| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0027/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч Э.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811027411132 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Э.Т, 1981 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14 дүгээр гудамж 442 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/...................../,
Яллагдагч Э.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга баарны гадна Ч.Хурцбилэгийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Хурцбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Дуулга бааранд орсон, би утсаар яриад явж байгаад нэг эмэгтэйг санамсаргүй шүргэчихсэн чинь хоёр эмэгтэй миний үснээс зулгаагаад доошоо дарчихсан. Цэцэгсүрэн, Сарантөгс баарны хамгаалагч салгасан ...би гараад таксинд суух гэсэн чинь эрэгтэй нь хүрч ирээд манай найз Сарантөгсийг цохиод холдуулснаа миний нүүр лүү хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд Цэцэгсүрэн эгч гарч ирээд Сарантөгс хоёр намайг тэр залуугаас холдуулаад явж байтал миний нүүрийн баруун тал руу хэн нь мэдэхгүй чулуугаар цохьсон ...” гэх мэдүүлэг /хх-17-20х/,
Яллагдагч Э.Т мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би араас нь очоод нөгөө хэрэлдээд байсан Хурцбилэг гэж эмэгтэйгийн хажууд байсан найзад нь найзыгаа аваад яв гээд такси зогссон байхаар нь түлхтэл Хурцбилэг нь муу янханууд гээд элдэв үгээр хараагаад байсан. Тэгэхээр нь би зам дээр байсан чулуу аваад шидчихсэн чинь Хурцбилэгийг оночихсон юм. Миний хувьд Хурцбилэгт учруулсан хохирлоо барагдуулсан тул надад хөнгөн шийтгэл оноож өгөхийг хүсэж байна ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11664 тоот дүгнэлтэд: “1. Ч.Хурцбилэгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-24х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга баарны гадна Ч.Хурцбилэгийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Хурцбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Хурцбилэг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН