Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01282

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  28  210/МА2023/01282

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/01610 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.*******, Г.******* нарт холбогдох

Г.*******ээс 26,000,000 төгрөг, Г.*******гоос 192,984,018 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, Д.Энхтунгалаг, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нарангарав, Г.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* нь Г.*******тэй 2016-2020 онуудад БНТУ-д хамтран амьдрахдаа өөрсдийн цалин, орлогоо хуримтлуулж, Г.*******ийн охин Г.*******д бараа явуулж, лангуу, карго ажиллуулдаг байсан. Б.*******, Г.******* нар нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад ирснээр каргоны ажил улам өргөжсөн бөгөөд хамтын хөдөлмөрийн үр шимээр олсон орлогоороо хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Г.*******гийн нэр дээр авч байсан.

1.2. Б.******* БНТУ-д ажиллаж олсон цалин орлогоо бараа авахаар хариуцагч нарын дансанд шилжүүлсэн боловч шилжүүлсэн мөнгөнд бараа авч өгөөгүй, мөнгийг нь ч буцаан өгөөгүй.

Иймээс хариуцагч Г.*******гоос 192,984,018 төгрөг, хариуцагч Г.*******ээс 26,000,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Г.******* нь Б.*******тэй хамтын амьдралтай байхаас өмнө буюу 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс БНТУ-д ажиллаж амьдарч байсан. Монгол Улсад ирсний дараа 2015-2017 онд Хан талст ХХК-ийн Баянзүрх худалдааны төвд бэлэн хувцас, турк барааны лангуу түрээслэн ажиллуулсан. Г.******* нь Тумбааш дэлгүүрийн 2 дугаар давхрын 41, 42 тоот лангууг түрээслэн ажиллуулсан ба 2015 оноос БНТУ-д бизнес хийхээр явж эхэлсэн.

2.2. Хариуцагч нар нь Б.*******гээс аливаа байдлаар хөрөнгө оруулалт, мөнгө авч байгаагүй. Г.******* нь 2013 оноос эхлэн БНТУ-д ажиллаж амьдардаг хүргэн ах Д.Ганзориг, төрсөн эгч Г.Орхон нарын гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаанд тусалж, ашиг орлого олох зорилгоор хүмүүсийн ачаа бараа, тээшийг Монгол, Турк улс хооронд явуулах байдлаар ажиллаж эхэлсэн.

Тухайн үед Г.*******ийн авсан зээлийн төлөлт тасалдсан, харилцах дансны нэг өдрийн лимит 20,000,000 төгрөг байсан тул орлого, зарлага гаргахад хязгаарлагдмал нөхцөл үүсэж Б.*******д Хаан банк ХХК-ийн 100 айлын салбарт 5429653673 тоот дансыг нээлгэж байсан. Каргоны үйл ажиллагааны дагуу Монгол, Турк хоёр улсын хооронд хүмүүсийн ачаа бараа илгээсэн төлбөрийг Б.*******гийн дансаар авч, Б.******* нь Г.*******, Г.******* нарт шилжүүлж байсан. Уг гүйлгээний утга нь ачаа, бараа, орлого хэлбэрээр шилжигдэж байснаар нотлогдох ба Б.******* нь ямар мөнгө дансаар нь орж гарч байгааг мэдэж байсан атлаа шилжүүлсэн бүх мөнгийг авахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Б.******* нь өөрийн олсон орлогыг бусдад шилжүүлж байсан гэдгээ нотолсон нотлох баримт байхгүй, хамтын амьдралтай байсан учраас Г.*******ээс дээрх мөнгийг нэхэж байгаа бол Г.*******гоос ямар үндэслэлээр мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, бизнес эрхэлж дээрх мөнгийг олсон гэвэл ямар бизнес эрхэлж байсан, хэдэн төгрөгийн ашиг олсон гэж үзэж өөрт ногдох хэсгээ хэрхэн гаргуулах талаар огт дурдаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний ямар харилцаа үүссэнийг тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.*******ээс 26,000,000 төгрөг, Г.*******гоос 192,984,018 төгрөг гаргуулах тухай Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

4.1. Б.*******, Г.******* нар нь хамт амьдарч, хөдөлмөрлөж, олсон орлогоо бараа материал болгон Г.*******д явуулан борлуулж, эргэлтийн хөрөнгөө өсгөж, үйл ажиллагаагаа тэлэн наймаачдаас бараа материалыг нь авч каргогоор явуулж, хамтын хөдөлмөр улам өргөжсөн. Гэтэл Г.******* анхнаасаа бий болсон мэт худал зүйл ярьсан. БНТУ-д Б.*******, Г.******* нар бусдын ачааг онгоцны тарифаас багаар авч ачуулснаар анхны хувь карго ажиллуулах үндэс тавигдсан юм. Тэд 2020 оны 05 дугаар сард Монгол Улсад ирэхдээ БНТУ-д явуулж байсан каргоны үйл ажиллагаагаа Г.*******ийн төрсөн эгч Г.Орхон, хүргэн ах Д.Ганзориг нарт үлдээгээд ирсэн.

4.2. Б.*******, Г.******* нар дансгүй байсан тул Монгол Улсад ирэх хүртлээ Г.*******гоос бараа борлуулсан орлогыг Д.Ганзоригийн дансаар хүлээн авч, бараа авч буцааж Монгол Улс руу явуулж, лангуугаа ажиллуулдаг байсан. Тэд каргоны үйл ажиллагааг хамтарч эрхэлж байсан нь Хаан банк ХХК дахь хариуцагч Г.*******гийн 5035319963 дансны хуулганы гүйлгээний утгаас ойлгогдоно.

Шүүхийн шийдвэрт Хариуцагч Г.*******гийн данснаас нэхэмжлэгч Б.*******д 21 удаагийн гүйлгээгээр 39,680,172 төгрөг, харин нэхэмжлэгч Б.*******гээс 39 удаагийн гүйлгээгээр 192,984,018 төгрөгийг Г.*******гийн дансанд шилжүүлсэн байна гэсэн нь хамтын хөдөлмөр, хамтын бизнесийн орлого буюу бараа материалын каргоны төлбөрийг үйл ажиллагаа явуулж буй Б.*******, Г.******* нарын дансаар гүйлгээг хийдгийг нотолно. Харин хариуцагч Г.******* дансаар үйл ажиллагаанд оролцдоггүй байсан ба 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.*******г харвасны дараагаар Хаан банк ХХК-ийн 5926339875 тоот дансыг ашигласан.

4.3. Б.******* Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5429653673 тоот харилцах данснаасаа БНТУ-д ажиллаж олсон цалин орлогоо Г.*******д 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 26,000,000 төгрөг, Г.*******д 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 192,984,018 төгрөг бараа авахаар шилжүүлсэн боловч шилжүүлсэн мөнгөнд бараа авч өгөөгүй, мөнгийг нь ч буцаан өгөөгүй. Иймээс хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Эдгээр мөнгийг орлого, тээвэр, төлбөр, барааны үнэ, Ганаа ахад, гутлын үнэ, Оюунаа, Бааска, газрын ачаа, Оюунаагаас, ор хөнжил даавуу, Оюунаагаас орлого, Ганаа ахад Бааска, орлого Бааска, карго Ариунаа гэх мэт гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

4.4. Анх нэхэмжлэгч Б.******* нь хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, өөрт оногдох хэсгээ авах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад хариуцагч Г.******* нь удаа дараа чи хүлээж бай, 1 өрөө байр одоохон зохицуулах гэж байна, хуучин байр авч өгөхөөр чамд хэцүү юм, нэгэнт чамд авч өгөх гэж байгаа юм чинь шинэ байр авч өгье гэх саналыг Б.*******д мессежээр явуулж байсан. Г.******* байр авч өгөхөө илэрхийлснээр Б.*******гээс мөнгө авсан нь нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол шаардсан хөрөнгө нь өөрийнх нь байх ёстой. Гэвч нэхэмжлэгч 2016-2021 оны хугацаанд хамтын хөдөлмөр байсан гэж тайлбарладаг боловч Б.******* каргоны үйл ажиллагааг хувь хүний нэр дээр явуулахын тулд 2020 онд банкинд данс нээлгэсэн. Хариуцагч тал анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.******* ямар хөрөнгө оруулалт буюу ямар үл хөдлөх эд хөрөнгө, хадгаламжаар хөрөнгө оруулалт оруулсныг тодруулахад энэ талаар баримтаар нотлоогүй.

5.2. Хариуцагч нарыг Д.Ганзоригтой хамтран ажиллаж байсан талаар шүүх дүгнэсэн. Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал тухайн каргоны ажлыг Д.Ганзоригт үлдээсэн гэж буруу тайлбарлаж байна. БНТУ-д хуулийн этгээд каргоны үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд Д.Ганзориг хуулийн этгээд байгуулж, карго ажиллуулсан, Б.*******, Г.*******, Г.******* нар каргоны үйл ажиллагаанд тусалж байсан.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.*******гийн дансанд орсон мөнгийг карго, ачаа, бараатай холбоотой болохыг зөв дүгнэсэн. Хариуцагч талаас эдгээр мөнгөний зарцуулалтын талаар дэлгэрэнгүй байдлаар хүснэгт гарган шүүхэд өгсөн. Б.*******, Г.******* нар карго ажиллуулаагүй, Б.*******, Г.*******, Г.******* нар Д.Ганзоригийн каргоны мөнгийг дансаараа хүлээн авч, энд бараагаа хүлээлгэж өгөөд Д.Ганзориг руу буцаагаад шилжүүлдэг байсан бөгөөд Д.Ганзоригт ажиллаж байсан ажилтнууд юм.

5.4. Мөн бий болсон хөрөнгийн тухайд, тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг зээлээр худалдан авсан бөгөөд зээлийн төлбөрийг Б.******* төлж байгаагүй, өнөөдрийн байдлаар зээл төлөгдөж дуусаагүй. Хэрэгт Г.*******, Г.******* нар олон жилийн өмнөөс гадаад улс руу зорчсон хилээр орсон, гарсан лавлагаа, дэлгүүр, лангуу ажиллуулж байсан тодорхойлолт, орон сууцны тодорхойлолт зэргийг гарган өгсөн. Г.******* ямар ч хөрөнгөгүй байж байгаад каргоны үйл ажиллагаанаас хөрөнгөтэй болсон гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******гоос 192,984,018 төгрөг, хариуцагч Г.*******ээс 26,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Г.*******тэй 2016-2020 онуудад БНТУ-д хамтран амьдрахдаа цалин, орлогоо хуримтлуулж, Г.*******ийн охин Г.*******д бараа явуулж, лангуу, карго ажиллуулдаг байсан. Б.*******, Г.******* нар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад ирснээр каргоны үйл ажиллагааг улам өргөжүүлж, хамтын хөдөлмөрийн үр шим, орлогоор хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бий болсныг Г.*******гийн нэр дээр авсан. Б.******* нь Г.*******д 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 26,000,000 төгрөг, Г.*******д 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 192,984,018 төгрөг тус тус бараа авахаар шилжүүлсэн боловч шилжүүлсэн мөнгөнд бараа авч өгөөгүй, мөнгийг буцаан өгөөгүй, хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.*******д 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 26,000,000 төгрөг, хариуцагч Г.*******д 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 192,984,018 төгрөг тус тус шилжүүлснийг буцаан шаардсан.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.*******тэй хамтран амьдарч, хамтран хөдөлмөрлөсний үр шим, орлогоор хөрөнгө бий болсон гэж тайлбарласан байна.

 

3.2. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл бөгөөд түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж буй байдал юм. Харин шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо уялдаагүй, нэхэмжлэл тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн байх ба ийнхүү шаардлага өөрчлөгдөхөд үндэслэл мөн адил өөрчлөгдөх нөхцөл байдал үүснэ.

Нэхэмжлэгчийн сүүлийн байдлаар тодорхойлж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч нарын дансанд тодорхой цаг хугацаанд, тодорхой зориулалттай шилжигдсэн дээрх төлбөрүүдийг буцаан шаардсан үндэслэлээ өмнөх шаардлагын үндэслэлүүдтэй уялдуулсан нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгааг зохигчоос тодруулах ажиллагааг хийгээгүй тул зохигчдыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/01610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА