Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0070/З |
Дугаар | 001/ХТ2022/0020 |
Огноо | 2022-04-11 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2022/0020
“Д х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 119 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б-Э, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Д х” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Д х” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.
2.1. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 656 дугаар тушаалаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нь гучин сая төгрөгөөр нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг мөн өдрөөс банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 282 дугаар тушаалаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нь гучин сая төгрөгөөр нэмэгдүүлж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 395 дугаар тогтоолоор “... “Д х” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
3. Нэхэмжлэгчээс “... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, шалтгаан нь тодорхойгүй, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан арга хэмжээнүүдээс хамгийн хүнд төрлийн арга хэмжээг авсан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй” гэж тайлбарлан маргасан.
3.1. Хариуцагчаас “... тайлангаа хугацаанд нь ирүүлдэггүй, 2017 онд тайланд гарсан алдаа дутагдлын талаар үүрэг даалгавар өгсөн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар удаа дараа мэдэгдэхэд тогтоосонд хугацаанд хүсэлт гаргаагүй, хөрөнгийн хэмжээг 2018, 2019 онд нэмэгдүүлсэн боловч тусгай зөвшөөрөл сэргээснээс хойших хугацаанд; 2018 оны 1 дүгээр улиралд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг ирүүлээгүй, 2019 оны 1-3 улиралд ирүүлбэл зохих тайлан мэдээг ирүүлээгүй, 2019 онд төвлөрүүлбэл зохих зохицуулалт үйлчилгээний хөлсийг төвлөрүүлээгүй, Санхүүгийн зохицуулалх хорооны 2019 оны 5 дугаар тогтоолоор хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэг болгосныг биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх захиралд мэдэгдсэн, мөн цахим хаягаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн” гэж шүүхэд тайлбар гаргажээ.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “... тус хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 395 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 395 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн захирал Д.Б-Э-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
6. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ээс магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Үүнд:
7.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчсөн.
7.2. Учир нь “Д х” ХХК нь Хорооны 2019 оны 395 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх нарийвчилсан зохицуулалтыг зөв хэрэглээгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг хэрэглэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэсэн өөр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
7.3. Нэхэмжлэгч компани нь 2016-2018 оны хооронд удаа дараа санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолоор үйл ажиллагааг нь 3 сар түдгэлзүүлсэн бөгөөд тайлан мэдээг нөхөн өгсөн болон холбогдох үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж үзэж 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр сэргээсэн байдаг.
7.4. Гэтэл тус нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг нь сэргээсэн байхад дахин 3 улирал дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын 4.6.4-т заасан “Мэдээлэх үүрэгтэй этгээдээс Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлдэг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны улирлын тайлан, мэдээ”-г мөн 1-3 дугаар улиралд ирүүлээгүй, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 158 дугаар тогтоолоор баталсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох, төвлөрүүлэх журам батлах тухай”-ын 3.3-т “Жил бүр төвлөрүүлэх хөлсийг “Зохицуулалтыг үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох, төвлөрүүлэх журам” батлах тухай тогтоолын 1, 2, 3, 4 дүгээр хавсралтуудад заасны дагуу жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төвлөрүүлнэ” гэж заасны дагуу Хороонд жил бүр төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсийг төлөөгүй зэрэг удаа дараагийн зөрчлүүдийг гаргасан тул Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 7.7.5-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлийн дагуу хүчингүй болгох үндэслэл хангалттай бүрдсэн бөгөөд энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дахь заалт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
7.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн.
8. Нэхэмжлэгч “Д х” ХХК-иас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9. Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
10. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ. ...”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй:” гээд 4.1.2-т “банк бус санхүүгийн байгууллага” гэж тус тус заажээ.
11. Анхан шатны шүүх “... банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй буюу ... тайлан, мэдээгээ хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй, ... 2019 оны 1-3 дугаар улирлын тайлан мэдээг ... хороонд хүргүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж, үүрэг болгосон ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
12. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдийн хувьд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, дүрмийг дагаж мөрдөн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлэх, санхүүгийн тайланг хугацаанд нь гаргах, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй.
13. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 05 дугаар тогтоолоор хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг тус “Д х” банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдэж байсан, гэтэл “Д х” ХХК-иас 2019 оны 1, 2, 3 улирлын санхүүгийн тайланг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээгүй; Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэл гаргах үүргээ биелүүлээгүй; Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор батлагдсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”-аар тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлөөгүй байх тул “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа” зөрчсөн гэж үзнэ.
14. Тодруулбал, санхүүгийн тайланг улирал, жилээр хүргүүлэх, холбогдох мэдээлэл гаргах, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төсөвт төвлөрүүлэх зэрэг шаардлагыг хууль, журмаар зохицуулсан нь банк бус санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, үр ашигтай нөхцлөөр хангахад орших бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчих нь банк бус санхүүгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тодорхой заасан.
15. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 7.7.5-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 7.7.7-д “ирүүлбэл зохих санхүүгийн тайланг ... 4 улирал дараалан Хороонд ирүүлээгүй” тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг заасан, энэ тохиолдолд, нэхэмжлэгч компанийн гаргасан зөрчлүүд нь дээрх журмын аль аль үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн журмын 7.7.7-д заасан үндэслэлд дүгнэлт өгч, 7.7.5-д заасан үндэслэлийг орхигдуулан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
16. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН