Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2016/01349/И |
Дугаар | 001/ХТ2017/00837 |
Огноо | 2017-06-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2017/00837
Х.Батсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01495 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 796 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Х.Батсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Хишигжаргалд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6 124 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Хишигжаргал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Хишигжаргал 5 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Сарын хүү болох 300 000 төгрөгийг сар бүрийн 6-наас 10-ны өдөр Хаан банк дахь миний дансанд хийж байх, 5 000 000 төгрөгийг үйл ажиллагаандаа хэрэглэж байгаад миний охиныг 2014 оны 7 сард Герман улсад сургуульд явахад нь буцааж өгөхөөр тохиролцсон.
Гэтэл Г.Хишигжаргал зээлийн хүүг төлөхгүй янз бүрийн шалтгаан дурдаж, удахгүй өгнө гэдэг байсан. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 900 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Ивемек” гэх малын эмийг 1 776 000 төгрөгт тооцож, нийт 5 176 000 төгрөг өгсөн.
2015 оны 5 дугаар сард зээлийн гэрээний тооцоог хааж, бүрэн төлж дуусгана гэсэн боловч утсаа авахгүй болсон, мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс охин минь Герман улс явж чадаагүй.
Иймд зээлийн нийт төлбөрт 11 300 000 төгрөг төлөх ёстойгоос 5 176 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 6 124 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг зээлж аваад нэхэмжлэгчийн өгсөн тайлбараар 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 900 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Ивемек” нэртэй малын эм 2 880 000 төгрөгт тооцож өр төлбөргүй болсон. Харин нэхэмжлэгч хэл амаар доромжлон, гар хүрч алагдсан тул бичиг бичиж өгсөн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01495 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Хишигжаргалаас зээлийн төлбөрт 172 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Батсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 952 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хишигжаргалаас 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Батсайханд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 796 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “172 000” гэснийг “2 824 000” гэж, “5 952 000” гэснийг “3 300 000” гэж, 2 дахь заалтын “112 940” гэснийг “67 750” гэж, “4 550” гэснийг “60 134” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Давж заалдах шатны шүүх нь 796 тоот магадлалаа гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
2013 оны 9 дүгээр сарын 6-нд бидний дунд байгуулсан гэрээнд 5 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж байна гэсэн нь 1 сарын хугацаатай тохиролцож байгуулсан байгааг шууд утгаар илэрхийлж байгааг илтэд буруу тайлбарласан. Хүүг cap бүрийн 6-наас 10-нд шилжүүлэх болно гэсэн нь cap бүр хүү төлнө гэсэн агуулга биш зээлийг хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх асуудал юм. Тийм ч учраас анхны 1 сарын хүүг төлж чадаагүй тул “чи надад хүү төлж чадахгүй төлбөрийн чадваргүй юм байна” гэж зээлийн гэрээгээ цуцалж үндсэн 5 000 000 төгрөгөө авахаар болсон юм. Энэ нь түүний анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбараас харагдаж байна.
Зээлийн гэрээнд тусгагдаагүй асуудал байхад 2014 оны 7 дугаар сард төлөхөөр тохиролцсон байна гэж хүү тооцон төлүүлж байгаа нь намайг илтэд хохироож байна. Ер нь гэрч Д,Монголхүүгийн мэдүүлгээс харахад Ивемек эмийг түүнд маш их ашигтай байдлаар өгсөн үүнээсээ тэр ч ашгаа олсон нь илтэд байдаг. Тухайн үед зээлийн өр төлбөргүй болсон хоорондын тооцоо дууссан гэж байсан хүн өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь арай л ёс зүйгүй асуудал байна. Иймд жинхэнэ утгаар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг хангаагүй дээрхи 796 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Х.Батсайхан нь хариуцагч Г.Хишигжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 6 124 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Г.Хишигжаргал нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.
Хариуцагч Г.Хишигжаргал нь 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Х.Батсайханаас 5 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлжээ \хх-ийн 4 дүгээр тал\.
Уг гэрээнд “хүүг сар бүрийн 6-10-нд ХААН банкны 43805312 0268 9366 \карт\ 300 000 төгрөгийг шилжүүлэх болно. Үндсэн зээлийг 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэж авна” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөрөөр тайлбарласан байна.
Анхан шатны шүүх хүүгийн талаарх гэрээний нөхцлийг зөвхөн нэг сарын хүү гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх гэрээ байгуулснаас хойш сар бүр авах хүү гэж үзжээ.
Эрх зүйн маргааны үндэслэл болж буй зохигчдын гэрээний нөхцлийг тайлбарлахад шүүх энэ талаарх Иргэний хуульд заасан журмыг баримтлах учиртай. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ёстойгоос гадна гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Зарим тохиолдолд гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах, гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, тохиролцоо, нөхцлийг харгалзан үзэх боломжтой юм.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүгийн талаарх тохиролцоог давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу илүү бодитоор тайлбарласан байна.
Тухайлбал “хүүг сар бүрийн 6-10-нд ... 300 000 төгрөгийг шилжүүлэх болно” гэсэн нөхцөл нь нэг удаагийн бус харин дахин давтагдах шинжтэй үйлдлийг илэрхийлсэн байх тул зөвхөн нэг сарын хүүд 300 000 төгрөг төлөх биш харин сар бүр 300 000 төгрөгийн хүү төлөх тухай тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, “үндсэн зээлийг нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэж авна” гэсэн заалт нь үндсэн зээлийг төлөх хугацааг талууд тодорхой заагаагүй учир шаардлага гарсан үед зээлдүүлэгч үндсэн зээлийг буцаан авах талаар урьдчилан мэдэгдэх тухай тохиролцоо байна. Ийнхүү тохиролцсон явдал нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2., 208.7.-д заасан шаардлагад нийцжээ.
Үүрэг гүйцэтгэх хугацааг зохицуулсан Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, зээлийг буцаан төлөх хугацааг талууд тохиролцоогүй учир зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэзээ ч буцаан шаардах эрхтэй боловч зээлдэгчид энэ талаар сарын өмнө мэдэгдэх ёстой байна.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан “миний охин Герман улс руу сургуульд явахад нь буцааж өгөхөөр тохиролцсон” гэх тайлбарыг харгалзан үзсэн нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.7.-д заасан “болзол тавьж хийсэн хэлцлийн тухайд үүргийг уул болзол бий болсны дараагийн өдрөөс гүйцэтгэнэ” гэх зохицуулалтын агуулгад нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Хишигжаргалыг үндсэн зээлд 5 000 000 төгрөг, 10 сарын хугацааны хүүд 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийн үүрэг гүйцэтгэхээс 5 176 000 төгрөг төлснийг хасч, түүнээс 2 824 000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг өөрчилсөн атлаа шийдвэрт оруулсан уг өөрчлөлтийг магадлалын үндэслэх хэсэгт “хууль хэрэглээний” гэж тодорхойлсон нь алдаатай болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаа, гэрээ тайлбарлах журмыг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 796 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН