхтэй гэж заасныг хүлээн зөвшөөрсөн атлаа огт ажиллаагүй үеийн хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас 8,920,955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,960,572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,149 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 157,684 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, зохигчид хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнтэй маргаагүй гэж зөв дүгнэсэн боловч хөлсөөр ажиллах гэрээний хөлс гэдэгт ажиллах хүчний ур чадвар зөвхөн хамаарах бөгөөд хэн ч гүйцэтгэх боломжгүй түүний ур чадварт зориулан төлж байгаа хөлсийг хөлсөөр ажиллах гэрээний хөлс гэж үздэг гэж үндэслэлгүй дүгнэж огт ажил гүйцэтгээгүй хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Б.*******гээр хамраас арчдас авахуулах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Мөн хуулийн 2 дахь заалтад гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, эсхүл үйлчилгээ байдаг гэж заасан. Өөрөөр хэлбэл бүх төрлийн гэдэгт хэн ч гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээг хэлэх бөгөөд хууль тогтоогчоос онцгой ур чадвартай этгээдийн хийх ёстой бүх ажил, үйлчилгээ, эсхүл ур чадвар шаарддаг бүх ажил, үйлчилгээ гэж онцгойлон хуульчилсан, эсхүл эрх бүхий байгууллагын албан ёсны тайлбар байхгүй.

Хамраас арчдас авах ажил нь хэн нэгэн хүнээс онцгой ур чадварыг шаардсан ажил огтоос биш бөгөөд гагцхүү эрүүл мэндийн байгууллага болохынхоо хувьд бид туслуулах зорилгоор эрүүл мэндийн ажилтан гэдгийг нотлох баримт бичигтэй байх шаардлагыг тавьж гэрээ байгуулсан.

4.2. Ажиллагч гэрээгээр тохирсон ажлыг биечлэн гүйцэтгэж дууссаны дараа хөлсөөр ажиллуулагч нь төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Энэ талаар гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай биелүүлэх, 7.2-т гэрээнд заасан ажлыг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийн бусдад шилжүүлж болохгүй, 7.3-д шударга хөдөлмөрлөж үүргээ ёсчлон биелүүлэх, 7.13-т ажилласан хугацааны хөлсийг шаардах эрхтэй зэргээр ажиллагч заавал биеэрээ гүйцэтгэх үндсэн үүрэг бүхий хэлцэл, түүний мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгохын зэрэгцээ сар бүр хөлс авч байх үедээ гомдол санал хэлэхгүй ажлаа бололцоотой цагтаа хийж байснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг өөр утгаар тайлбарлаж хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд тухайн ажиллагч үүргээ биечлэн гүйцэтгээгүй байхад гэрээний хөлсийг бүхэлд нь олгох нь зүйтэй гэж хуулийг буруу хэрэглэсний улмаар өөр бусад хөлсөөр ажиллагч нэгхэн сар ажилласан ч ажиллаагүй олон сарын хөлсийг нэхэмжлэх, түүнчлэн бизнес эрхлэгчээс ажил хийхгүйгээр цалин мөнгө нэхэж болдог гэсэн буруу жишгийг бий болгож, хэн ч гэрээ байгуулсан боловч огт ажиллаагүй мөртлөө үндэслэлгүй хөрөнгөжих боломжтой болж, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд ноцтой хохирлыг бий болгох аюул, хор нөлөөтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 8,920,955 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Талууд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар маргадаггүй. Гэрээнд ажилласан хоногоор цалин хөлс олгох талаар зохицуулалт байхгүй. Гэрээний 4-т сард нэг удаа 2,500,000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан цалин хөлсний зөрүү 18,881,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь анх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон илүү цагийн хөлс, ээлжийн амралтын цалин тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсанаар өөрчилжээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг хөлсөөр ажиллах гэрээ гэж тодорхойлсон нь үндэслэлтэй боловч гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлаагүйгээс маргааны үйл баримтын талаарх дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

3.1. Зохигчдын хооронд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч байгууллагын эмнэлгийн ажилтнуудтай хамтран хуваарьт газарт мэдэгдсэн цэгт ирж тестерийн ажил гүйцэтгэж, ******* *******н уурхайн ажилтнуудаас Ковид-19 цар тахлын түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авч, шинжилгээ эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан ПСР шинжилгээг авч, аймгийн болон улсын онцгой комисст сорьцын хариуг хүргүүлж, мэдээлэл, бүртгэлийн ажилтныг үнэн зөв мэдээллээр хангах ажил гүйцэтгэх, хариуцагч ******* ******* ХХК сард нэг удаа 2,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 11-12 дахь тал)

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

3.2. Гэрээний харилцаа 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, хариуцагч нь нэхэмжлэгчид ажилласан хугацаагаар нь тооцон хөлс төлсөн болох нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээний 4 дэх заалтад Хөлсөөр ажиллагчид сард нэг удаа 2,500,000 төгрөгийг олгоно гэж зааснаар сард хэдэн хоног ажилласнаас үл хамааран хариуцагч сар бүр 2,500,000 төгрөгийн хөлс түүнд төлөх үүрэгтэй гэж тайлбарлан 2020 оны 12, 2021 оны 03-07, 10-12, 2022 оны 01-09 дүгээр саруудад дутуу олгосон хөлсөнд нийт 18,881,527 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардсан ба хариуцагч нь хөлсийг ажилласан хугацаагаар тооцохоор анх нэхэмжлэгчтэй тохиролцсон, үүний дагуу сар бүр тооцож олгосон, нэхэмжлэгч хөлс дутуу олгосон талаар санал гомдол гаргаж байгаагүй, гэрээний 7.13 дахь заалтад Ажилласан хугацааны хөлсийг хөлсөөр ажиллуулагчаас гэрээгээр тохиролцсон хугацаанд шаардах эрхтэй талаар заасан гэж маргажээ.

4.1. Талуудын байгуулсан гэрээний 3 дахь заалтад Ажиллах хуваарь: Хөлсөөр ажиллагч нь хуваарилагдсан ээлжинд заасан цагийн хуваарийн дагуу ажиллана, 4 дэх заалтад Хөлсөөр ажиллагчид сард нэг удаа 2,500,000 төгрөгийг олгоно, 7.13 дахь заалтад Хөлсөөр ажиллагч нь ажилласан хугацааны хөлсийг хөлсөөр ажиллуулагчаас гэрээгээр тохиролцсон хугацаанд шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

4.2.а. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн фэйсбүүк цахим сүлжээний Sos Medica Mongolia HR нэртэй хэрэглэгчийн бүлэгт 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөдөө орон нутаг болон хотод шинээр хэрэгжүүлэх төсөлд ажилтан авах тухай зар нийтэлсэн байх ба Лаборант-АШУИС-ийн Био анагаахын их сургуулийг био анагаах судлаачаар эсхүл АШУИС-ийн Сувилахуйн сургуулийг лаборант мэргэжлээр төгссөн байх, эмч эрхийн лицензтэй, сувилагч-Сувилахуйн сургуулийг мэргэжлээр төгссөн, лицензтэй, Тавигдах шаардлага: ... хотод ээлжээр эсхүл хөдөө орон нутагт ээлжийн хугацаанд байрлан ажиллах боломжтой байх ..., Онцлог: төслийн хугацаанд ажиллахад хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал төлөгдөх бөгөөд зөвхөн ажилласан хоногтоо зохих хөлсийг авах болохыг анхаарна уу гэсэн мэдээлэл тавигджээ.

4.2.б. Дээрхээс гадна хариуцагч нь 2021 оны 10, 11 дүгээр сард, 2022 оны 01, 02, 03, 04, 12 дугаар саруудад тухайн заасан хугацаанд ажиллах боломжтой тестерүүд нэрээ өгөхийг мэдэгдэж, үүнд нэхэмжлэгч Б.******* болон бусад ажилтан өөрийн нэр, утасны дугаараа өгч ажиллахаа илэрхийлсэн, зарим хугацаанд ажиллахаар батлагдсан нэхэмжлэгч болон бусад тестерийн нэр бүхий жагсаалтыг танилцуулсан байна.

4.2.в. Түүнчлэн хариуцагч нь 2021 оны 01, 02, 06, 07, 08, 10 дугаар саруудад нэхэмжлэгчтэй тухайлан харилцсан зурвасуудад үзлэг хийлгэсэн ба нэхэмжлэгч нь ажиллах ээлж, хугацааны талаарх саналаа хариуцагчид илэрхийлж байсан нь нотлогджээ.

4.2.г. Мөн нэхэмжлэгч нь цагийн бүртгэлд ажилласан өдөр бүр гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба цагийн бүртгэл нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хугацааг хамарчээ. (хэргийн 3 дахь хавтас 57-58, 1 дэх хавтас 110-250, 2 дахь хавтас 1-19, 35-84, 86-90 дэх тал)

4.2.д. Хариуцагч нь нэхэмжлэгчийн маргаж буй цаг хугацаанд хөлсийг дор дурдсанаар тооцон олгосон байна. Үүнд:

- 2020 оны 12 дугаар сард 18 хоногт 1,500,000 төгрөг;

- 2021 оны 03 дугаар сард 5 хоногт 403,226 төгрөг, 04 дүгээр сард 28 хоногт 2,333,333 төгрөг, 05 дугаар сард 29 хоногт 2,338,710 төгрөг, 06 дугаар сард 29 хоногт 2,338,710 төгрөг, 07 дугаар сард 16 хоногт 1,290,323 төгрөг, 10 дугаар сард 19 хоногт 1,532,258 төгрөг, 11 дүгээр сард 19 хоногт 1,583,333 төгрөг, 12 дугаар сард 22 хоногт 1,774,194 төгрөг;

- 2022 оны 01 дүгээр сард 27 хоногт 2,177,419 төгрөг, 02 дугаар сард 5 хоногт 446,429 төгрөг, 03 дугаар сард 23 хоногт 1,854,839 төгрөг, 04 дүгээр сард 13 хоногт 1,083,333 төгрөг, 05 дугаар сард 15 хоногт 1,209,677 төгрөг, 06 дугаар сард 17 хоногт 1,416,667 төгрөг, 07 дугаар сард 19 хоногт 1,532,258 төгрөг, 08 дугаар сард 17 хоногт 1,370,968 төгрөг, 09 дүгээр сард 5 хоногт 416,667 төгрөг. (хэргийн 1 дэх хавтас 107-109 дэх тал)

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.

 

5. Зохигчдын байгуулсан гэрээг дээрх баримтууд, талуудын тайлбартай харьцуулж дүгнэхэд, хариуцагч нь анх ажилд авах тухай зард ажилтан ажилласан хоногтоо зохих хөлсийг авах талаар мэдэгдэж байснаас гадна нэхэмжлэгчийн ажиллах ээлж, цагийн хуваарийг талууд тухай бүр тохиролцон тогтоож байсан, мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн сард ажилласан хоногоор тооцон хөлс олгож байсныг нэхэмжлэгч хүлээн авах үедээ маргаж байгаагүй байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ба хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах ба дээрх баримтуудаар талуудыг ажиллагчийн ажилласан хугацаагаар тооцон хөлс олгохоор тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээнд заасан хөлсийг ажиллагчаас өөр хэн ч гүйцэтгэх боломжгүй ур чадварт нь зориулан төлдөг, талуудын сард нэг удаа 2,500,000 төгрөг төлөх тохиролцоо нь түүний ажилласан цаг хугацаанаас хамаарч багасах нь энэ гэрээний агуулгад нийцэхгүй гэж дүгнэж гэрээг буруу тайлбарласан байна.

Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дутуу олгосон хөлс 18,881,527 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/02163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 18,881,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА