Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 109

 

Х.Ж д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар магадлалтай, Х.Ж д холбогдох 2013 00139 0162 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х.Ж.

Х.Ж  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ж  болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоолд үндэслэл болгосон нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч К.Хайратын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаар шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд, үнэн зөв гарсан гэдэг нь эргэлзээтэй, хэрэг хянан шийдврлэх ажиллагааны журмын дагуу цуглуулаагүй нотлох баримт байсан. Тодруулбал, уг дүгнэлтэд цагдаагийн ахмад Х.Дамысбекийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүхийн шинжилгээний албаны үзлэгийн өрөөнд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгалийн гэрэлтүүлэгт шинжилгээ хийв” гэж мөн өдрийн огноотой 156 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байв. Гэтэл дүгнэлтийнхээ 2 дахь хуудаст шинжилгээ хийж дууссан хугацаа гэдэгт 2020.03.24 гэж бичсэн нь тухайн дүгнэлтийн үнэн зөв гараагүй болохыг нотлох юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газрыг шинжээчийн дүгнэлтэд тусгана” гэж заасныг зөрчсөн байна. Уг дүгнэлтийг бодит байдал дээр 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан мөртлөө 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мэтээр бичсэн нь шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг зөрчсөнөөс гадна шинжилгээ хийж дуусгахаас өмнө дүгнэлт гаргасан юм шиг ойлголт төрүүлж байна. Нөгөө талаар шинжээч эмч Х.Хайрат нь хохирогч Х.Жархыны төрөл садан хүнтэй дотно харилцаатай тул хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус дүгнэлт гаргасан байж болзошгүй гэдгийг шүүгдэгч Х.Ж  надад удаа дараа хандан хэлсэн юм. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шинжээч дүгнэлт гаргахаас татгалзана” гэж заасныг зөрчсөн, шинжээч дүгнэлт гаргахдаа хараат бус, хөндлөнгийн байдлаар үнэн зөв дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзээ бий болгож байна. Х.Жархыныг тархины доргилттой, зулайны урд хэсэгт няцарсан шархтай, зулайд битүү хавдартай, зүүн бүслүүр цус хуралттай, хавантай гэж шинжээч дүгнэлт гаргасан боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Х.Жархын эмнэлгийн тусламж авсан гэх боловч түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч, сувилагчаас мэдүүлэг аваагүй, өвчний түүхийг авч хэрэгт цуглуулаагүй, тархины гэмтэл авсан гэх боловч тархины гэмтлийг хэрхэн яаж эмчлүүлсэн талаарх огт нотлох баримт байхгүй байна. Тархиндаа гэмтэл авсан талаар хохирогч өөрөө мэдүүлээгүй байхад шинжээч дүгнэлт гаргахдаа тархины доргилттой, хавантай гэж дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй дүгнэлт болсон. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба гэрэл зургийн үзүүлэлтийг хоёр хувь үйлдэн нэг хувийг шүүхийн шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна” гэж заасан. Гэтэл шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох гэрэл зураг нь байхгүй байсан. Нэгэнт шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг нь дутуу учраас уг шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байна. Ийм хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэн шийтгэх тогтоол гаргасан явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох ёстой бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр зөрчил гэж үзэж байна.

2. Х.Жархыныг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан боловч “мэдүүлэг өгсөн гэрч Х.Жархын” гэж гарын үсэг зуруулсан байна. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл" гэсэн гарчигтай мэдүүлэг авсан мөртлөө "мэдүүлэг өгсөн гэрч Х.Жархын" гэж гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс болж Х.Жархын нь хохирогчоор мэдүүлэг өгсөн нь эсхүл гэрчээр мэдүүлэг өгсөн эсэх нь тодорхойгүй болжээ. Х.Жархын нь урьд нь хэд хэдэн удаа холбогдогчоор мэдүүлэг өгч байснаас гадна шүүгдэгч Х.Ж ээс хохирогчоор дараа нь гэрчээр мэдүүлэг тус тус авч байжээ. Хохирогч, гэрч, холбогдогч, яллагдагч нарын эрх зүйн байдал тус тусдаа байх бөгөөд хэргийг шалгахдаа эдгээрийг хоорондоо хутгаж болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж оролцогчийн эрхийг зөрчсөн асуудал гарсаар байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль бус байна.

3. Шүүгдэгч Х.Ж  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санааны гүн хямралд орж, хийсэн үйлдлээ ухамсарлах чадваргүй болсны улмаас бусдад хөнгөн хохирол учруулсан байж болзошгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Энэ асуудлаар хууль зүйн дүгнэлтийг дутуу хийсэн. Хэрэг учралын бодит байдал, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хамаарал, зэрэглэл, харьцаа, тэнцвэрийн хүрээнд авч үзвэл миний үйлчлүүлэгч санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан байж болзошгүй байна. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас энэ хэрэг явдал гарсан бөгөөд миний үйлчлүүлэгч хохирогчид хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсон байх шалтгаан нөхцөл илэрч тогтоогдсон хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй. Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний биед хөнгөн хохирол учруулсан гэвэл энэхүү үйлдлийг “гэмт хэрэг” гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл:

а/ хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн /Үүнд: хохирогч шүүгдэгчийг цохиж зодох, нүүрийг нь самардаж тав тогтоосон, хүүхдээ тэвэрч байсан хүний нүдний шилийг хугалж нүүр лүү нь шидсэн, нөхөртэй нь хувийн харилцаа тогтоож, эхнэрээс нь сал гэж шаардлага тавьсан, нөхрийнхөө гар утас, фэйсбүүкийг нь ашиглан элдэв хэл амаар доромжилсон, гэр бүлийг үймүүлсэн, удаан хугацааны турш сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэх зэрэг олон буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн/,

б/ хохирогчийн хууль бус гэмт үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд хоромхон зуур автсан /цаг хугацааны хувьд үргэлжлэл богино байсан/,

в/ шүүгдэгч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэхүйн хэвийн байдал алдагдах, биеэ барих, өөрийн үйлдлийг удирдан жолоодох ба өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдаг нь тухайн цаг үетэй, хэргийн нөхцөл байдалтай шуудаар шалтгаант холбоог үүсгэж байгаа учир гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талд хамаарах ‘‘гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал буюу эмоци” гэх шинж байсан болохыг илтгэж байна. Иймд дээрх “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэг нь гэмт хэргийн бие даасан нэгэн шинж болох нь харагдаж байгаа бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж заагаагүй болох нь харагдана. Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ гэмтлийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ учруулсан юм. Эрүүгийн хуульд заагаагүй бол ямар ч аюултай үйлдэл хийсэн бай гэмт хэрэгт тооцдоггүй учраас нэгэнт гэмт хэрэг гэж тооцогдоогүй буюу гэмт хэргийн нэг гол шинж болох субъектив талын бүрдэл байхгүй, казус буюу тохиолдол гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг “цагаатгаж” өгнө үү” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санаа цочрон давчидсан гэх үндэслэл зааж гомдол гаргадаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн нөхрийн гэр бүлээс гадуур харилцаанаас хэрүүл, маргаан үүссэн байдаг бөгөөд хохирогчийн буруутай үйлдэл тогтоогддоггүй. Шүүх шүүгдэгч Х.Ж д Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан буюу хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын гомдлыг үндэслэн Х.Ж д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Х.Ж ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутагт байрлах 3-36 айлын орон сууцны гадна 2020 оны 03 дугаар сарын 19-нд 22 цагийн үед Х.Жархыныг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайны урд хэсэгт няцарсан шархтай, зулайд битүү хавдартай, зүүн бүслүүр цус хуралттай, хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, эргэлзээгүй дүгнэлт хийсэн байна.

Хоёр шатны шүүхээс Х.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний доторх ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүхүүд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хохирогч Х.Жархын шүүгдэгч Х.Ж ийн нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, энэ харилцаагаа тодорхой хугацаанд үргэлжлүүлсэнээс шалтгаалан шүүгдэгч Х.Ж  сэтгэл зүйн хямралд орж, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, улмаар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн эрүүл мэндэд халдсан хэдий ч дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Х.Ж ийг гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид сэтгэл санаа нь гэнэт цочрон давчидсан гэж үзэх үндэслэл биш юм.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Х.Ж  нь нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харилцааны талаар гэмт хэрэг гарахаас өмнө мэдэж байсан, энэ харилцааг зогсоохыг хохирогч болон түүний ээж нараас удаа дараа шаардаж, олон нийтийн хэрэгслээр хохирогч Х.Жархынд анхааруулга өгсөн, шүүгдэгч эхний удаа өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар тодорхой зааж мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан “Х.Ж д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН