| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0892/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
Хохирогч Ж.Чулуунбат, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Нлд холбогдох эрүүгийн 1811005880883 дугаартай хэргийг 2018 оны 12 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х овогт Э.Н, Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 11-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................../.
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Юнивишн-ний 137.5.218.131 дугаартай “IP” хаягаас буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 11-2 тоотоос хохирогч Ж.Чулуунбатын [email protected] хаягт хууль бусаар халдаж, мэдээлэл өөрчилж, www.kontas.mn домэйн хаягийг эзэмших эрхийг batdorjjambaa@ gmail.com хаягт шилжүүлэн авч хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ж.Чулуунбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би цагны дэлгүүр ажиллуулдаг. Валентин, Цагаан сар зэрэг баярын үеэр орлого ихээр нэмэгддэг. Харин энэ үеэр манай домайн сайт хаагдсан. Хаагдсан шалтгааныг тодруулахад 99222076 утсаар миний домайн, и-мэйл хаягийг нууцаар, хууль бусаар авчихсан байсан. Насанжаргалын утас руу залгаад хаягаа буцааж авах талаар ярьтал чадахгүй, битгий хуц гэж хэлж байсан. Насанжаргал адил бизнес эрхэлдэг “Тайм Шоп” дэлгүүрт ажилладаг учир манай компанийн орлогыг бууруулах зэрэгт сөргөөр нөлөөлөхөөр ийм зүйл хийсэн гэж бодож байна. Насанжаргал нь одоо “Тайм Шоп” дэлгүүрт ажиллаж байгаа. Хохирол гаргахдаа өөрийн дэлгүүрийн 1 жилийн борлуулалт энэ оны 10 дугаар сарын 1-ний байдлаар хэд болсон байгаа талаар дансны лавлагааг гаргаж өгсөн. Өмнө жил манай дэлгүүр 86.000.000 төгрөгийн борлуулалт хийсэн. Харин дараа онд борлуулалт 10 хувиар буурсан гэж үзэж байна” гэв.
Хохирогч Ж.Чулуунбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би энэ хүнийг бол танихгүй ээ. Би энэ хүнтэй урьд уулзаж байгаагүй. Хэргийг шалгах явцад байцаагчийн надад хэлж байсныг өөрийнхөөрөө ойлгоход манай Контас цагны дэлгүүрийн өрсөлдөгч байгууллага болох Тайм шоп цагны дэлгүүрийн худалдагч Насанжаргал гэж хүн байна лээ. Тийм учраас би энийг Тайд шоп-н эзэдтэй холбоотой хэрэг болов уу гэж бодсон. Цаашдаа миний хохирол болон бодит байдлыг тодорхой шалгаж өгнө үү, гомдолтой байна. 2016 оноос хойш бүх телевизийн сурталчилгааг хааш сошиал ертөнцөөр олон нийтэд хүргэхээр шийдээд энэ сайтыг нээсэн юм. Борлуулалтын хувьд сард 5-10 сая төгрөгний хооронд борлуулалт хийдэг, жилд хамгийн гол оргил үе байдаг энэ үед 20-30 сая төгрөгний борлуулалт хийдэг тэр үед манай ажиллуулж байгаа бүх сошиал мэдээ болон интернет худалдааг зогсоож худалдан борлуулалтын доголдол үүсгэсэн. [email protected] гэсэн цахим шуудангаас өөр цахим шуудан ашигладаггүй юм. Энэ цахим шуудангийн нууц үгийг алдаад өөр хаяг нээсэн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-69, 90-91х/,
Гэрч С.Дарьбазар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...одоогоос жил хагасын өмнө буюу 2017 оны 05, 06 дугаар сар хавьцаа 3 сая гаран төгрөгөөр хийж өгч байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-95х/,
Ж.Чулуунбатаас Эрүүгийн цагдаагийн газарт гаргасан гомдол, хавсаргасан баримт /хх-22-29х/,
Мобиком корпораци ХХК-ний 18/1368 тоот албан бичиг /хх-47-48х/,
Датаком ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 18/30 тоот албан бичиг /хх-51-52х/,
Юнивишн ХХК-ний 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 18-06 тоот албан бичиг /хх-54-55х/,
Датаком ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 18/49 тоот албан бичиг /хх-70-71х/,
Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, зурган үзүүлэлт /хх-72-73х/,
Эрүүгийн мөрдөгчийн прокурорын даалгаврын биелэлтийн танилцуулга №79 /хх-104-106х/,
Датаком ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/61 тоот албан бичиг /хх-136-137х/,
Шүүгдэгч Э.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-128х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-122х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-108х/, дипломын хуулбар /хх-110-111х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-112-121х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Юнивишн-ний 137.5.218.131 дугаартай “IP” хаягаас буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 11-2 тоотоос хохирогч Ж.Чулуунбатын [email protected] хаягт хууль бусаар халдаж, мэдээлэл өөрчилж, www.kontas.mn домэйн хаягийг эзэмших эрхийг batdorjjambaa@ gmail.com хаягт шилжүүлэн авч хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.Чулуунбатын өгсөн: “Би цагны дэлгүүр ажиллуулдаг. Валентин, Цагаан сар зэрэг баярын үеэр орлого ихээр нэмэгддэг. Харин энэ үеэр манай домайн сайт хаагдсан. Хаагдсан шалтгааныг тодруулахад 99222076 утсаар миний домайн, и-мэйл хаягийг нууцаар, хууль бусаар авчихсан байсан. Насанжаргалын утас руу залгаад хаягаа буцааж авах талаар ярьтал чадахгүй, битгий хуц гэж хэлж байсан. Насанжаргал адил бизнес эрхэлдэг “Тайм Шоп” дэлгүүрт ажилладаг учир манай компанийн орлогыг бууруулах зэрэгт сөргөөр нөлөөлөхөөр ийм зүйл хийсэн гэж бодож байна. Насанжаргал нь одоо “Тайм Шоп” дэлгүүрт ажиллаж байгаа. Хохирол гаргахдаа өөрийн дэлгүүрийн 1 жилийн борлуулалт энэ оны 10 дугаар сарын 1-ний байдлаар хэд болсон байгаа талаар дансны лавлагааг гаргаж өгсөн. Өмнө жил манай дэлгүүр 86.000.000 төгрөгийн борлуулалт хийсэн. Харин дараа онд борлуулалт 10 хувиар буурсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг,
гэрч С.Дарьбазарын өгсөн: “...одоогоос жил хагасын өмнө буюу 2017 оны 05, 06 дугаар сар хавьцаа 3 сая гаран төгрөгөөр хийж өгч байсан юм ...” /хх-95х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Ж.Чулуунбатаас Эрүүгийн цагдаагийн газарт гаргасан гомдол, хавсаргасан баримт /хх-22-29х/, Мобиком корпораци ХХК-ний 18/1368 тоот албан бичиг /хх-47-48х/, Датаком ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 18/30 тоот албан бичиг /хх-51-52х/, Юнивишн ХХК-ний 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 18-06 тоот албан бичиг /хх-54-55х/, Датаком ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 18/49 тоот албан бичиг /хх-70-71х/, Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, зурган үзүүлэлт /хх-72-73х/, Эрүүгийн мөрдөгчийн прокурорын даалгаврын биелэлтийн танилцуулга №79 /хх-104-106х/, Датаком ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/61 тоот албан бичиг /хх-136-137х/, Шүүгдэгч Э.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-128х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-122х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-108х/, дипломын хуулбар /хх-110-111х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-112-121х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Ж.Чулуунбатын [email protected] хаягт хууль бусаар халдаж, мэдээлэл өөрчилж, www.kontas.mn домэйн хаягийг эзэмших эрхийг batdorjjambaa@ gmail.com хаягт шилжүүлэн авч хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Э.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Ж.Чулуунбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх ба гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч Ж.Чулуунбатын [email protected] хаягт хууль бусаар халдаж, мэдээлэл өөрчилж, www.kontas.mn домэйн хаягийг эзэмших эрхийг batdorjjambaa@ gmail.com хаягт шилжүүлэн авч хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хохирогч Ж.Чулуунбат нь өөрт учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН