Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 38

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Золбоо,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар ердийн журмаар хянан хэлэлцэхээр шүүхэд шилжүүлсэн Ц овогт Ц.А-д холбогдох эрүүгийн 1819003550006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Ц.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин согтуугаар 42-92 УНО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай босоо тэнхлэгийн А0102 дугаар бүхий зам дээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хурд хэтрүүлэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт онхолдож зам тээврийн ослын улмаас хохирогч Я.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийг “согтуурсан үедээ“ гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...холбогдсон хэргийнхээ гэм бурууг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэв,

 

Шүүгдэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...42-92 улсын дугаартай Тоёота Кровн маркийн хар өнгийн автомашин унаж явсан ...миний гар утас руу М, Т 2 залгаад байсан. Тэгээд би М, Тгийн гэрт очсон чинь архи уугаад сууж байсан ...Тэгээд бид 3 хувааж уугаад би архинаас нь 4 хундага архи уусан. Тэгээд би гадагшаа гартал Т гэрийн гадаа зогсож байсан. Т нь намайг автомашинтайгаа Даланжаргалан сумын Өлзийт зөрлөг ороод өгөөч архи авах гэсэн юм гэж гуйсан тэгээд явж өгсөн. Тэгээд бид 2 онгорхой дэлгүүр хайсан тэр үед үүр цайх гэж байсан учраас дэлгүүр байхгүй байсан. Тэгээд цааш явж 25 дугаар зөрлөг явсан тэнд бас онгорхой дэлгүүр байхгүй байсан. Тэгээд Даланжаргалан сумын Болор зоогийн газар орсон тэнд согтууруулах ундааны зүйл зардаггүй гэсэн тэгээд онгорхой дэлгүүр олдоогүй. Тэгээд шууд Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу буцаж явсан. Тэгээд Болор зоогийн газраас 400-500 метр явж байгаад нэг мэдэхэд онхолдсон байсан. Би согтуу байсан учраас зүүрмэглэснээс болж замын хажуу талруу осолдсон ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

Хохирогч Я.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө ...03 цаг өнгөрч байхад хаалга нүдэж А нь манай гэрт орж ирсэн ирэхдээ 1 шил 0,75 гр ерөөл архи авч орж ирсэн. Тэгээд манай нөхөр архинаас нь 2 татаад л маргааш ажилтай гээд унтаад өгсөн. Унтаж байтал миний хөл дээр цохих шиг болсон чинь А байсан. Тэгээд А нь гарч архи авъя гэсэн би тэгэхээр нь одоо архи олдохгүй гэсэн чинь 2-лаа Өлзийт зөрлөг ороод ирье гэж хэлсэн. Тэгээд бид Аын унаж ирсэн 42-92 УНО улсын дугаартай хар өнгийн Тоёота Кровн маркийн машинтай манай гэрээс хөдөлж Өлзийт зөрлөг орсон чинь замын хажуу талын дэлгүүр нь харанхуй гэрэлгүй байсан юм. А нь шууд Даланжаргалан сум явсан. Тэгээд Даланжаргалан суманд ирээд замын хойд талын Болор гэх нэртэй Зоогийн газраас нэг 0,5 гр жижиг шилтэй пиво, нэг хайрцаг тамхитай авсан. Тэгээд тэнд удалгүй Шивээговь сум руу буцаж явсан. Би явж байхдаа чи машин тэрэг аятайхан бариад яваарай, машин тэрэг чинь тоглоом биш шүү гэж хэлсэн. А за за хөгшөө гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Даланжаргалан сумын эмнэлэг дээр сэрсэн ...баруун талын 4 хавирга хугарсан, сүүжний яс цуурсан байна гэж байсан, мөн зүүн чихний ард 4 оёдол тавьсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12403 дугаартай дүгнэлтэнд: "...А...цусанд 1,8 промилли спиртийн агууламж илрэв. ...согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/0421 дугаартай дүгнэлтэнд: “...Я.Тгийн биед баруун суудал ясны хугарал, баруун 11 дүгээр хавирганы хугарал, зүүн чихний шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...баруун суудал ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтэнд: "...Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. ”Жолоочид дараах зүйлийг хориглоно. А/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,  “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-с хэтрүүлэхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна” гэжээ /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 11 сарын 12-ноос 2018 оны 11 дүгээр сарын 13-ны шилжих шөнө ...А нь манай гэрт 0,75 гр ерөөл архи авч орж ирсэн. Тэгээд би маргааш ажилтай гэсэн манай эхнэр Ттэй хамт уусан юм. Би архинаас 2-3 удаа татаад унтлаа гээд хүүхэд тэврээд цаашаа хараад хэвтэж байгаад унтаад өгсөн ...Даланжаргалан сумын эмнэлэг дээр ирж эмчтэй уулзахад эхнэр чинь нуруу нугасандаа гэмтэл авсан, хүзүүндээ оёдол тавьсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 86 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...А ах миний 42-92 УНО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашинтай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр вагоны шөнийн суудлыг тосох гэж яваад л 11 сарын 12-ны өдөр гэрт ирж хоноогүй. Тэгээд маргааш Даланжаргалан сумын цагдаагаас осолд орсон тухай ярьсан..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 93 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-102 / зэргийг шинжлэн судлав.

         

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7,  12 дугаар бүлгийн 12.4 дэх заалтуудыг зөрчин согтуугаар 42-92 УНО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай босоо тэнхлэгийн А0102 дугаар бүхий зам дээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хурд хэтрүүлэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт онхолдож зам тээврийн ослын улмаас хохирогч Я.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Аын өгсөн: "...42-92 улсын дугаартай Тоёота Кровн маркийн хар өнгийн автомашин унаж явсан .... Тэгээд Болор зоогийн газраас 400-500 метр явж байгаад нэг мэдэхэд онхолдсон байсан. Би согтуу байсан учраас зүүрмэглэснээс болж замын хажуу талруу осолдсон ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Я.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".... Тэгээд тэнд удалгүй Шивээговь сум руу буцаж явсан. Би явж байхдаа чи машин тэрэг аятайхан бариад яваарай, машин тэрэг чинь тоглоом биш шүү гэж хэлсэн. А за за хөгшөө гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Даланжаргалан сумын эмнэлэг дээр сэрсэн .......” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би архинаас 2-3 удаа татаад унтлаа гээд хүүхэд тэврээд цаашаа хараад хэвтэж байгаад унтаад өгсөн ...Даланжаргалан сумын эмнэлэг дээр ирж эмчтэй уулзахад эхнэр чинь нуруу нугасандаа гэмтэл авсан, хүзүүндээ оёдол тавьсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...А ах миний 42-92 УНО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашинтай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр вагоны шөнийн суудлыг тосох гэж яваад л 11 сарын 12-ны өдөр гэрт ирж хоноогүй. Тэгээд маргааш Даланжаргалан сумын цагдаагаас осолд орсон тухай ярьсан..." гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12403 дугаартай дүгнэлт, Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/0421 дугаартай дүгнэлт, Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Аад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Ц овогт Ц.А ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Аад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн ял шийтгэлгүй хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Хохирогч  Я.Т нь мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ял оногдуулахгүйгээр тэнсэж , хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Ц.А ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

           5. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн үеэс тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Ц.Аын 1201449 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

           7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД