Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 27

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Хохирогч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Эгт холбогдох эрүүгийн 1811028911051 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б овогт Б.Э, Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: 2000 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн,

2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:....................../.

          Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг Гялгар модны захын ойролцоо хохирогч С.Шинэбаярыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Яллагдагч Б.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…би тэр залуугийн дагз хэсэг рүү нь алгадаж цохисон чинь газар өвдөглөөд уначихсан, тэгэхээр нь би 2-3 удаа тэр залууг өшиглөсөн, өшиглөхдөө яг хаана нь өшиглөснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-31-32х/,

Хохирогч С.Шинэбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын уулзварын баруун хойд талд зам дагуу байрлах Хан хөхий нэртэй цайны газар луу хооллохоор орсон. Тэгээд хоол идэж байтал гаднаас хоёр согтуу залуу орж ирээд хоол идэж байсан хүмүүсийг “хужаагийн муу бааснууд” гэх мэтээр доромжлоод байсан. Би тэр хоёр залууг амьхандаа аргадаад гаргах санаатай “ах нараа гарцгаачих” гэж хэлээд цайны газраас гаргасан. Тэгтэл нэг залуу нь намайг заамдчихаад тавихгүй татаад байсан бөгөөд тэр залуучууд нилээн согтуу байсан болохоор намайг цохих гэж үзсэн. Би цохих гэж оролдох бүрт нь бултсан. Намайг заамдаж явсаар байгаад замын эсрэг талд буюу Гялгар модны захын ойролцоо аваачаад заамдахаа больсон. Тэгтэл араас нэг ч юм бүү мэд нэг хүн дагз руу цохиод газар унагаасан. Газар сөхөрч суухад намайг нэг нь нүүр лүү өшиглөсөн эсэхийг би мэдэхгүй байна. Намайг зодуулаад зогсож байхад цагдаа нар ирээд салгаад нөгөө хүнийг эрүүлжүүлэхэд хийсэн ...“ гэх мэдүүлэг /хх-12-16х/,

Хохирогч С.Шинэбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Чингэлтэй дүүрэг, Хайлаастын тэнд байрлах зоогийн газарт хоол идээд сууж байх үед Б.Э орж ирсэн. Тэгээд агсраад хужаагийн шээснүүд гэхээр нь би ах энэ газарт хүмүүс хоол идэж байна та гарчих гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэбилэгийг аваад гарсан. Гэтэл гараад намайг цохисон. Тухайн үед би согтуу хүнтэй гар зөрүүлэх хэрэггүй гэж бодоод явсан. Араас толгой руу цохисон хэн нь цохисоныг мэдэхгүй байна. Би газар сөхрөөд суучихсан байсан. Тэр үед Эрдэнэбилэг нүүр лүү хөмсөгний доод тал руу өшиглөсөн. Дахиад өшиглөх гэхээр нь би хоёр гараараа хаасан. Эмнэлэгт үзүүлэхэд таны нүдийг сарын дараа ажиглана гэсэн. Одоогоор мэдэгдэх зүйлгүй, нүдний ухархай цөмрөлттэй, цус хуралттай байна гэж хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардал 1.500.000 нэхэмжилж байна” гэв.

Гэрч Н.Доржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг болж байхад Билгээ /Эрдэнэбилэг/ манай гэрт ирээд бид хоёр манайд 0,75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Бид хоёр манай гэрээс гараад Гялгар зах руу явсан. Тэнд очиход хуучин барилга дээр ажиллаж байсан нэрийг нь мэдэхгүй зүс таних хоёр залуу явж байхаар нь тэр хоёр залуугийн хамт Билгээ бид хоёр гудамжинд 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг уусан. Уг архийг уучихаад Билгээ бид хоёр цайны газар орж хоол идэхээр болоод Хайлааст руу эргэдэг уулзвар дээр байрлах цайны газар луу орсон. Билгээ яахав чанга сөөнгөдүү хоолойтой болохоор цайны газар чанга чанга яриад байсан бөгөөд нэг үл таних залуу “чимээгүй бай, зайл” гээд хөөгөөд байхад нь Билгээ уурлаад тэр залуутай маргалдаж эхэлсэн. Уурласандаа тэр залууг “хужаа” гэх мэтээр доромжилсон. Билгээ тэр залууг дагуулж гарах гээд байсан бөгөөд би дундуур нь орсон боловч дийлэхгүй байсан ...зам гарч байхад нь Билгээ тэр хоёр залуугийн голоор нь ороод арай хийж салгасан боловч Билгээ тэр залуугийн толгой руу нэг удаа цохисон чинь газар газар сөхрөөд суучихсан. Тэгээд тэр залууг 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би Билгээг түлхсэн боловч Билгээ дайраад байсан бөгөөд цагдаа нар ирээд салгаад Билгээг эрүүлжүүлэхэд хийсэн ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Гэрч Б.Болдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...30 гаран насны нилээн согтуу байдалтай залуу нэг залуутай зодолдсон байсан. Тэр хоёрын ойр орчим өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №12352 тоот дүгнэлтэнд:

“1. Шинэбаярын биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхинд шарх, хамрын угт зүүн талдаа зулгарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24х/,

Шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-51х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-44х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг Гялгар модны захын ойролцоо хохирогч С.Шинэбаярыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан баримтаар учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч С.Шинэбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх 192.978 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч Б.Э нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх ба хохирогч С.Шинэбаяр нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хохирогч С.Шинэбаяр нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 193.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН