Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 013

 

К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

М.Саулешийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэртэй, К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Өлгий сумын 2 дугаар багт оршин суух Шыбарайгыр овогт Мухитаны Саулешийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 53 тоот тушаалын К.Хурметбек, С.Досжан, Х.Хурмет нарыг ажлаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгож, тэдгээрийг урьд эрхэлж байсан галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Цэнгэл сумын ахлах сургуульд галчаар найман хүн ажиллаж байсан бөгөөд эдгээр ажилтнуудыг 2015 оны 12 дугаар сард сургуулийн захирлын 53, 56 дугаар хоёр удаагийн тушаалаар төвлөрсөн халаалтад шилжсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Хамт ажлаас чөлөөлөгдсөн Ш.Тауел, К.Болат нарт тус сургуулийн захирал дахин ажил олгожээ. Энэ үеэс маргаан үүсч, шүүхэд гомдол гаргахаар болоход сургуулийн захирал К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан, Х.Серик, Х.Төлеген нарт та нар шүүхэд гомдол гаргахгүйгээр түр хүлээгээрэй, ажил олгох болно хэмээн удаа дараа аман хэлбэрээр хариу өгч хүлээлгэсэн байна. Галч К.Хурметбек нь ганц бие эцэг бөгөөд 2007 онд эхнэр нь нас барсан, таван хүүхэд асарч, нэг оюутан сургаж нэг айлын ачаа үүрч яваа аав хүн. 2016 оны цагаан сарын баярын дараа, захиралтай уулзаж, ажил олгохыг хүсэхэд захирал та нарт олгох ажил байхгүй, очих газартаа оч, одоо та нарын шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж хэлсэн байна. Захирал ажилчдыг бөөнөөр халсан 53, 56 дугаар тушаал гаргах үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан ажилтнуудын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэдгээ мэдэж, шүүхэд гомдол гаргах хугацааг өнгөрөөх санаа агуулж явсан байна. Иймд шүүхээс хүсэхэд, К.Хурметбек, С.Досжан, Х.Хурмет нарын шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Цэнгэл сумын ахлах сургуулийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 тоот захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Засгийн газрын 2015 оны тогтоолоор манай сум Сумын төвийг шинэчлэх төсөлд хамрагдаж, сумын нийт төсөвт байгууллагууд эхний ээлжид нэгдсэн халаалтад холбогдсон юм. Үүнтэй холбогдуулан манай сургуульд ажиллаж байгаа бүх галч нарыг ажлаас чөлөөлөх нөхцөл үүссэн. Манай сургууль нэгдсэн халаалтад холбогдсон учраас ажилчдад байгууллагын нэгдсэн хурал дээр ажлаас чөлөөлөгдөх тухай танилцуулсан. Ингээд дээрх нэр бүхий ажилчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж тус бүрт захирлын 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 54 дүгээр тушаалаар нэг сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Бид хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтад заасан эрх үүргээ удаа дараагийн хурлаар танилцуулж хэлж тайлбарлаж үүргээ биелүүлсэн. Миний энэ мэдэгдсэнийг дээрх иргэд бид огт юм мэдэж сонсоогүй гэж байгаа нь үндэслэлгүй. Тэдэнд Нийгмийн даатгалын сангаас 76 хоногийн тэтгэмж олгохоор болсон ба одоогоор 1-2 сарын тэтгэмж авсан байгаа. Ингэж өгсөн тэтгэмжийг авчихсан мөртлөө бидэнд мэдэгдээгүй гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулешийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 53 тоот тушаалын К.Хурметбек, С.Досжан, Х.Хурмет нарыг ажлаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

М.Саулешийн давж заалдах гомдлын агуулга: ... 2015 оны 11 дүгээр сарын 02, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад галч нарын орон тоо хасагдсан, тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах асуудал яригдаагүй. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тухайгаа бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулах ёстой, энэ талаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тушаалаар тус сургуульд галчаар ажиллаж байсан К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан үндэслэлээр мөн өдрөөс эхлэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

К.Хурметбек нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, Х.Хурмет нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, С.Досжан нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус тус Шыбарайгыр жүзик овогт Мухитаны Саулешт итгэмжлэл олгож, улмаар М.Саулеш нь итгэмжлэлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн, шүүхэд гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.-т заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 548 дугаар шүүгчийн захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасныг баримтлан М.Саулешийн хүсэлтээр К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээн тогтоожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, ажил олгогч буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т зааснаар ажилтан К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарт хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх буюу гардуулах үүргээ биелүүлснээ нотлоогүй байх бөгөөд энэ тохиолдолд төлөөлөн нэхэмжлэгч М.Саулешийн ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдлыг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нар нь ажилгүйдлийн тэтгэмж авсан болохыг тодорхойлсон бичмэл баримт нь тэдгээрт ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гардуулсныг нотлохгүй юм.

 

Ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирал нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ шүүхэд нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх тушаалын хууль зүйн үндэслэлд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийхгүйгээр ...хууль зүйн үндэслэлтэй гарсан тушаал байна. гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан ...орон тоо хасагдсан гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, орон тоо цөөрүүлсэн гэдэгт ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгох бөгөөд ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлээ хариуцагч нотлох үүрэгтэй юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Галч нартай хийсэн хурлын протокол гэсэн бичмэл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, тус баримтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан ...ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... гэдгийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн саначилгаар цуцлах тухайгаа ажил олгогч, эсхүл түүний төлөөлөл ажилтан тус бүрт, тухайлан мэдэгдэх хуудас гардуулж, мэдэгдэхийг ойлгох бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан уг журмыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлсэн талаар шүүхэд нотлоогүй байхад К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарт ажлаас халагдах тухай мэдэгдээгүй ажил олгогчийн эс үйлдлийг анхан шатны шүүх хариуцагч ... татан буугдаагүй байх тул ... төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, маргааны үйл баримтад хамааралгүй болжээ. К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулешийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр, К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулешийн ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тушаалын К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Санырау Есентай овогт Көксегений Хурметбек, Санырау овогт Хосайн Хурмет, Найман харатай овогт Сергейн Досжан нарыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тушаалын К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Санырау Есентай овогт Көксегений Хурметбек, Санырау овогт Хосайн Хурмет, Найман харатай овогт Сергейн Досжан нарыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК