Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 26

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н.Мнд холбогдох эрүүгийн 1811015161077 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч М овогт Н.М, Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ач нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 31-459 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 19б-32 тоотод оршин суух,

Урьд: 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:................................/.

          Шүүгдэгч Н.М нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 19б байрны 32 тоотод байрлах гэртээ тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан Алтайн хойлог шувууны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Миний хүү М.Мөнхсайханы биед яр, шарх туураад байдаг юм. Тухайн үед хүмүүсийн зөвлөснөөр хойлог шувууны мах чанаад шөлөөр нь шарх арчихад сайн гэсэн. Хүүгийнхээ эмчилгээнд зориулан хойлог шувууны мах авсан. Өөр зүйлд ашиглаагүй. Ходоодны шархтай хүнд хойлогийн мах идүүлэх, шөл уулгаж болохгүй гэсэн. Тэгэхээр нь хойлог шувууг эвдэж янзлаагүй бүтнээр нь хадгалаж байсан” гэв.

Яллагдагч Н.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Манай хүү Мөнхсайхан нимгэн арьс дээр нь харшил гардаг өвчтэй юм. Тэгээд өөрийнхөө хүүгийн харшлыг эдгээх гэж зарын дагуу 2018 оны 01 эсвэл 2 сард санагдаж байна хойлог шувуу худалдаж авсан Үнэгүй.мн сайт дээр байсан зарыг хараад холбогдох дугаар луу залгаж ХУД-ийн АПУ ХХК-ний эсрэг талын 75 дугаар сургуулийн арын байрны гадна очиход нэг залуу гарч ирээд надад ууттай хойлог шувууг өгсөн. 150.000 төгрөгөөр худалдан авч, мөнгөө бэлнээр өгсөн. Тэгээд шувуугаа аваад гэртээ хадгалж, ашиглаж амжаагүй байсан. Хэрэглэж мэдэхгүй юм чинь буцаагаад зарчихъя гээд фэйсбүүк хаяг дээр Хойлог шувуу зарна гээд өөрийнхөө тухайн үед ашиглаж байсан 94096424 дугаарын утсаа бичсэн байсан. Тэгээд зарын дагуу ярьж байна гээд цагдаагийн байгууллагын хүмүүс надтай уулзсан ...Одоо утасны дугаарыг нь санахгүй байгаа. Зарыг харснаас хойш 2 удаа л ярьсан ...Одоо харвал танихгүй. Тэр байранд амьдардаг үгүйг ч хэлж мэдэхгүй байна, намайг дуудахад нь л явж очсон ...” гэх мэдүүлэг /хх-50х/,

Хохирогч М.Амгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Байгаль орчны хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 2/Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж тус тус заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож өгсөн байгаа. Уг тогтоолд зааснаар Алтайн хойлог шувууны эдийн засгийн үнэлгээг нь 130.000 төгрөг байна гэж заасан. Алтайн хойлог шувуу нь Монгол орны ховор амьтны жагсаалтанд багтсан байгаа юм ...“ гэх мэдүүлэг /хх-31х/,

Гэрч М.Мөнхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тус шувууны түүхий эдийг гэртээ хадгалж байсан талаар би мэдээгүй. Би гэр бүлтэй болоод тусдаа амьдарч байгаа. Миний бие болон гар, хүзүү, нүүрээр буюу наранд ил гардаг нимгэн арьсаар яр шархны харшил гардаг өвчтэй ...Ямар нэгэн галт зэвсэг ангийн буу огт байхгүй. Ан хийж байсан талаар нь би мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-38х/,

Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 7 дугаартай дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн шувууг нь лабораторийн цуглуулгын дээж материал болон бусад хэрэглэхүүнтэй харьцуулан Монгол оронд тархсан Тахиатан (Galliformes) багийн гургуулынхан (Phasianidae) овог, хойлогийн (Tetraoqallus) төрөл Алтайн хойлог (Tetraoqallus altaicus) гэх зүйл мөн болохыг тогтоов.

2. Шинжилгээнд ирүүлсэн шувууны дээжийг тус лабораторийн цуглуулгын сангийн эх хэрэглэхүүн бусад материалтай харьцуулан шинжилж тухайн шувуу эр хүйсийн бодгаль болохыг тогтоов.

3. Алтайн хойлог нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны “Ховор амьтны” жагсаалт батлах тухай 7 дугаар тогтоолоор “ховор” шувууны жагсаалтад, Монгол улсын Улаан номд (1997, 2013) “ховор” ангилалд бүртгэгдсэн байна.

4. Уг шувууг буудаж агнасан байна. Баруун хөлний сарвуу, шөрмөс, зүүн хөлний хонгоны мах болон ходоод, гэдсийг авсан байна.

5. Монгол улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль алтайн хойлогийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Амьтны тухай Монгол улсын хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно” гэжээ /хх-42х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-21х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-24х/,

Цахим эх сурвалжид үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-25-26х/,

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоол, хавсралт /хх-90, 93-95х/,  

Шүүгдэгч Н.Мы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.М нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 19б байрны 32 тоотод байрлах гэртээ тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан Алтайн хойлог шувууны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан Алтайн хойлог шувууны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль Алтайн хойлогийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч Н.Маас Төрийн сангийн 100900005406 тоот дансанд нийт 260.000 төгрөгийг хохирлын төлбөрт байршуулсныг гаргуулан хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн харъяа Байгаль орчны газарт олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 37 см урт, 12 см өргөн зүүн сарвуу тайрагдсан мухар байдалтай, баруун сарвууны урт 12 см Алтайн Хойлог шувууны түүхий эд Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг байгууллагад олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан Алтайн хойлог шувууны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нь Н.Маас Төрийн сангийн 100900005406 тоот дансанд нийт 260.000 төгрөгийг хохирлын төлбөрт байршуулсныг гаргуулан хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн харъяа Байгаль орчны газарт олгосугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж байгаа 37 см урт, 12 см өргөн зүүн сарвуу тайрагдсан мухар байдалтай, баруун сарвууны урт 12 см Алтайн Хойлог шувууны түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг байгууллагад олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН