Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

            улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч, хохирогч Б.Н, З.П/шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан З.Плд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811026701148 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт З.П, 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 35-0598 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

- урьд: 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 252 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/...................../,

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Б.Н, 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 6-155 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, РД:/........................../,

Шүүгдэгч З.Пнь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

        Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.П, З.Энхжаргалнарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч, хохирогч З.Пшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

З.Пын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  "...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед аавынхаа гэрт сууж байтал манай ахын хүүхэд Тэмүүлэн 72 дугаар сургуулийн гадаа Sсhool police хийж байсан бөгөөд манай эмэгтэй дүү Энхжаргал руу хэдэн хүүхэд дээрэлхээд байна хүрээд ир гэхээр нь би дүү Энхжаргал, Пүрэв-Очир нарын хамт 72 дугаар сургуулийн хажууд байдаг хуучин гүний худгийн тэнд очсон. Тэгээд манай дүү Энхжаргал очоод тэнд зогсож байсан залуучуудаас яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гээд асуутал яадгийн гээд хариулсан. Тэгэхээр нь би бууж очоод та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гээд асуусан намайг мөргөсөн залуу яадгийн гэсэн тэгээд намайг шууд миний зүүн нүд рүү мөргөсөн. Тэгэхээр нь эргүүлээд зүүн нүд рүү гараараа цохисон. ...намайг цохидог залуу шар цамцтай залуутай нийлээд намайг зам дээр унагаагаад 2-3 өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-21-24х/,

Хохирогч З.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай дүү Тэмүүлэн 72 дугаар сургууль дээр Sсhool police эргүүлээр ажилласан бөгөөд хэдэн хүүхдүүд дээрэлхээд байна гээд хэлэхээр нь би ах Пүрэвжаргал Пүрэв-Очир нарын хамт 72 дугаар сургуулийн баруун талын гүний худгийн тэнд очоод яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гээд асуусан чинь чамд хамаагүй гичий минь гэж манай ах Пүрэвжаргалын нүүр лүү мөргөсөн залуу хэлсэн чинь манай ах Пүрэвжаргал бууж ирээд юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь манай ахын нүүр рүү нэг удаа тэр залуу мөргөсөн. Би машиныхаа хажууд байсан болохоор тухайн үед яг хэн хэнийгээ зодоод байгааг сайн мэдээгүй. Цагдаа дуудахад ачаалал ихтэй байна хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэр зодоон хийсэн залуугийн ээж нь ирээд миний хүзүү хэсэгт харин тэр залуугийн эгч нь юм уу эсвэл нэг эмэгтэй ирээд миний баруун шанаа орчимд нэг удаа цохисон. Тэр манай ахыг цохисон залуу миний баруун хацар хэсэгт нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-27-31х/,

Б.Нын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17.30 цагийн үед би Сэргэлэнбаатар гэдэг найзтайгаа Жаргалантын 6 дугаар гудамжны үзүүрт зогсож байсан бөгөөд удалгүй саарал өнгийн 64-84 УБХ улсын дугаартай автомашин ирж зогсоод дотроос нь 4 залуу бууж ирсэн машиныг нь нэг эмэгтэй хүн жолоодож байсан. Тэр машин жолоодож байсан эмэгтэй эд нар чамайг зодсон залуучууд мөн биз дээ гээд нөгөө эрэгтэй хүмүүсээсээ асуухад хар хувцастай Үндэсний биеийн тамирын дээд сургууль гэсэн бичигтэй цамцтай залуу нь мөн гэж хэлсэн. Тэгсэн чинь миний нүд рүү нь мөргөдөг ах миний зүүн нүд рүү нэг удаа цохиулахад шууд газар ус зайлуулах суваг руу унасан бөгөөд ах миний толгой руу цохиод шүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуучуудын нэг нь энэ залуучууд ' биш байна гэж хэлсэн болохоор нөгөө 4 залуу нэг эмэгтэйгийн хамт явах гэж байсан. Машин барьж байсан эмэгтэй намайг 7-8 удаа алгадаад тэгэхээр нь би цагдаа дуудсан болохоор цагдаа дээр очоод учраа олъё гээд маргалдсан. Миний нүд рүү нь мөргөдөг залуу машинаасаа бууж ирээд манай Сэргэлэнбаатар руу дайрч байснаа над руу дайраад намайг зам руу хөөгөөд би замд тулаад зогссон чинь намайг барьж аваад цементэн дээр унагаагаад нуруугаар чирсэн. Тэгээд би ээж ах хоёр луугаа залгаад дуудсан..." гэх мэдүүлэг /хх-34-37х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11384 тоот дүгнэлтэнд:

"1. З.Пүрэвжаргалын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.6 Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх-60х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11383  тоот дүгнэлтэнд:

“1. З.Энхжаргалын биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-63х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11391 тоот дүгнэлтэнд:

“1. Б.Нын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт баруун доод үүдэн 1-р шүдний сулрал, зүүн дал, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх- 66х/,

Гэрч Г.Сэргэлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...уулзаад зогсож байтал саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай хүмүүс ирээд нэг эгч, нэг ах хоёр бууж ирээд Ням-Очирын зүүн нүд рүү нь цохичихсон чинь Б.Н тэр ахыг эргүүлээд нэг удаа мөргөсөн. Тэгсэн чинь тэр ах Ням-Очирыг түлхээд жалга руу хамтдаа уначихсан юм. Тэгээд би тэр хоёрыг зууралдаад байж байхад нь салгасан юм. Тэр машиныг жолоодож явсан эмэгтэй хүрч ирээд намайг нэг удаа алгадсан тэгэхээр нь би тэр эмэгтэйг цааш нь түлхсэн чинь тэр Ням-Очиртой зодолдсон ах намайг зодох гээд хөөгөөд байхаар нь би зугатаад замын хажууд очоод зогссон. Тэгээд буцаад машиных нь тэнд очиход нөгөө ах чинь дахиад намайг хөөгөөд байсан. Анх машинтайирсэн нөгөө нүдээ цохиулдаг ах болон хамт ирсэн ах нь хүн андуурсан талаар яриад уучлалт гуйчихаад ахын дүү зодолдож чаддаггүй юм байна гэж хэлээд нэг удаа мангасдсан юм тэгсэн чинь тэр нүдээ цохиулдаг ах машинаасаа бууж ирээд ням-Очирыг хөөгөөд зам руу очсон. Ням-Очир болон тэр ах 2 цементэн дээр унаад зууралдаад байсан тухайн үед тэр нүдээ цохиулдаг ахын дүү нь болох цэнхэр цамцтай ах салгахгүй хараад зогсоод байсан..." гэх мэдүүлэг /хх-42-43х/,

Гэрч Ж.Түмэннасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...машинаас нэг хөгшин ах бууж ирээд Ням-Очирын зүүн нүд рүү цохичихсон чинь Ням-Очир тэр ахыг эргүүлээд нэг удаа мөргөсөн..." гэх мэдүүлэг /хх-44-45х/,

Гэрч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Тэр эмэгтэй хөл нь өвдсөн гэсэн мөртлөө нэг хөл дээрээ доглоод тэнд байсан Ням-Очирын найзууд болон Ням-Очирыг цохиод алгадаад байсан.." гэх мэдүүлэг /хх-49-50х/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...З.Пүрэвжаргалын биед учирсан зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зулайн хуйх, баруун авдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтэл тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх мэдүүлэг /хх-61х/,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...1 удаагийн алгадах үед үүсэх боломжгүй бөгөөд харин 1 удаагийн цохих үед үүсэх боломжтой.." гэх мэдүүлэг /хх-64х/,

Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Нын биед учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, баруун доод үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт харин зүүн дал, бүсэлхийд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно..." гэх мэдүүлэг /хх-67х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Пнь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Пүрэвжаргал, З.Энхжаргал нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.Пүрэвжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Ныг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Пүрэвжаргалд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт З.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

Б овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Пыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.П, Б.Н нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2019 оны 2 дугаар сарын 27-ны дотор төлөхийг тус тус даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.П, Б.Н нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.П, Б.Н нарт хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгчид, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ё.ЦОГТЗАНДАН