Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01280

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  28  210/МА2023/01280

 

 

Т.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/01709 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Ган-Эрдэнэд холбогдох

Гэм хорын хохиролд 4,564,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ч.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Т.******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.Ган-Эрдэнийн пэйж хуудсаар дамжуулан мэнгэ, нөсөө толбо авхуулах зөвлөгөө авч, цаг авч очсон. Ч.Ган-Эрдэнэ нь чамаас илүү нөсөө толботой хүмүүс ирээд эмчлүүлээд зүгээр болсон, эдгэрэх хугацааг 3 хоног, гүн авсан бол 7-10 хоног болдог гэж хэлсэн. Гэтэл авхуулсны маргаашаас нь хавдаад, идээ татаж, хорсож, улайсан. Өглөө нь Ч.Ган-Эрдэнэ рүү залгахад уурлаад байсан. Мэргэжлийн гоо сайхны эмч нарын хэлж байгаагаар хэтэрхий гүн ухаж авсан байна, ингэж авч болохгүй, одоо 100 % эдгэх боломжгүй гэсэн зөвлөгөөг өгсөн. Мөн намайг Хаппи смайл эмнэлгээр өмнө нь үйлчлүүлж байсан гэж худлаа ярьж байна. Урьд нь миний нүүрэнд сэвх, толбо бүдэг байсан, ийм хонхорхой сорви байгаагүй. Одоо нүүрээр дүүрэн сорви болсон.

1.2. Ч.Ган-Эрдэнэ дээр эмчилгээнд орохдоо 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 280,000 төгрөг төлсөн. Үүний дараа Хаппи смайл эмнэлэгт арьс сэргээх эмчилгээнд орсон ба 13 удаагийн оролтоор тарилга 6 удаа, арьс нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй тарилга 1 удаа хийлгэсэн. Нийт эмчилгээний төлбөрийн дүн Ч.Ган-Эрдэнэд 280,000 төгрөг, Хаппи смайл эмнэлэгт 4,070,000 төгрөг, сорвины тос, дотроосоо уудаг коллаген зэргийг авахад 214,340 төгрөг зарцуулсан. Иймд 4,564,340 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ч.Ган-Эрдэнэ нь 2000 онд арьс гоо заслын технологичоор төгссөн мэргэжлийн гоо заслаар ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл хангалуун байдаг, ямар нэгэн асуудал өмнө гарч байгаагүй. Т.*******тай эвлэрэхгүй байгаа шалтгаан нь анхнаасаа худлаа яриад байгаа. Эмчилгээнд нийтдээ 3 гаруй цаг ажилласан.

2.2. Мөн өөр газраар үйлчлүүлсэн мөнгөө надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Хаппи смайл эмнэлэгтэй холбогдон Т.*******г үйлчлүүлсэн эсэхийг асуухад үйлчлүүлсэн гэдгийг хэлсэн. Мөн өмнө нь ирсэн нь үнэн, гэхдээ маргаан болоод мөнгөө буцааж авч байсан гэсэн.

2.3. Т.*******д 280,000 төгрөг өгөөд эвлэрэх саналтай боловч Т.******* нь 280,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй илүү мөнгө нэхэмжилсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.Ган-Эрдэнээс 280,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,281,340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх ...хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор хариуцагч Ч.Ган-Эрдэнийг гэм буруутай гэж тогтоогоогүй гэжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай 127 дугаар тогтоолд ...Т.******* нь Стар гоо сайхны салонд нүүрний нөсөө толбо арилгах лазер эмчилгээнд орсон болох нь түүний мэдүүлэг, фото зураг, мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр түүнд хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна гэснээс үзэхэд Т.*******д хохирол учирсан болох нь тогтоогдсон.

4.2. Мөн Доктор смайл ХХК-ийн тодорхойлолтоор нэхэмжлэгч нь нүүрэндээ бүрэн эдгэрэхгүй сорвитой болсон гэх байдал тогтоогдохгүй байна гэсэн нь хэт гуйвуулсан дүгнэлт болсон. Учир нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтод ...үйлчлүүлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-нд Доктор смайл ХХК-ийн харьяа Хаппи смайл арьс гоо заслын эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ тусламж авахаар ирсэн. Ирэх үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан хонхорхой сорвижсон хэсэг олонтой байсан. Манай эмнэлэгт курс эмчилгээнд орсноор арьсны хонхорхой сорвинууд 40-50% багасна. 100% бүрэн арилахгүйг хүлээн зөвшөөрч эмчилгээнд хамрагдсан болно гэсэн байх ба сорви нь бүрэн арилахгүй гэдгийг эмчилгээнээс өмнө тодруулж зөвшөөрлийн авч эмчилгээг эхлүүлсэн болох нь нотлогддог.

4.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 139 дугаар дүгнэлтэд Т.*******гийн биед олон тооны сорви гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн.

Түүнчлэн хариуцагч Ч.Ган-Эрдэнийг бусдын нүүрэнд гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ лазераар мэнгэ нөсөө толбо авах эрхтэй эсэх нь тогтоогдоогүй бөгөөд шүүгч энэ талаар хариуцагчаас тодруулахад би мастер гоо сайханч, зөвшөөрөл надад хамаагүй гэж хэлж байсан.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг хэрэглэж хариуцагчаас 280,000 төгрөг гаргуулсан атлаа үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга.

5.1. Т.******* 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нүүрэн дээрх мэнгээ авхуулсан. Гэвч маргааш нь над руу залгаад нүүр хавдаад, идээ татаж, улайсан, шөнө унтаж чадаагүй гэж худлаа ярьсан. 10 хоногийн дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан ба тэр үед уулзахад нүүр нь бүрэн эдгэсэн байсан. Би түүнд 7-10 хоногийн дотор тав унана гэж хэлсэн. 1 хоногийн дараа авхуулсан мэнгэний сорви эдгэхгүй.

5.2. Т.******* надаас мөнгө салгаж авахын тулд намайг шүүхэд дуудуулж, ажил төрөл хийлгэхгүй 3 жил явж байна. Миний үйлчилгээ үзүүлж байсан үйлчлүүлэгч нараас санал гомдол гаргаж байгаагүй. Өөр байгууллагаас авсан үйлчилгээний төлбөрийг би төлөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ч.Ган-Эрдэнэд холбогдуулан гэм хорын хохиролд 4,564,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.Ган-Эрдэнээр нүүрний нөсөө толбо арилгуулахаар лазер эмчилгээ хийлгэсэн бөгөөд уг эмчилгээг зохих ёсоор хийгээгүйгээс үүдэн нүүрэнд хонхорхой сорвитой болж, нөхөн төлжүүлэх нэмэлт эмчилгээ хийсэн зардлаа гаргуулна гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, эдгэрэхэд хугацаа шаардлагатай байсан, өөр байгууллагаас авсан үйлчилгээний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбарласан.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

3.1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 139 дугаар дүгнэлтэд Т.*******гийн биед дух, хоёр зовхи, хоёр чамархай, хоёр хацрын төвгөр, нүүр, хацар, хоёр шанаа, дээд уруулын дээд хэсэг, эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн,

3.2. Доктор смайл ХХК-ийн тодорхойлолтод Т.******* 2021.11.02-нд Доктор смайл ХХК-ийн харьяа Happy-Smile арьс гоо заслын эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ тусламж авахаар ирэх үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан, хонхорхой сорвижсон хэсэг олонтой байсан. Манай эмнэлэгт курс эмчилгээнд орсноор арьсны хонхорхой сорвинууд 40-50% багасна. 100 хувь бүрэн арилахгүйг хүлээн зөвшөөрч эмчилгээнд хамрагдсан болно гэж тодорхойлсон,

3.3. Мөн Happy-Smile арьс гоо заслын эмнэлгийн эмчийн зөвлөгөөний хуудаст HA+PRP: арьсны нөхөн төлжилтийг сайжруулах зорилготойгоор гиалуроны хүчил болон PRP буюу тромбоцитоор баялаг сийвэн эмчилгээ, Pink+HA+PRP: арьсны нөхөн төлжилтийг хурдасгах, арьсны гүн гэмтлийг түрэх үйлчилгээтэй тарилга эмчилгээ гэж тус тус дурдсаныг харьцуулан үзэхэд, хариуцагчийн үзүүлсэн мэнгэ, нөсөө, толбо лазераар авах үйлчилгээний улмаас нэхэмжлэгчийн нүүрэнд өндөр хэмийн үйлчлэлээр арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж, олон тооны хонхорхой сорви үүсч, улмаар арьс нөхөн төлжүүлэх эмчилгээ хийгдсэн болох нь тогтоогдсон байна.

3.4. Хариуцагч нь нэхэмжлэгчид үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн дээрх баримтуудыг үгүйсгэж няцааж чадаагүй. Нэхэмжлэгчид үйлчилгээ үзүүлэхийн өмнөх байдлыг харуулсан болон өөр үйлчлүүлэгчийн фото зургуудыг шүүхэд гаргасан байх боловч эдгээр нь хариуцагчийн тайлбарыг нотлохгүй байна.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн хуулийн 497.2 дахь хэсэгт заасан.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн нүүрэнд олон тооны хонхорхой сорвиуд үүссэн, тэдгээрт арьс нөхөн төлжүүлэх эмчилгээ хийгдсэнийг түүний үзүүлсэн үйлчилгээтэй холбоогүй болохыг баримтаар нотлоогүй.

Иймээс хариуцагч дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Хариуцагчаас 280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй учир энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй болно.

Харин нэхэмжлэгч нь Хаппи смайл эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд хийгдсэн эмчилгээнд нийт 4,070,000 төгрөг төлсөн болох нь Доктор смайл ХХК-ийн тодорхойлолт, Хаан банк ХХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5023286180 тоот дансны хуулгаар тогтоогдсон тул хариуцагчаас уг төлбөрийг нэмж гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэстэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 214,340 төгрөгийн үнийн дүн бүхий сорвины тос, коллаген зэргийг хэрэглэх талаар эмчийн заавар зөвлөгөө өгсөн баримт хэрэгт авагдаагүй тул энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/01709 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...280,000... гэснийг 4,350,000 гэж, ...4,281,340... гэснийг 214,340 гэж, 2 дахь заалтын ...9,050... гэснийг 84,550 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА